ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас эхнэр, ах дүү амраг садан болон хамаарал бүхий компанидаа зээл авсан гишүүд эхнээсээ УИХ-ын гишүүнээсээ эгүүлэн татагдах уу гэх асуудал яригдаж эхэллээ.

Тодруулбал, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг энэ асуудлаас болж өнгөрсөн сарын 30-ны өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гаргаж тэрбээр уг асуудлаар Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний эцэст Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдаас чөлөөлөх саналыг өчигдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. Гэтэл түүнийг прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх саналтай байгаагаа УИХ-д өчигдөр тавьсан юм. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа "Б.Батзориг сайдын хүсэлтийг бүлгийн хурлаар ярьсан. Прокуророос түүнийг УИХ-аас түдгэлзүүлэх санал ирсэн” гэлээ. Үүний дагуу УИХ асуудлыг 48 цагийн дотор шийдэх шаардлага үүслээ.

Тэгвэл энэхүү ЖДҮ-ийн хэрэг явдал дан ганц Б.Батзориг гишүүнээр дуусахгүй бололтой. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ын нэр бүхий хоёр УИХ-ын гишүүнийг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авч Банк бус санхүүгийн байгууллагаар мөнгө угаасан гэж үзэж буй аж. Түүнчлэн тэднийг яаралтай улсын төсөвт 350 тэрбумыг суулгахгүй бол уг асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулж УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах хэмжээнд хүрч мэдээллийг олон нийтэд ил тод нээлттэй болгох тухай асуудал яригджээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэхүү асуудлыг Тагнуулын ерөнхий газар болон, УМБГ-т шалгаж нууцын зэрэглэлд оруулан шалгаж байгаа аж.

Ямартай ч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга жижигчүүдэд очих ёстой энэ мөнгө тэрбумтануудад очсон учраас зээл авсан УИХ-ын гишүүд, сайд, дарга нарыг яаралтай зээлээ төлж ард түмнээс уучлалт гуйгаад зогсохгүй асуудлыг тултал нь шалгахыг хуулийнханд үүрэгдсэн. Хэрвээ дээрх яриа биелэлээ олвол У.Хүрэлсүхийн танхимаас нэг биш нэлээд гишүүд дээлээ нөмөрч аавынд очих зам нь зурайж эхэлжээ. Бид энэ удаад мөнгө угаасан гэх хоёр гишүүний нэрийг нууцалж дараагийн дугаартаа эргэн мэдээллэх болно. Үргэлжлэл бий…