Иргэдийн банкны зээл сүүлийн жилүүдэд 40-50 хувиар нэмэгдэж, өрхийн өрийн ДНБ-д эзлэх хувь хоёр дахин өсчээ. Өрхийн өрийн дарамт нэмэгдэх үзэгдэл манай эдийн засагт бий болсноор мөнгөний бодлого ээлжит сорилттой тулгарч эхэлсэн юм. 

Үүнийг зохистой түвшинд байлгах үүднээс Монголбанкнаас баталсан шинэ журмын дагуу иргэдийн авах хэрэглээний зээлийн дээд хугацааг 30 сар байхаар тогтоосон. Энэ журмыг ирэх оноос мөрдөж эхэлнэ. Тэр болтол хэрэглээний зээлд “хөл хорио” тавихгүй. Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт аажмаар нэмэгдэж, зээлийн өсөлтийг хэрэглээний зээл өдгөө бүрдүүлж байна. Нийт зээл жилд 17.7 хувийн өсөлттэй гарч, мөнгөн дүнгээр 2.4 орчим их наяд төгрөгөөр зээл олголт өсчээ. Зээлийн өсөлт 17.7 хувьд хүрч нэмэгдсэний 11 хувийг хэрэглээний зориулалттай зээлийн өсөлт эзэлж байгаа юм. Хэрэглээний зээлийн өсөлт сүүлийн долоон улирлын турш эрчимжсэн. Эдийн засаг энэ оны эхний хагаст сэргэх үйл явцтай зэрэгцээд бараа, үйлчилгээний импорт нэмэгдэж, хэрэглээний зээлийн тэлэлт өрхийн төсөвт өрийн дарамт үүсгэж эхэлсэн. Зээл хурдацтай өсөж, өрхийн өр, импортыг нэмэгдүүлж, санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн тул төв банкнаас иргэдийн хэрэглээний зээлийн хугацааг 30 сараар “хазаарласан”.

Мөнгөний бодлогын хорооны уг шийдвэр хэрэглээний зээлийг хумьж, бизнесийн зээл өсгөх нь тодорхой болоод байгаа юм. Хэрэглээний зээлийн өсөлт эрчимжсэн хэвээр байгаа боловч бизнесийн зээлийн өсөлт нэмэгдэх хандлага ажиглагдаж эхэлсэн байна. Экспорт өсөж, төсвийн гадаад санхүүжилт нэмэгдэж, уул уурхайн бүтээн байгуулалт эрчимжсэн хэдий ч тээвэр, санхүүгийн үйлчилгээтэй холбоотой гарах урсгал, гадаад зээлийн хүүний төлбөр энэ онд өссөн. Эдгээр нь төлбөрийн тэнцлийн алдагдал өмнөх оноос нэмэгдэхэд нөлөөлжээ. Хэрэглээний зээлийг хязгаарласан бас нэг зорилго нь бизнесийн зээлийг дэмжих. Ойролцоогоор ирэх онд 1.3 их наяд төгрөгийн санхүүжилтийг бизнесийн зээлд зарцуулах боломж бүрдэхээр байна. Өөрөөр хэлбэл, энэ хэмжээний мөнгө аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаагаа тэлэх зээлийн санхүүжилт болж очих юм. Банкууд хэрэглээний зээл биш, бизнесийн зээл түлхүү олгосноор хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт өснө. Ингэснээр ажлын байр шинээр бий болж, иргэдийн орлого нэмэгдэнэ. Компаниудын үйлдвэрлэл өргөжиж, техникийн шинэчлэл ч ихээр хийгдэх боломжтой. Бизнесийн зээл авсан компаниуд өөрсдийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх хэрээр дотоодын эдийн засагт эрч нэмэх нь дамжиггүй. Энэ хөрөнгө оруулалтын эх үүсвэр нь арилжааны банкуудын зээл.

• Банкууд хэрэглээний зээл биш, бизнесийн зээл түлхүү олгосноор хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт өснө.

• Өмнө нь нийт зээлийн 60 хувь бизнесийн, 40 хувь нь хэрэглээний зээл байсан бол одоо нийт зээлийн 57 хувь иргэдийн зээлд ногдож байна.

