БГД-ийн XIX хорооны газар нутаг болох IV хорооллын Парадоксын автобусны буудлын урд байрлах газарт иргэн Н.Ууганцэцэг нь нийтийн эзэмшил газраас дур мэдэн, хууль бусаар газар хулгайлан өөрийн эзэмшил газраа томсгож  барилга барьсан.

Үүнээс болж 61 дүгээр байрны оршин суугчдын болон  47 дугаар дунд сургууль руу орох гарцыг хааж бусад олон сөрөг нөлөөлөл үүссэн талаар байрны оршин суугчид манай сонины редакцид хандсан юм. Энэхүү гомдлын мөрөөр тус газарт очиход оршин суугчид болон тэр орчмоор ажил алба, сургууль, цэцэрлэгт явах хүмүүсийн хөдөлгөөн мөн  тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хаагдаж, түгжирч бухимдал үүссэн байдалтай байв. Энэ хороонд хамаарах 61,58, 59 дүгээр байрны оршин суугчид болоод  47 дугаар сургуулийн сурагчид, АТС-6-ийн ажилчид бүгд төв зам болон автобусны буудал руу нэг л  гарцаар гарч ордог аж. Энэхүү гарцын өргөн нь ойролцоогоор 5-6 метрийн зайтай. Дунджаар өдөрт 1000 гаруй иргэн зорчдог ажээ. Гэтэл тус гарцыг шахаж зэрэгцүүлэн иргэн Н.Ууганцэцэг үйлчилгээний төвийн барилгын ажлыг өнгөрсөн тавдугаар сарын 26-наас эхлүүлсэнээс хойш  метр хүрэхгүй зайтай болж нарийнхан  нүхэн гарц болжээ. Өөрөөр хэлбэл, метр хүрэхгүй гарцын дээгүүр барилгын аюулгүй ажиллагаанаас сэрэмжилсэн хамгаалал­тын битүү төмөр татсан нь гарцыг харанхуй нүхэн хонгил болгожээ. Түүнчлэн  гарцын өнцөгт  шөнийн цэнгээний газар байрладаг. Энэ нь түүгээр зөрчиж байгаа иргэдэд аюулгүй эрүүл орчинд амьдрах эрх нь зөрчигдөж гэмт хэрэг гарах нөхцөл бүрдсэн гэдгийг 61 дүгээр байрны оршин суугчид ярьж байлаа. Нүхэн гарц нь шаттай тул өвөл мөстөж өндөр настан болон бага насны хүүхдүүд халтирч гэмтэж бэртэх аюул байдгийн дээр бааранд үйлчлүүлсэн согтуу үйлчлүүлэгчид оройн цагаар  бие засах, танхайрах явдал их болжээ. Оршин суугчид, барилгын гүйцэтгэгч компанийн ажилчдын дунд маргаан, зөрчил үүсч Цагдаагийн газар шалгаж  байгаа тухай ч хэд хэлж байв.  Мөн 47 дугаар сургуулийн сурагчдын сургуульдаа ирж очих өөр нэг урсгал зам байдагч тэр нь автомашины гараашийн ар завсар болон 61 дүгээр байр гараашийн завсар хооронд зорчдог юм байна. Энэхүү стандартын бус замаар мөн барилгын хүнд даацын автомашин  тээвэрлэлт хийдэг болсноор уг 12 давхар байрны сууринд гажилт үүсчээ. Барилгын сууринд  өөрчлөлт орсон тул тус хорооноос өмнө нь УИХ-д сонгогдож байсан гишүүн Б.Батбаатар тоосгоор тулгуур хийсэн ч энэ жилийн бороонд нурж, ан цав үүссэн байв. Оршин суугчид уг замаар хүнд даацын автомашин явахыг хориглох тэмдгийг холбогдох байгууллагад нь хүсэлт тавьж байрлуулсан ч барилгын материалаа тээвэрлэсэн автомашин өдөр шөнөгүй тээвэрлэлт хийснээр  замын эвдрэл улам нэмэгдсэн байдалтай байв. Сургуулийн захиргаа, оршин суугчид XIX хорооны засаг даргаас эхлүүлээд Дүүргийн Засаг дарга С.Одонтуяа болон бусад холбогдох  Нийслэлийн мэргэжлийн байгуулагууд болох Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллага, Хот төлөвлөлтийн газар, Нийслэлийн автозам хөгжлийн газар, Замын цагдаагийн газрын  техник замын хяналтын хэлтэс, Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит компани, Баянгол дүүргийн Боловсролын хэлтэст тус тус  ханджээ.

