Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нийтийн орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтуудыг явуулж байна. 

Мөн стандарт эрүүл ахуйн шаардлага хангахгүй согтууруулах ундаагаар үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй болон түүгээр үйлчилдэг газруудад аттестатчилал явуулах зорилгоор Нийслэлийн цагдаагийн газартай хамтарсан төлөвлөгөөт бус шөнийн шалгалт хийлээ.

Тус шалгалтуудаар Орон сууцны тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Эрүүл ахуйн тухай, Зөрчлийн тухай хуулиуд болон холбогдох дүрэм журам, стандартыг зөрчсөн нийт 123 газруудын тусгай зөвшөөрөл болон үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах гэрээг цуцлуулах нэрсийн жагсаалтыг Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албанд хүргүүлсэн байна.

Нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж буй хоол, үйлчилгээний газрын талаарх санал хүсэлтээ 7012-8012 дугаарт болон ЗШШТХ 6.2-т заасны дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт өөрийн биеэр мэдээлэх боломжтой.