Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр УИХ-ыг тараах асуудлаар зөвшилцөх бичгийг УИХ-д өргөн барьсан. Үүний дараа С1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож, өөрийн байр, суурийг илэрхийлсэн юм. Түүний уг нэвтрүүлэгт хэлсэн онцлох ишлэлүүдийг хүргэж байна.

-УИХ-ЫГ ТАРААХ САНАЛ ГАРГАСАН ШАЛТГААНАА ИНГЭЖ ТАЙЛБАРЛАВ-

-Би яагаад ажил хийж чадахгүй байна вэ, УИХ 76 гишүүнтэй. Энэ удаагийн УИХ-д нэг намын 64 гишүүн байна. 64 гишүүнтэй бүлэг намынхаа шийдвэрийг гаргаад байна шүү дээ. Боломжтой хувилбар, саналууд хэлээд очихоор эсэргүүцээд байна. Ардчилсан намаас сонгогдсон Ерөнхийлөгч юм чинь гэж хараад байх шиг байгаа юм.

-Би Ерөнхийлөгчөөр сонгогдож тангаргаа өргөсний дараа АТГ-ын даргыг дуудаад “Чи ажлаа хүлээлгэж өг. Чиний уг албан тушаалыг хаших хугацаа дууссан. Эсвэл сайн ажилла. Сайн ажиллавал “Чингисийн одон” гээд бүхий л шагналыг өгье” гэж хэлсэн. Тэгж хэлсний дараа оффшор бүсээс 4.5 сая доллар оруулж ирсэн. Түүнээс хойш дахин мөнгө орж ирээгүй. Нэр, ус, данс гээд бүхий л мэдээлэл нь тодорхой байхад санаачлага гаргаад ажиллавал оффшороос мөнгө авчрах боломжтой гэж бодож байна. Оффшор бүсээс мөнгө оруулж ирээгүй биш оруулсан гэж хуурах гээд байх шиг байна.

-Өнгөрсөн арванхоёрдугаар сард утааны асуудалтай холбогдуулан онц байдал зарлахыг уриалсан. Мөн өмнөх шиг утааны эсрэг зуух гэх мэт шахааны бизнес хийхгүй байхыг сануулсан. Онц байдал зарлаагүй.

-Сая би “60 тэрбумтай холбоотойгоор ээлжит бус чуулганы хуралдаан зарлахгүй бол Монголын нэр хүнд гадаад орчинд унаж дууслаа. Монголын намууд албан тушаал наймаалцаад, сонгуулийн мөнгөө босгочихдог юм байна гэж дэлхий даяар яриад эхэллээ. “Вашингтон пост” сонины эхний нүүрт энэ талаар нийтлэгдлээ. Энд нам биш, Монголын нэр хүнд яригддаг юм аа” гэж хэлсэн. Гэтэл ээлжит бус хуралдаан нь болдоггүй. Хууль зүйн байнгын хороо руу чиг өгчихөөд, ирц бүрдэхгүй байна аа гээд байж байна.

-Сая би Европ яваад ирлээ. АСЕМ-ын хурал Брюссельд боллоо. Тэнд гадна, дотны Ерөнхийлөгч, Ерөнхий сайдуудтай уулзаж, хөрөнгө оруулалтын талаар ярилцлаа. Тэд “Танай авлигын индекс ийм муу үзүүлэлттэй байхад хөрөнгөө бариад ордог тэнэг бизнесмен байхгүй шүү дээ” гэж хэлэнгүүт би хэлэх үггүй болж байна.

-Иймэрхүү байдлыг яриад эхлэхээр УИХ дээр унагадаг. Хамгийн сүүлд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлээс УИХ-ын гишүүд болон түүнийг тойрсон ах дүү, хамаатан садан авсан нь энэ УИХ-ыг юм хийх үү, хийхгүй юү, хийвэл юу хийх юм бэ гэдэг болгоомжлол үүсгэж байна. Учир нь дахин олонхиороо Монгол Улсын ирээдүйг балласан, аюултай шийдвэрүүд гаргаад байвал яах юм.

-Намайг Үйлдвэр, хөдөө аж, ахуйн сайд байхад ЖДҮ-ийн зээл банкаар дамжигдаж олгогддог байсан. Банк шалгуураа тавьдаг байсан. Гэтэл энэ УИХ зээл олгох эрх мэдлийг сайд руугаа шилжүүлсэн. Иймэрхүү шийдвэрүүд гараад байвал яах билээ.

