ОХУ-ын Приморын бүсэд орших Петрийн эрэгт нэгэн нууцлаг байгууламж байдаг нь хүйтэн дайны үед баригдаж байгаад барилгын ажил нь зогсож дутуу орхигдсон гүний шумбагчдын зориулалттай барилга аж. Уг шугамдаа бол хүйтэн дайны үед ЗХУ болон АНУ цөмийн зэвсэглэлээр уралдаж байх үедээ тус бетоноор хучсан хагас дугуй хэлбэртэй, нуман хийцийн байгууламжийг барьсан байна. Мөн уг байгууламжийг шумбагч онгоцнуудад зориулан 19 км-ын зайд орших хамгийн ойрын бомт болон Находкатай ойрхон байхаар тооцоолж номхон далайд гарах гарцыг нь бүрдүүлсэн юм. Байгууламжийг ЗХУ-ын батлан хамгаалах яам болон номхон далайн флотод хоёуланд нь хуваарилагдаж байхаар төлөвлөн барьж байжээ.

Байгууламжийн ерөнхий загварыг Повловскы гаргасан бөгөөд номхон далайд гарцтай уг шумбагчдын байрыг цөмийн дайралтад тэсвэртэйгээр төлөвлөсөн аж. Баталгаатай мэдээгээр бол тус барилгыг 1960 онд барьж эхэлсэн гэх боловч зарим эх сурвалжууд 1977 оны сүүлээр эхэлсэн гэх нь бий. Барилгын ажил чухам хэзээ эхэлснийг тухайн цаг үеийн нууцлалын зэргээс хамаараад яг үнэнээр нь мэдэх боломж одоог хүртэл бүрдээгүй байна. Гэхдээ баттай мэдэж байгаагаар 180 оны үед хөрөнгө мөнгөний асуудлаас болж барилгын ажил аажимдаа удааширсаар ЗХУ задран унах үед бүрмөсөн зогссон байна. Байгууламжийн үйл ажиллагаа зогсох болсон хамгийн гол хүчин зүйл нь СТАРТ I буюу АНУ болон ЗХУ-ын засгийн газрын хооронд байгуулсан стратегийн зэвсгийг бууруулах гэрээ байсан юм. Уг гэрээ нь ЗХУ задран унахаас 6 сарын өмнө буюу 1991 оны 7-р сарын 31-ны өдөр байгуулагдсан байдаг. Гэрээний гол үндсэн зорилго нь хоёр тал стратегийн дайралт хийх зэвсэглэлийн тоогоо бууруулах явдал байсан юм.

СТАРТ I нь ЗХУ-д дан ганц уг байгууламжийн ажлыг зогсоох бус далайн эрэг дагуу газар доор байрлалтай хэд хэдэн цэргийн нууц объектуудын үүдийг үүрд хаах үүрэг хүлээлгэсэн юм. Түүнчлэн нэмж баригдаж байгаа ажлуудаа бүгдийг нь зогсоох давхар үүрэг хүлээжээ. Чухам үүний улмаас л бараг ашиглалтад ороход бэлэн болоод байсан Павловскийн нууц байгууламжийн ажил зогссон түүхтэй.

Уг байгууламжид нийт 1000 орчим цэргүүд байрлан амьдрах боломжтой байсан бөгөөд 1-р төвшний цөмийн дайн зарласан үед ямар ч эрсдэлгүйгээр аюулгүй өнгөрөх бүрэн боломжтой байгууламж аж. Мөн байгууламжид орших шумбагч онгоцнууд цөмийн цэнэгтэй байх бөгөөд номхон далайд тагнуулын тусгай замаар явсаар АНУ-ын бүхий л өнцөг булан бүрт цөмийн цохилт өгөх чадвартай байхаар байсан байна. Ямартай ч албан ёсоор доод тал нь найман шумбагч онгоц байрлах бүрэн багтаамжтай байсан бөгөөд үүнээс ч олон багтаж болох талаар эх сурвалжууд дурдсан юм.