Сар шинийн баяраар төрийн гурван өндөрлөгийн нэгэн зураг олон нийтийн сүлжээгээр тархсан. Тодруулбал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд нарыг тавгийн идээний араас малгай дух төдийхөн нь цухуйсан дээрх гэрэл зураг билээ.

Биеийнх нь намханыг ёгтолж “төрийн гурван намхан” хэмээн зарим сайтад нийтлэгдсэн энэхүү зурагны талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг тайлбар хийснийг "Мобайль Ньюс" буландаа онцольё.

Тэрбээр "Тэр зургийг чинь фотошопдсон гэнэ. Манай З.Энхболд дарга тиймэрхүү зүйлд их гярхай хүн байхгүй юу. Би бол анзаараагүй. Оригналь эх хувь нь  бол биш. Зориудаар л бид хэдийг тэгчихсэн байна лээ" гэсэн юм.

Ямартай ч энэ жилийн хувьд төрийн гурван өндөрлөг өөрчлөгдөөгүй ч ёслолын өргөөнд орсон гэрэл зурагчдын нүд өөрчлөгдсөн бололтой.

Д.Ана