-2019 оны төсвийг авч үзье. Нүүрсний үнэ өссөнөөс болж эдийн засаг сайжирсан юм. Түүнээс биш эд нар их сайхан ажиллаад Ч.Хүрэлбаатар гэж мундаг хүн Сангийн сайд хийсэндээ Монголын эдийн засаг сайжирсан юм биш.

-Европт айлчлалаар явахад олон орны удирдагч нар эдийн засгийн ирээдүйн 30 жилийн хямрал, өсөлт, бууралтын талаар ярилцаж байна. Бид ганц нүүрсэнд тулгуурласан эдийн засагтай байж болохгүй. 26 сая малтай байхдаа аж, үйлдвэрийн комбаниттай байсан. Өнөөдөр малын тоо толгой 60-80 саяд хүрлээ. Яагаад хөдөө, аж ахуйн комбинатыг барьж болдоггүй юм. Энэ ажлыг 2019 оны төсвөөр дэмжих ёстой.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны төсвийн зарлагыг 20 хувиар хэмнээд эдийн засгийн хувьсгал хийчихээч. Хэрвээ ингэж чадвал хэдхэн ченжүүдээс хамааралтай малын түүхий эдийн үнийг тогворжуулж аж, үйлдвэрийн комбинаттай болчихно. Судалгааг нь би хөдөө, аж ахуйн сайд байхдаа хийчихсэн. Дарханд байрыг нь гаргаад өгчихөөч гэж хэлсэн.

-Бид ноосноос утас гаргаж даавуу хийж чаддаг болсон байна. Тогтвортой зах зээл, ажлын байр л хэрэгтэй. Би энэ асуудлаар төсвийн ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхорол гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нартай уулзаж ойлгогдохоор л ярьсан. Хөдөө аж ахуйн бодлого 2012 онд батлагдсан. Энэ бодлогыг аваад явчих гэж Б.Батзориг сайдад хэлсэн. Арьс, ширээ Испани руу, ноосоо Азербайжин руу гаргая. Ноолуураа экспортлох асуудлаар Европын конгресстой ажиллаж байна. Манайхан ажиллаж байна. Европын конгрессын таван гишүүн Монголд ирсэн. Ажлууд хийгдэж байна.

-Энэ мэт зүйлүүдээс болж УИХ-ыг тараах санал гаргасан. Энэ нам иргэдээ ядуурлаас гаргана гэж амлаж, УИХ-д сонгогдсон. Гэтэл цагийн зүү талдаа орчихсон байхад энэ амлалт хэрэгжихгүй байна. Нөгөөтэйгүүр гишүүдийн мөнгөний асуудал байна. Н.Энхбаяр Ерөнхий сайд байхад нэг саяас эхэлсэн “гишүүний мөнгө” найман тэрбумд хүрлээ. Намайг Европ явахын өмнө таван тэрбум төгрөг байж байгаад арав хоноод ирэнгүүт найман тэрбум төгрөг болсон. Манайд гэрлийн хурдаар өсч буй зүйл нь “Гишүүний мөнгө” л болж байна.

-Зураг, төсөвгүй барилгаас мөнгө хэмнээч. Хэмнэсэн мөнгөөрөө аж, үйлдвэрийн салбараа босгочих. Нүүрсний үнэ унавал аж үйлдвэрийн салбар л бидний ирээдүйг авч явна.

-Ж.Эрдэнэбатын Засгийн газар концессын гэрээнүүдийг сайд нартаа авч өгсөн гэх шалтгаанаар унасан. Энэ мэт зүйлүүд давтагдаад байгаа учраас УИХ цаашид ажиллах боломжгүй гэж үзэн, Үндсэн хуульд заасны дагуу зөвшилцөх бичгээ УИХ-ын даргад өргөн барилаа. Харин УИХ-ын дарга ямар хариу өгөх юм байгаа юм.

-Ерөнхийлөгчийн тухай хуулийн 11 дүгээрт УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж, өөрөө тарах шийдвэрийг УИХ-д санал болгох тухайгаа зөвшилцөхөөр УИХ-ын даргад албан ёсоор мэдэгдэнэ. УИХ-ын дарга уг саналыг зөвшөөрвөл Ерөнхийлөгч саналаа УИХ-д оруулахад саад болохгүй гэж заасан. Гуравны хоёроороо өөрсдийгөө кнопдоно гэсэн үг.

