За энэ Батзоригийн таргалсан, нөгөө муу Цогзолмаагийнх нь турсан хоёртой ярих юм биш. Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн гэх энэ нөхөр ямартай ч хэдэн хүүхдийн маань ерөөсөө бидний баяр 9 сарын 1-нийг хөөрхөн баллаад, хэдэн сургуулийн багш нараар даажин хийгээд амжлаа.

Авдар хоосон байхад л алаг чихэр нэхээд, дөрвөн мөчөө тийчлээд унаад байдаг эрхийн балай хүүхэд шиг л юм болж байна. Засгийн газар цалинг бас ч гэж орох гарах мөнгө төгрөгөө тооцон байж чадах ядахаараа найман хувиар нэмсэн санаатай. Багш нарын цалин 30-75 мянган төгрөгөөр өссөн. Цаашдаа ч нэмэх бодлого баримталж байгаа. Тэгсэн болдоггүй дээ. Болзоотын бор толгой дээр Батзориг шал өөр юм ярьдаг, болзооноосоо хариад дахиад хувирдаг гэж байгаа. Балгаар нь баахан хүүхэд нулимстай харьж, багш сургууль хоёрыг том хар цоожны цаана суудаг хадны мангаа гээд ойлгочихож. Ядаж байхад нөгөө Цогзолмаа нь найраанд ордоггүй, тендэрт бүдэрдэггүй. Яамныхаа хамаг төслийг Нийслэлийн засаг дарга, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, аймаг орон нутгийн удирдлагуудад нь тараагаад өгчихсөн юмсанж. Хуучин сайд нарын жишгээр бол өвөртөө бөндийтөл дарж байгаад, өөрийнхөө хүмүүст л хаалгадаад халааслуулчих ёстой юм байх. Олон байгууллага хамтарч хүч гаргасных энэ онд нийт 33 цэцэрлэг, 16 сургууль ашиглалтанд орж буй юм билээ. За тэгээд 75 мянган багш цалингийн өсөлтөнд хамрагдсан аж. Тэгсэн юу болов, Батзориг болон түүний нөхдөд таалагдсангүй. Баянгол, Баянзүрх гээд хамгийн их улстөрждөг, АН-ынхан удирдлагыг нь атгачихсан дүүргүүдийн сургуулиуд хичээл хаяж байна гээд сургуулиа цоожлоод сураггүй болов. Хуулиндаа дүүргийн Засаг дарга нар сургууль цэцэрлэгийн захирлуудыг томилдог, буулгадаг юм чинь "Ажилтайгаа үлдмээр байвал сургуулиа цоожлоод гэртээ харь" гэж ганц зангаад л болчихдог юм байгаа биз дээ. Улстөржиж болно оо.

Засгийн газраа авч шидээд, замын шороо хамж бужигнуулаад, төртэй төргүй, эзэнтэй эзэнгүй гүйсэн 30 жилийн "ардчилсан" түүх бидэнд бий. Хэдэн хүүхдийн маань 9 сарын 1-нийг ерөөсөө бидний гамшиг болгох ямар хэрэг байна аа? Хаваржин, зунжин, намаржин хичээл хаях, хаяхгүйн дунд айж гүйсээр өнөө муу Цогзолмаагийнх нь турсан, айлгаж давхисаар энэ Батзоригийн гүзээлсэн хоёр яг тэнцээд, боловсролын салбар босох биш бүүр мөлхөв.

Р.Эмүжин