УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан геологич Б.Батсайханыг хуулийн байгууллагаар шалгуулахаар өргөдөлөө өгсөн гэнэ. Учир нь Б.Батсайхан өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 16-ны өдөр Б.Дэлгэрсайхан гишүүний хамаарал бүхий “Болд төмөр Ерөө гол” ХХК хууль бусаар ашигт малтмалын ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа тухай хэвлэлийн хурал хийсэн юм.

Түүний мэдээллээс товч дурдвал “Болд төмөр Ерөө гол” ХХК Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. 888А ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй. Харин 888А зөвшөөрөлтэй талбайн ойролцоо байдаг газарт “Эй Ар Ай Ти” ХХК 1948.57 га газарт 10885А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан байж. 2009 оны аравдугаар сарын 2-ны өдрийн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр тус тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.

Цуцалсны дараа тэр тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтгүйгээр “Миллениум диггерс” компанид өгсөн аж. “Миллениум диггерс” компани нь “Болд төмөр Ерөө гол” ХХК, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхантай хамаарал бүхий аж ахуйн нэгж бөгөөд тус компани XV-15192 тоот тусгай зөвшөөрлийг авсан боловч Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 821 дүгээр шийдвэрээр хүчингүй болсон гэнэ. Энэ асуудлаар Дээд шүүх шийдвэр гаргасан ч лицензийг цуцлаагүй байна. Түүний хэлснээр цуцлах байтугай энэ талбайд гурвын гурван тусгай зөвшөөрлийг өөр компаниудад шилжүүлжээ. Тусгай зөвшөөрөлгүй гэх гурван талбайгаас одоо төмрийн хүдэр олборлоод, гадагш нь гаргаад байна гэсэн асуудлыг Б.Батсайхан гаргаж тавьсан юм.

Харин УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан түүнийг мэдээлэл хийх үеэр буюу өнгөрсөн долоо хоногт дотоод, гадаадад ажлаар явж байсан учраас энэ талаар хүмүүсээс хальт сонссон байна. Тэрээр Б.Батсайханыг гүтгэлгийн шинжтэй зүйл ярьсан гээд, өнөөдөр шалгуулахаар хуулийн байгууллагад өргөдлөө өгчээ. “”Болд Төмөр Ерөө гол” буюу түүнтэй хамаарал бүхий компани ямар нэгэн хууль бусаар лиценз эзэмшээгүй. Түүгээр ч зогсохгүй нинжа маягаар 14, 15 жил ажиллана гэж байхгүй. Бүгд хууль ёсны хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа” гэж Б.Дэлгэрсайхан гишүүн хэвлэлд тайлбар өглөө.

Тэгвэл яагаад иргэн Б.Батсайхан түүний тухай ийн мэдээлэл хийв гэдэг талаар тайлбарлахдаа “Б.Батсайхан гэдэг нөхөр хоёр, гурван жилийн өмнө манайхаас мөнгө зээлсэн юм билээ. Ойролцоогоор 100-гаад сая төгрөг. Манай компани хөрөнгө оруулалттай хамтарсан аж ахуйн нэгж учраас санхүү, аудит ирээд өр зээлээ нэхсэн байдаг. Гэтэл тэр өр, зээлээ төлөхгүйн тулд ийм бохир аргаар намайг гүтгэж байна л даа. Энэ нь надад ирүүлсэн мессежээр батлагдаж байгаа юм. Тэр нөхрийн гар утаснаас намайг дарамталсан мессеж олон ирсэн. Намайг гүтгээд байгаа нөхөртэй хатуу үзэх болно.” гэжээ.

http://updown.mn/60869.html