Энэ сарын 06-ны өдөр хоёр настай эрэгтэй хүүхдийг Чингэлтэй дүүргийн 2-р хороо буюу Теди төвийн орчмоос хулгайлагдлаа гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Энэ мэдээллийн дагуу хүүг эрэн хайх ажиллагаа орон даяар эхэлсэн.  Хүүг маргааш нь буюу 2018 оны 09-рс арын 07-ны өдөр Эрдэнэт хотоос ил харагдах шарх гэмтэлгүй олсон байна. Хүүг хамгаалах байранд байлгаж байгаад эцэг эхэд нь хүлээлгэж өгчээ.
Тэгвэл уг хэргийг үйлдсэн байж болзошгүй 1989 онд төрсөн эрэгтэй О гэгчийг эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байна. Хэрэг гардаг өдөр уг хэрэгт сэжиглэгдээд буй этгээд хүүгийн ээжтэй хамт архидан согтуурсан аж. Улмаар хүүгийн ээж биеэ хянах чадваргүй болсон хойно хүүг нь хулгайлсан байж болзошгүй байна.
Одоогоор энэ хэрэгт Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Он гарсаар хүүхэд хулгайлагдсан тохиолдол 10, гэрээсээ төөрсөн 2000 гаруй тохиолдол гарсан байна. Хүүхэд хулгайлах гэмт хэрэг өмнөх жилүүдээс 3 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Тиймээс эцэг эх асран хамгаалагчид хүүхдэдээ байнга анхаарал тавьж, болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.