УИХ-ын чуулганы  чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэхээр товлосон байв. Энэ талаарх Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг Шадар сайд Ө.Энхтүвшин нэгдсэн хуралдаанд танилцуулах байсан юм.

Гэвч нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү хуульд заасны дагуу Засгийн газрын гишүүнийг томилуулах саналаа Ерөнхий сайд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах ёстой. Иймээс Ерөнхий сайдыг нэгдсэн хуралдаанд оролцуулах горимын саналтай байна гэдгээ хэллээ.

Мөн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Засгийн газрын гишүүнийг томилуулах асуудлыг өчигдөр Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхэд Ерөнхий сайд, Шадар сайд нарын аль аль нь байгаагүй. Манай намын бүлэг жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай нэр холбогдсон сайд нартаа хариуцлага тооцох асуудлыг ярихгүй бол Засгийн газрын гишүүнийг томилуулах асуудлыг ярихгүй, нэр дэвшигчийг дэмжихгүй гэсэн байр суурьтай байгаа гээд Ерөнхий сайдыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох хүртэлх хугацаанд завсарлага авах хүсэлт гаргасан юм.

Харин Шадар сайд Ө.Энхтүвшин Ерөнхий сайд бага зэргийн гэмтлийн улмаас чуулганы хуралдаанд оролцох боломжгүй байгааг гишүүдэд тайлбарлаад ямар ч тохиолдолд төрийн ажил хэвийн явагдаж байх шаардлагатай тул Засгийн газрын гишүүнийг томилуулах Ерөнхий сайдын саналыг хэлэлцээд явах нь зүйтэй байна гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.

Ерөнхий сайдаас өргөн мэдүүлсэн саналын дагуу УИХ-ын гишүүн Ч.Улааныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилох асуудлыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэхээр төлөвлөөд байсан ч УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан тул Засгийн газрын гишүүнийг томилуулах асуудал түр хойшлогдлоо.

Иймээс хуралдаан даргалагч чуулганы нэгдсэн хуралдааны өмнө хуралдахаар товлоод байсан ч ирц хангалттгүйгээс хуралдаж амжаагүй Хууль зүйн байнгын хороог хуралдаж дуустал нэгдсэн хуралдааныг түр завсарлуулав