Бид бүхэнд санасны зоргоор олдох боломжгүй албан паспорт танил талтай хүнд бол амархан олддог ажээ. Хамгийн эмзэглэмээр асуудал нь энэ хэрэгт  хууль сахиулах үүрэг хүлээсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагч хууль бус гэдгийг мэдсээр байж оролцсон байна.  

Монгол улсын иргэн М.Б-д  албан гадаад паспорт авах санаа төрсөн байна. Улмаар энэ хүслээ гүйцэлдүүлэхийн тулд  Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагч Ц.Д гэгчид хандсан.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтнаар

·         Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ямар ч бичвэргүй хоосон хэвлэмэл хуудсан дээр байгууллагын тэмдгийг,

·         Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын хуурамчаар үйлдсэн тушаалыг баталгаажуулж хуулбар үнэн гэсэн тэмдгийг тус тус даруулж чадсан байна. Мөн хуурамч үнэмлэх үйлдүүлэх зорилгоор Ц.Д өөрийнхөө албаны үнэмлэхийг нь авч ашиглах ажиллагаанд оролцуулжээ.  

Өөрөөр хэлбэл М.Б нь  шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчаас авсан дээрх баримтуудаараа  

·         Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байрны даргаар томилсон тушаал,

·         Өөрийгөө томилолтоор гадаадад ажиллуулах тухай тушаал,

·         Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг,

·         шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн тангараг,

·         Ц.Д-гийн албаны үнэмлэхийг ашиглан өөртөө албаны үнэмлэх зэргийг хуурамчаар үйлдсэн байна.

Төрийн байгууллагын нэр нүүрийг ийнхүү хуурамчаар ашигласан үйлдлээ Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагч Ц.Д нь өөрийн худ болох гэж байгаа М.Б-, Ч.О- нарын гуйлтаар тэднийг хүндэтгэн тусалсан нь энэ хэмээн тайлбарлаж байна.   

Хэдийгээр хуурамч баримт бичиг үйлдэхэд Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагч Ц.Д дэргэд нь байгаагүй ч эрүүгийн хуулийн 23.2.1 Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах зүйл ангиар яллагдсан байна.  Учир нь  Ц.Д-гийн оролцоогүйгээр уг гэмт хэрэг үйлдэгдэх боломжгүй байсан нь тогтоогдсоноос гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хуурамч баримт бичиг үйлдсэнээр болон түүнийг ашигласнаар төгс үйлдэгдсэнд тооцогддог бөгөөд заавал бодитой хохирол учирсан байхыг шаарддаггүй онцлогтой тул гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Тиймээс хуурамч бичиг баримт үйлдэхэд тусалсан, үйлдсэн этгээдүүдийг торгох ялаар шийтгэсэн. Тодруулбал, албан паспорт гаргуулах “хар найруулсан” М.Б-г 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,500,000 төгрөгөөр,  хуурамч бичиг баримт үйлдсэн Б.Д-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагч Ц.Д-г 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэсэн байна.

Анхан, давж заалдах болон  хяналтын  шатны шүүхээс  дээрх ялыг хэвээр нь үлдээсэн. Эдгээр хүмүүс ял авлаа гэхэд дахин ийм хэрэг гарахгүй гэх эрсдэл байхгүй.  Тиймээс төрийн байгууллага тэр тусмаа хууль дээдлэн сахин хамгаалах ёстой алба хаагчдын ёс зүй, ажлын хариуцлагыг  чангатгах зайлшгүй шаардлага байгааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга та анхааралдаа авна уу!!!