Монголын цагдаагийн байгууллагын ажилтан, билний журмын нөхөр цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайхан нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад бусдын гарт алтан амиа алдаж, бидэнд нөхөж баршгүй гарз учирлаа. 

Тэрээр 1996-1999 онд ЦЕГ-ын Дохиолол хамгаалалтын албанд цагдаа, 1999-2002 онд Баянзүрх дүүргийн замын цагдаагийн тасагт зохицуулагч, 2002-2010 онд Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаа, 2010-2012 онд Нийслэлийн цагдаагийн газрын Хөдөлгөөнт эргүүлийн газарт эргүүлийн цагдаа, 2012 оноос өдийг хүртэл Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст эргүүлийн цагдаа жолоочоор томилогдон ажиллаж байлаа. 

Д.Батсайхан нь төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлж, гэмт үйлдлийг таслан зогсоох гэж байгаад халдлагад өртөн харамсалтайгаар алтан амиа алдсанд гэр бүл төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлж байна. 

Түүний эгэл даруу, хүнлэг, нөхөрсөг, гэгээн дүр төрх бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд мөнх дурсагдан үлдэх болно.