-Хөдөө аж ахуйн том салбарыг битгий унтуулаад байгаач ээ. Дотооддоо ноос, ноолуур, арьс ширээ боловсруулаад, гадагш гаргах, экспортлох асуудлыг дэмжихгүй байна шүү дээ.

-ГИШҮҮД ЖДҮ-ИЙН ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ЗЭЭЛСЭН НЭГ ТЭРБУМ 
ТӨГРӨГӨӨРӨӨ МӨНГӨ ХҮҮЛЭЛТ ЯВУУЛДАГ -

-Өнөөдөр /өчигдөр/ Ерөнхий прокурор, АТГ-ын даргыг дуудаж уулзаад “Би мэдээллийг сошиалаар авч байна. Албан ёсны мэдээлэл өг. УИХ-ын гишүүд үнэхээр ийм ажил хийгээд байна уу” гэсэн. Тэгэхэд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 100 гаруй компани зээл авсан. Түүнээс 10 орчим компани нь УИХ-ын гишүүдийнх гэдэг баталгаатай гэсэн. Маргааш /өнөөдөр/ надад албан ёсоор мэдээлэл хүргүүлнэ гэсэн.

-Хоёр, гурван гишүүн нийлээд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас нэг, нэг тэрбум төгрөгийн зээл аваад банк бус санхүүгийн байгууллага руу хийдэг. Ингээд түүгээрээ дамжуулан мөнгө хүүлээд байна гэх мэдээлэл жилийн өмнө надад ирсэн. Би тухайн үед итгээгүй. Арай ч тийм зүйл байхгүй болов уу гэж бодсон. Тэд тэрбум төгрөгөө бэлнээр аваад, 100 мянга, сая гэх мэт бага багаар нь банк бус санхүүгийн байгууллага руу хийхээр хэн хийж байгаа нь мэдэгддэггүй юм байна.

-Би МАН-ын бүлгийн хуралдаанд оролцсон. Үнэхээр нэг тэрбум төгрөг авчихсан юм уу гэж гишүүдээс нь асуусан. Гэтэл “Би авсан. Гэхдээ бүгдээрээ л авдаг шүү дээ” гэж хариулж байгаа юм. Тэр хүний нэрийг хэлээд яах вэ дээ. Боломжтой, УИХ-д хоёр, гурван удаа сонгогдсон гишүүн ийм зүйл яриад байгаа юм.

-АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа дууссан. Ажлаа хийж чадахгүй бол өгөх л хэрэгтэй. Хотгор шанагын нүүрсний уурхайн асуудлаар нэг сэтгүүлч бүхий л баримтыг нь гаргаад ирсэн байхад бүхэл бүтэн АТГ энэ асуудлыг яагаад шалгахгүй байгаа юм бэ.

-Хотгор шанагын уурхайн асуудлаар хөдлөхгүй бол би Солонгосын одоогийн Ерөнхийлөгчид захидал бичнэ.

-Төмөр замын асуудлаар надад хэрэг үүсээгүй. 2011 онд төмөр замын бодлого батлагдсан ч мөнгийг нь гаргаж өгөөгүй, 2012 оны сонгуультай золгосон. Одоо Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичиг А.Гансүхийг Зам, тээврийн сайд байхад төмөр зам барих ажилд 200 сая доллар өгсөн. Үндсэндээ нэг тэрбум доллараар баригдаж дуусах төсөл. 200 сая доллар өгөөд л бүх ажил зогссон. А.Гансүх дээр хэрэг нь үүсээд, гурван жил өнгөрч байна.

-Манай баялаг орд газрыг булаацалдсан Ван, Ян гэх хоёр хятад иргэнд Монголын хууль хяналтын байгууллага худалдагдсан. Энэ бол бодит үнэн.

-УИХ тарах байлгүй дээ. Яаж ийм байдалтайгаар цааш үргэлжлэх юм бэ. Монгол Улсын нэр хүнд шүү дээ. УИХ тарахгүй бол өлсгөлөн зарлах уу, би. Суулт зарлах уу. Хууль ёсны дагуу шаардаж, хувьсгал хийх тухай хамтарч ярьсан ч бүтсэнгүй.