УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Ц.Мөнх-Оргил, Н.Номтойбаяр, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, Ж.Эрдэнэбат нар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн бариад буй билээ.

Уг бичигт нийт долоон үндэслэл бичсэн байх бөгөөд  Монгол Улсын Их Хурлын Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан журмын дагуу Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү хэмээн УИХ-ын 27 гишүүн гарын үсэг зурсан байв.

Өчигдөр АН-ын удирдлага хуралдан, У.Хүрэлсүхийн Засгийн Газрыг огцруулахыг санал нэгтэй дэмжихийг УИХ дахь АН-ын бүлэгтээ үүрэг болгосон билээ.

Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийг огцруулахыг дэмжиж буй ажээ. Ингэсэн ч Засгийн Газрыг огцруулах, эс огцруулах байр суурьтай бүлэглэлүүдийн хүч үндсэндээ тэнцүү хэвээр байгаа юм.

Иймээс ч аль аль тал нь нөгөө бүлэглэлээсээ УИХ-ын гишүүн урвуулж, элсүүлэхээр идэвхтэй яриа хэлэлцээр хийж байна. Болзол нь мэдээж албан тушаал.

Үүнтэй холбоотой  нэгэн сонирхолтой хэлэлцээр явагдаж буй талаар эх сурвалж өгүүлэв.

Тодруулбал Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Ц.Нямдорж гагцхүү өөрийг нь Монгол Улсын Ерөнхий Сайд болгохыг зөвшөөрөх болзолтойгоор У.Хүрэлсүхийг огцруулахыг дэмжиж болох юм гэсэн байж болзошгүй аж.

 

Тэр бүү хэл Увс аймгийн гаралтай хоёр УИХ-ын гишүүний хамтаар Засгийн Газрыг огцруулахыг дэмжиж санал өгөх тухай ч яригджээ.

Засгийн Газрыг огцруулах эсэхтэй холбоотой яриа, хэлэлцээрүүд үргэлжилж байна.

П.Энхмандах

sonin.mn