Дуучин Б.Амархүү хүн зодож танхайрсан хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж буй. Тодруулбал, Б.Амархүү нь Хүүхдийн зууд байрлах нэгэн цэнгээний газарт танхайрч бусдын биед гэмтэл учруулсан хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдсан.

Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, харьяа дүүргийн анхан шатны шүүхэд хавтаст хэргийг шилжүүлжээ. Шүүхээс маргааш /2018.11.01/ өдрийн 15.00 цагт Б.Амархүү болон түүний менежер Б.Гандаваа нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг товложээ.

Эх сурвалжийн мэдээлснээр Б.Амархүү нь 2018 оны хоёрдугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө хүүхдийн зууд байрлах нэгэн рестораны үүдэнд 30 орчим насны залуутай үл ойлголцон зодолджээ. Энэ үед түүнтэй хамт явж байсан Б нь хажуугаас нь цохисон гэх. Харин хохирогч залуу зодуулсны улмаас толгой нь хагарч, биедээ хүнд гэмтэл авсан болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.