Цөөн тооны iPhone 8 ухаалаг гар утсанд үйлдвэрлэлийн явцтай холбоотой эвдрэл согог байсныг "Apple" корпораци илрүүлсэн бөгөөд согогийг үнэ төлбөргүй засч өгнө гэдгээ мэдэгдлээ. Энэ тухай тус компанийн цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.    

Уг үйлдвэрлэлийн согог 2017 оны 9 дүгээр сараас энэ оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд Австрали, Энэтхэг, Хятад, АНУ, Шинэ Зеланд, Японд борлуулсан дээрх загварын ухаалаг утсанд байсныг илрүүлсэн аж. “Дефект”-тэй гар утасны дэлгэцэнд хүрэхэд ажиллахгүй байх, асахгүй байх, гэнэт унтрах зэрэг доголдлууд гарчээ.

"Аpple" компанийн зүгээс гар утас эзэмшигчдэд хандан “утасныхаа серийн дугаарыг цахим хуудсанд тавьснаар гэмтэлтэй эсэхийг нь шалгах”-ыг санал болгожээ. iPhone 8-ыг анх борлуулж эхэлснээс хойших 3 жилийн хугацаанд үргэлжлэх үйлдвэрлэлийн согогийг үнэ төлбөргүй засах үйлчилгээ нь iPhone 8 Plus зэрэг бусад загварын гар утсанд хамаарахгүй аж. Дээр дурдсан үйлдвэрлэлийн согогтой холбоогүй аливаа эвдрэлийг засахгүй гэдгээ компанийн удирдлага мэдэгдсэн байна.

1976 онд байгуулагдсан “Apple” корпорацийн төв байр нь АНУ-ын Калифорни муж улсын Купертино хотод байдаг бөгөөд тус компанийн зах зээлийн хөрөнгөжилтийн үнэлгээ нь 900 орчим тэрбум долларт хүрчээ.

 

Б.Адъяахүү

Эх сурвалж: Монцамэ агентлаг