Өнөөдөр Венад суух Элчин сайдын яаманд очиж бичиг баримт өглөө. Машинтай хоёр цаг гаруй давхиад л төрийн далбаа намирах тэр байшин харагдахад зүрхэнд минь тал дунд торойх бор гэр шиг минь л дотно харагдсан.

Тэгээд л эх орноо санасан Монгол хүн ороод ирж байхад нээх гоё инээмсэглээд л бүрэн бүтэн сайхан мэндчилж болдоггүй юм байх даа. Гэхдээ тэд нар муухай ааштай байгаагүйээ, би муулж шүүмжлэх гэсэн дээ биш, зүгээр л элчин гэдэг чинь гадаадад байгаа бидний алгын чинээ эх орон нь шүү дээ.

Хэн хүнгүй санаа аваасай гэж бичлээ. Би өмнө нь Чехийн Монголчуудынхаа өгсөн еэвэнгээс хоёрыг боож бариад өдөр цайтай идэг, баярлах байх гээд материал авч байгаа хүүхэнд өглөө, нээх баярлаад байгаа царай алга, би ч элдэв юм яриад л байлаа, ганцаараа хэсэг ярьсанаа гэнэт ухаараад дуугүй болсон. Тэр хооронд элчингийн хоёр ажилтан орж ирж харагдсан, толгой дохих төдий мэндэлсэн үү үгүй юу бараг мэдэгдсэнгүй.

Төрийн ажилтангуудыг хүмүүстэй хамаагүй ярьж, инээж ханиаж болохгүй гээд цаанаас нь тэгдэг юм болов уу? Миний бодлоор нээх сайхан инээмсэглээд, хөөрхөн яриа хөөрөөтэй, найрсаг байх чинь хачин амархан, тэгээд дээр нь үнэ төлбөргүй эд шүү дээ!

Инээмсэглэх тийм хэцүү гэж үү? Европынхнийг худлаа инээмсэглэдэг гээд манайхан шүүмжилдэг, худлаа инээхгүй, үнэнгээсээ байгаа нь гээд ууралсан юм уу, уйтгар зарлачихсан юм шиг байх ч тийм сайхан биш гэдгийг ядаж гадаадад амьдарч байгаа нь мэддэг болмоор юмаа. Наад зах нь За сайн байна уу? …та хаанаас ирж байгаан? Замдаа саадгүй яваад ирэв үү?, амархан олов уу? Өнөөдөр ч сайхан дулаарах төлөвтэй …гэх мэт бэлэг дэмбэрэлтэй үг хэл солилцоод нэрээ хэлээд, гар бариад тэгээд ажлаа хийж болмоор санагдаад байгаа юм...?

Би юу гэж бодсон гэхээр, өлсөж цангасандаа биш л дээ, Монголоос сайхан хаан, хатан цай халуун устай, жоохон ааруултай таваг хүлээлгийн танхимд тавиад сайхан инээмсэглээд сууж байхад ер нь их мөнгө орохгүй дээ, тэгэхэд зориод очсон бид чинь Монголдоо 10 минут болтугай очоод ирэх шиг л болох байх даа. Тэглээ гээд л тэнд халуун цай хөлсөө гоожуулаад уугаад суух хүн байхгүй л дээ. Зүгээр нэг тийм анхаарал, зочломтгой Монгол ёс тэнд харагдаж баймаар...?

Тэгвэл уг нь сайхан санагдана. Нэг тийм дулаахан зочломтгой найрсаг орчин... Монголчуудыгаа тоодоггүй юм байлгүй гэхэд эрхбиш гадаадынхан виз хөөцөлдөөд очиход Монгол гэдэг орны хамгийн анхны нүүр царай, тэр улсын тухай анхны сэтгэгдэл болж байгаа хүмүүс ийм гашуудалтай царайтай байдаггүй байхаа гэж найдая! …

Австрын албан хаагч нар бичиг баримт хөөцөлдөөд явж байгаа намайг ороход ширээнийнхээ араас босож гар бариад нэрээ хэлээд ЗААВАЛ ИНЭЭМСЭГЛЭДЭГ шүү. Би энэ улсад 14 жил амьдарч байгаа эндхийн хэв маягт дасчихаж дээ. Бид гадаадад амьдраад л байна, наад захын гадны соёлоос авахыг авч, сурахыг нь сурч, өөрийн үндэсний онцлог, уламжлалт мэндлэх хүндлэх ёс заншлаа ядаж алдахгүй хадгалж явмаар санагддаг. Монгол хүн бие биенээ хүндлэхгүй бол биднийг хэн хүндлэх билээ дээ? Бүгдээрээ зүгээр л гоё байцгаая л даа! Амьдрал богинохон шүү дээ…


Эх сурвалж: Gingi Chimgee /Австри улсын Вена хот/