Өчигдөр болсон УИХ-ын нэгдсэн хуралдааны үеэр гишүүн Х.Нямбаатар, О.Баасанхүү хоёр өөр хоорондоо ширүүхэн маргаан өрнүүлсэн билээ.

О.Баасанхүү: Х.Нямбаатар гэдэг бацаан юу ч хийсэнгүй. Ажлын хэсгийг нь ахлан батлуулсан Эрүү, зөрчлийн хууль хэрэг алга.

Х.Нямбаатар: УИХ-ын гишүүдэд үнэтэй зураг шахна. Аваагүй хүнийг гүтгэдэг О.Баасанхүү. 

"Он гарсаар 79 хүүхэд хүчиндүүллээ" гэдэг сэтгэл хирдхийлгэм мэдээг УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэлэв. Эрүү болон зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар мань эр ХЗДХЯ-нд хандсан ч хариу өгөөгүй байна. Харин УИХ-ын гишүүн Х.Нямбаатар гүтгүүлж доромжлуулсандаа гомдолтой буйгаа илэрхийлэв.

Улмаар хуралдааны танхимаас гарч уулзах үеэрээ нэгэндээ гар хүрсэн тухай мэдээлэл цацагдсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Баасанхүү ярихдаа, “Х.Нямбаатар гишүүн миний биед халдаж, цохиж шанаадсан зүйл байхгүй. Хоёулаа өрөөнд орж учир зүйгээ олъё гээд шатаар бууж явсан юм. Тэгсэн Х.Нямбаатар хүзүүн дээр шилдчихээд хүүхэд шиг зугтаагаад явчихсан. Эр хүн шиг эгцэлж хараад үг ярьж чадахгүй. Бусдын нүднээс далд гэндүүлэн ар шилэн хүзүү рүү цохиж байгаа юм. Уулзья гээд залгахаар хурал дээрээ байна. Завгүй ч гэж байна. Араа даахгүй юм бол яах гэж хүн өддөг юм. Уг нь эр хүн шиг уучлал гуйчих гээд залгасан юм. Өрөөнд орж ирээрэй гэнэ лээ. Зодолдох гэж байгаа юм байлгүй" гэж newspress.mn сайтад өгсөн тайлбарт дурьджээ.