БАРИЛГА БАРИХДАА НИЙТИЙН ЭЗЭМШИЛ ГАЗРААС ХОЁР МЕТР ГАЗАР АВЧЭЭ

Иргэн Н.Ууганцэцэг нь зөвшөөрөгдсөнөөр бол 12:18 харьцаатай үйлчилгээний зориулал­таар барилгаа барих байтал өөрийн эзэмшлийн газраас хэтрүүлэн нийтийн эзэмшлийн газраас хоёр метр газрыг дур мэдэн авсан болох нь Нийслэлийн Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч С.Болор-Эрдэнийн шалгалтаар тогтоогджээ. Зөрчлийн арилгуулах, арга хэмжээ авахуулахаар зургадугаар сарын 19-нөөс эхлэн 15 хоногийн хугацаатай үүрэг өгч торгуулийн арга хэмжээ ноогдуулан албан даалгавар хүргүүлсэн байна. Түүнчлэн   Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн мөн сарын 22-ний 046/113 тоотоор Барилгын ажлыг түр зогсоох тухай актыг газар дээр талуудын төлөөллийг байцуулан үйлдэж зогсоохоор бол­жээ. Өөрөөр хэлбэл, Нийс­лэлийн хот төлөв­лөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас олгосон МЗХ2017/25-25 дугаартай архитектур төлөвлөлийн даалгаварт тусгагдсан барилгын хэмжээ, давхрын тоог  өөрчилсөн. “Эдшил” ХХК-ий боловсруулсан ЭД-18-03-А3 дугаартай ажлын зураг төсөлд тухайн зай хэмжээ, давхрын тоог томсгосон баримт бичгийн бүрдүүлэлтийг  үндэслэн Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газраас 220/2018 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгосон  нь барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийг зөрчсөн. Тий­мээс гэрчилгээг цуцлуулах тухай албан тоотыг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт болон барилгын захиалагч иргэн Н.Ууганцэцэг  гүйцэт­гэгч “Пи Си Ди Пи” компанид тус тус хүргүүлсэн аж. Гэвч өнөөд­рийг хүртэлх дөрвөн сарын хугацаанд тус компани барилгын үйл  ажиллагаагаа зогсоо­гоогүй. Барилгыг таван давхар хүртэл барьсан байлаа.