• Ирэх онд 1.3 их наяд төгрөгийн санхүүжилтийг бизнесийн зээлд зарцуулах боломж бүрдэнэ. 

Өнгөрсөн онд бизнесийн чиглэлийн зээлийн өсөлт ажиглагдахгүй байсан. Тэгвэл энэ он гарсаар арилжааны банкуудаас аж ахуйн нэгжүүд рүү гарч буй зээл өсөж эхэлсэн байна. Тодруулбал, худалдаа, уул уурхай, боловсруулах салбарын зээлийн өсөлт нэмэгджээ. Зогсонги байсан бизнесийн зээлийн өсөлт эхний найман сарын байдлаар 13 хувийн өсөлттэй гарч, эдийн засагт ногоон гэрэл ассан гэдгийг дохиолж байгаа юм. Санхүүгийн бүх эх үүсвэрээ зөвхөн иргэдийн хэрэглээний зээлд зориулах нь өрөөсгөл гэж дэлхийн төв банкууд үздэг. Энэ утгаараа хэрэглээний зээлийг хязгаарлах, хумих, илүү зохистой түвшинд байлгах бодлогын арга хэрэгсэл авч хэрэгжүүлсэн байдаг. Хэрэглээний зээл чухамдаа ажлын байр нэмэхгүй, өр л өсгөдөг сул талтай. Ирээдүйн орлогоор нь барьцаалан өнөөдөр хүний хүсэл, хэрэгцээг хангах боловч төдийлэн оновчтой хөрөнгө оруулалт гэж үүнийг үздэггүй. Ялангуяа, манайх шиг эдийн засаг нь төрөлжиж чадаагүй, нэг салбараас хэт хараат нөхцөлд хэрэглээний зээл импортыг өсгөж, валютын ханшийг чангалж байдаг. Өмнө нь нийт зээлийн 60 хувь бизнесийн, 40 хувь нь хэрэглээний зээл байсан бол одоо нийт зээлийн 57 хувь иргэдийн зээлд ногдож байна.

Валютын зээлийн эрсдэлийн жинг 150 хувь болгож өсгөсөн, хэрэглээний зээл дээр 30 сарын хугацаанаас гадна 70 хувийн өр орлогын хязгаарлалт тавьсан. Энэ нь цаашид ханшийг тогтвортой байлгахад чиглэж байгаа аж. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Иргэд ихэвчлэн орлогынхоо 60-70 хувийг зээлийн төлбөрт зарцуулж байгаа. Энэ байдал улам гүнзгийрч, цаашид үргэлжилбэл иргэд өрийн дарамтад орох эрсдэл дагуулна. Өр гэдэг бол ирээдүйд төлөх ёстой мөнгө. Төлнө гэдэг нь ирээдүйн хэрэглээгээ танана гэсэн үг. Өрийн дарамтад оруулахаас сэргийлж буй арга хэмжээ сая авч байгаа боловч цаад агуулга нь иргэдийн ирээдүйн хэрэглээг буурахаас хамгаалж байгаа юм. Нөгөө талаар хэрэглээний зээл өсвөл, бизнесийн зээлийн санхүүжилт хомсдоно” гэв. Хэрэглээний импорт 30 хувийн хурдтай нэмэгдэж байгаа. Тэгвэл ирэх оноос хэрэглээний зээл, бизнесийн зээл тэнцвэржих нөхцөл бүрдэхээр байна. Тоон мэдээллээр, зээлийн дундаж хүү 20-21 хувь байсан бол одоо 17-18 болж буурсан. Мөнгөний бодлогын хүү буурсантай зэрэгцэн зээл, хадгаламжийн хүү буурч байна. Зээлийн хүү буурах нь аж ахуйн нэгжүүдийн зээлийн эрэлт болон банкны системийн бизнесийн зээл олголтыг нэмэгдүүлдэг ач холбогдолтой. Энэ нь эдийн засгийн өсөлтийг тэтгэх бодит хөшүүрэг.

Б.Баяртогтох

Засгийн газрын мэдээ