"Монголын эмэгтэйчүүдийн холбоо" үүсгэн байгуулагдаад өдгөө 94 жил болжээ. Гэтэл эмэгтэйчүүдийн хүчтэй дуу хоолой болж чадахаа байгаад удаж байна гэсэн шүүмжлэлийг олон нийтийн зүгээс аваад байсан юм.

Сүүлийн 22 жилийн турш нэг хүний удирдлагад байсан уг холбооны хоёр өдрийн турш хуралдсан чуулганы эцэст олон нийтэд хаалттай байсан уг байгууллага салхи орохоор боллоо. Нийгмийн хамгийн эмзэг сэдэв болсон эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг хүчтэй дуу хоолой болж чадна гэдгээ илэрхийлсэн Б.Оюунгэрэл өнөөдөр Монголын эмэгтэйчүүдийн холбооны 12 дугаар чуулганы үеэр олонхын саналаар МЭХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.

Уг чуулган өнөөдөр өглөөний 07:00 цагт эхэлж 20 цагийн үед санал хураалт явагдсан юм. Энэ үеэр дөрвөн эмэгтэй “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ны ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ ирүүлжээ. Үүнд Н.Золзаяа, Хуучин ерөнхийлөгч Ж.Эрдэнэчимэг, Б.Оюунгэрэл болон Д.Энхжаргал гэсэн нийгмийн идэвхтэй манлайлагч эмэгтэйчүүд байлаа. Нэр дэвшүүлэлт эхлэхэд Н.Золзаяа болон Д.Энхжаргал нар нэрээ татаж байгаагаа илэрхийлж Ж.Эрдэнэчимэг болон Б.Оюунгэрэл нар сонгуульд өрсөлдсөн юм.

Монголын эмэгтэйчүүдийн холбооны 12 дугаар чуулганд 143 төлөөлөгч санал өгөх эрхтэйгээр оролцсоноос 61 төлөөлөгч хуучин ерөнхийлөгч Ж.Эрдэнэчимэгт саналаа өгсөн бол 82 төлөөлөгч Б.Оюунгэрэлд саналаа өгснөөр “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ны шинэ ерөнхийлөгч боллоо. Тэрээр мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсний дагуу эхний ээлжинд Монголын эмэгтэйчүүдийн холбоог олон нийтэд нээлттэй байгууллага болгохоос гадна, эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэрэг хүчирхийлэлтэй тэмцэх үйлсээр ажлаа эхлүүлнэ гэдгээ энэ үеэр илэрхийллээ. Түүнчлэн энэ үеэр “Монголын эмэгтэйчүүдийн холбоо” дүрмийн шинэчлэлээ хийсэн нь Монголын эмэгтэйчүүдийн холбооны 12 дугаар чуулганы томоохон ололт байлаа гэдгийг чуулганд оролцсон төлөөлөгчид онцолж байна.