ЗӨВШӨӨРӨГДСӨН ЗУРГИЙГ  ЗӨРЧИЖ БАРИЛГА БАРИХ ЗӨВШӨӨРӨЛ ӨГЧЭЭ

Нийслэлийн мэргэж­лийн байгууллагуудын албан даалгавар, улсын байцаагчийн акт тавигдаж барилга барих зөвшөөрлийн гэрчилгээг цуцлах шийдвэр гарсаар байтал яагаад барилга баригдав. Зөрчлийг арилгаж, барилгыг албадан буулгах эрх бүхий албан тушаалтнууд гаргасан шийдвэрээ гүйцэтгэх тал дээр хойрго хандаж бие биерүүгээ цаас шийдсээр байна хэмээн иргэд бухимдаж байв. Тэд уг барилгыг албадан буулгахыг шаардаж гарын үсгээ зурж  холбогдох газрууд болон АТГ-т гомдлоо хүргүүлээд байгаагаа хэлж байв. Оршин суугч В.Гүндэнбал “ Энэ барилга баригдснаар хүүхэд чөлөөтэй тоглох талбайгүй, байрны гадна машинаа тавих газаргүй иргэд амгалан тайван амьдрах эрхгүй болсон. Асуудлын гол гогцоо нь хөрөнгө муутай хүмүүс дэд  бүрдсэн зардал бага гарах газар барилга барих сонирхол их байдаг юм байна. Гэтэл эрх мэдэл бүхий төрийн албан хаагчид тэдэнд хууль зөрчин газар олгож, барилга барих зөвшөөрлийг нь олгодогт л учир байна. Боломжгүй газарт барилгынханд боломж олгож байна. Үүнд төрийн албаныхан оролцож байна. Оршин суугч бидний гомдлыг төрийн холбогдох газрууд шалгаад, батлаад нотолсон. Тус барилгыг барих үйл ажиллагааг зогсоохыг шаардсан эрх бүхий газруудын албан бичиг мөн барилгын техник \өргөх механизм\ тоног төхөөрөмжийг ажиллахыг хориглосон албан бичиг, хүнд тээврийн машинууд орохыг хориглосон гэх мэт олон мэдэгдэх хуудас, шаардах хуудсыг Н.Ууганцэцэгт өгөөд байхад яагаад албадан буулгахгүй байгаагаас үүдэн ийм дүгнэлтэд хүрч байна. Тиймээс бид АТГ, Хотын даргад хандаж жагсаал цуглаан хийхээр болж байгаагаа мэдэгдэж байна” гэсэн юм. Мөн барилгын захиалагч “Сора сүлд хийморь” компанийн эзэн гэх Н.Ууганцэцэгтэй холбоо барих гэсэн боловч утсаа аваагүй. Мөн цахим захиа үлдээсэн боловч хариу өгөөгүй юм.

Харин дараа нь Н.Ууганцэцэгийн хуулийн зөвлөх Б.Гэрэл-Очир утсаар холбогдож тайлбарлахдаа “Барилгын зураг зөрүүтэй гарсан. Үүнийгээ Хотын ерөнхий төлөвлөгөөний газарт асуудлаа оруулж шийдвэрлүүлсэн. Нийтийн эзэмшил газраас хоёр метр газар аваагүй. Хамгаалалтын зурвасыг гарц руу нь тулгаж татсан. Манай барилга хашаагүй. Барилгын ажил дуусахаар хамгаалалтын зурвасаа буулгана. Харин ч нүхэн гарцыг битүү хамгаалж өгсөн. Барилга уг нь арваннэгдүгээр сард ашиглалтад орох байсан. Оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгараад ажил нэг сараар хойшилсон” гэлээ. Уг барилгатай холбоотой 20 гаруй албан бичиг байдаг ч гүйтэцгэлдээ хяналт тавиагүй нь тодорхой байв. Хэрэв хэрэгжилтэд хяналт тавьсан бол ядаж нийтийн эзэмшлийн газраас булаасан хоёр метр газрыг тус компаниас буцаан авч зөрчлийг арилгуулах байсан баймаар. Ингэснээр иргэд эрсдэлтэй нүхэн гарцаар зорчихгүй байх байлаа. Нөгөө талаар хэрэв барилгыг албадан буулгах шийдвэр хэрэгжсэн бол тус хорооны тэр хэсэгт түгжрэл, барилгын суурийн гажилт үүсэх эрсдлээс сэргийлэх байжээ. “ Зөвшөөрөлгүй барьж буй барилга гэдгийг холбогдох газрууд нь өөрсдөө хүлээн зөвшөөрсөн албан бичиг, акт цаасан дээр гаргадаг ч энэ нь тэднийг таргалуулдаг хэрэгсэл юм. Тэд цаасан дээр арга хэмжээ авсан шийдвэр гаргасан ч  өнгөн дээрээ ажил хийсэн нэр зүүчихээд гүйцэтгэлдээ хяналт тавьж хэрэгжүүлэхгүй байгаа нь авлига авах эх үүсвэрийг бүрдүүлж байх магадлалтай ” хэмээн оршин суугчдын түр хорооны төлөөлөл иргэн  В.Гүндбал  онцолсон. Одоо ч уг барилгын ажил үргэлжпээд л явагдаж байна.

Ц.Баяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин