Аудитын ерөнхий газраас  Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 18 дугаар зүйлийн 18.2, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.8-д заасны дагуу “Шивээ-Овоо” ТӨХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон санхүүгийн тайлан, тодруулгад санхүүгийн тайлангийн аудит хийжээ.  Аудитын гол асуудалд дурдсан алдаа, зөрчлийг эс тооцвол “Шивээ-Овоо” ТӨХКийн 12 дугаар сарын 31-ний өдрөөрх санхүүгийн байдал, орлогын дэлгэрэнгүй тайлан, өмчийн өөрчлөлт болон мөнгөн гүйлгээний тайланг материаллаг зүйлсийн хувьд Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон холбогдох стандартад нийцүүлж, Сангийн сайдын баталсан бодлого, журам, зааврын дагуу үнэн, бодитой, шударга илэрхийлсэн тул хязгаарлалттай санал дүгнэлт гаргасан байх юм.  

Аудитын хязгаарлалииай санал дүгнэлт гаргахад хэд хэдэн алдаа нөлөөлсөн байна.  Тодруулбал,

  • “Шивээ-Овоо“ ТӨХК-ийн лаборатори болон пүү нь зөвшөөрөгдсөн стандарт хэмжил зүйн шаардлагыг хангаагүй гэж үздэг учир гол хэрэглэгч болох “ДЦС-4”, “Налайх Дулааны станц”, “Амгалан дулааны станц” зэрэг байгууллагуудтай хийсэн гэрээний дагуу жингийн болон илчлэгийн зөрүүг тооцдог бөгөөд санхүүгийн тайланд борлуулалтын буцаалтыг 311.6 сая төгрөгөөр дутуу тооцсон байна. Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Нягтлан бодох бүртгэлд бүх ажил гүйлгээг заавал бүртгэнэ” гэж заасныг зөрчсөн байна.
  • Хас банкны 5000094701 тоот төгрөгийн, Төрийн банкны 30030008438 тоот төгрөгийн, 341033090506 тоот төгрөгийн, 34130322697 тоот ам.долларын, 300300131348 тоот рублийн дансууд аж ахуйн нэгжийн гэрчилгээнд тэмдэглэгдээгүй байна. Энэ нь Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “хуулийн этгээд нь энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан бүртгэлийн мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн байна.
  • Өмнөх оны авлагын үлдэгдлийг барагдуулаагүй нийт 21 харилцагч байгууллагын 560.6 сая төгрөгийн авлага байна. Мөн Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4-т “нягтлан бодох бүртгэл хөтлөлт нь энэ хууль болон санхүүгийн бусад хууль тогтоомжид заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянах”, 20.2.5-д “дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах” гэж тус тус заасныг, мөн Сангийн сайдын 249 дүгээр тушаалын заалттай нийцэхгүй байна. Найдваргүй авлагын нөөц данс нь 3,191.0 сая төгрөгийн үлдэгдэлтэй бөгөөд өмнөх жилүүдэд борлуулалтын орлогын дүнгээс тодорхой хувиар тооцож хуримтлуулан бүртгэдэг байсан байна. Шүүхийн шийдвэртэй 320.1 сая төгрөгийн авлага байгаа боловч барагдуулах арга хэмжээг аваагүй байна.
  • Нийт зардал 51,351.9 сая төгрөгт хүрч өмнөх оноос 7,544.1 сая төгрөг буюу 17.2%-иар, төлөвлөсөнөөс 7.0%-иар буюу 3,385.9 сая төгрөгөөр хэтэрсэн байна. Зардал хэтэрсэн шалтгаан нь 2017 оны бизнес төлөвлөгөөнд тусгагдаагүй ус шүүрүүлэх Д шугамын төслийн ажлыг хийж гүйцэтгэсэнтэй холбоотой байна. Удирдлагын зардал өмнөх жилээс 811.0 сая төгрөгөөр, төлөвлөгөөнөөс 818.6 сая төгрөгөөр хэтрэлттэй байна. Зардал хэтэрсэн шалтгааныг компанийн зүгээс борлуулалтын орлого нэмэгдсэнтэй холбоотойгоор төлөвлөгдөөгүй болон тодотголд тусгагдсан зардлууд гарсан гэж компанийн зүгээс тайлбар өгсөн. 2017 оны бизнес төлөвлөгөөнд өөрчлөлт оруулсан боловч Төлөөлөн удирдах зөвлөлөөр батлуулаагүй байна. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйл ийн 21.1-д “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдлага жил бүрийн 3 дугаар сарын 01-ний дотор тухайн хуулийн этгээдийн зорилт, түүнийг хэрэгжүүлэх талаарх санал /цаашид “зорилтын санал” гэх/-ын төслийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ”, Компанийн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.5.9 “Гүйцэтгэх удирдлагаас боловсруулсан компанийн ирэх санхүүгийн жилийн төсөв, бизнес төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, нэмэлт өөрчлөлт оруулан шийдвэрлэхийг Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар батлах” гэж заасныг тус тус зөрчсөн байна.
  • “Шивээ-Овоо” ТӨХК-ийн ажилчдын ээлжийн амралтын дундаж цалин хөлсөнд хоолны хөнгөлөлтийг оруулж тооцсоны улмаас 18.5 сая төгрөгийн ээлжийн амралтын мөнгийг илүү олгосон зөрчил үүсгэсэн байна. Энэ нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаал “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл, АУДИТААР ИЛЭРСЭН ЗӨРЧЛИЙН НЭГТГЭХ юм бол:  “Шивээ-овоо” ТӨХК-ийн 2017 оны санхүүгийн тайланд аудитаар нийт 13 төрлийн 3,457.3 сая төгрөгийн алдаа илэрсэнээс 6 төрлийн 2,447.2 сая төгрөгийн гүйлгээг залруулсан. Мөн 4 төрлийн 991.7 сая төгрөгийн зөрчилд зөвлөмж өгөхөөр менежментийн захидал хүргүүлсэн. 3 төрлийн 18.4 сая төгрөгийн зөрчил, мөн санхүүгийн тайланг хоцроосон, үндсэн хөрөнгө худалдан авах, данснаас хасахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д заасныг зөрчсөн зэрэг зөрчилд нийт 3 албан шаардлага хүргүүлсэн байна.

Зөвхөн нэг л төрийн өмчит байгууллага буюу “Шивээ-Овоо” ТӨХК 2017 оны жилийн эцсийн байдлаар 1,847.6 сая төгрөгийн дансны авлага, 13,844.5 сая төгрөгийн өглөгийн үлдэгдлийг тулган баталгаажуулж, тооцоо нийлээгүй байгаа нь өөрөө асар том алдаа дутагдал юм. Салбар хариуцсан яам нь анхааралдаа авч энэ хуримтлагдсан асуудалд анхаарах цаг болсныг дуулгаж байна.