Засаг огцрох асуудал ид яригдаж буй энэ үед улс төрийн “биеэ үнэлэгч”-дийн ханш хаданд гарч байна. Тэдний тэргүүн эгнээг УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнгөлж явна. Учир нь тэрбээр жагсаал хийж хувийнхаа эрх ашгийн төлөө хуруугаа худалдахаар гэтэж явна.

Хэрвээ уншигчид санаж буй бол тэрбээр “7 дугаар сарын 1”-ний аймшигт хэргийг өдөөн зохион байгуулж, таван залуугийн амь насыг гарзадсан үймээн самуун хийчихээд АН-д шургалж амиа хоохойлсон нэгэн. Түүнд үзээд өгье гэсэн ч улс төрийн үзэл баримтлал үнэндээ байхгүй. Өөртөө л ашигтай бол өрөөлөөс урвах, хувьдаа хэрэгтэй бол хулжиж зугтаах адгийн араншинтайг нь ард түмэн андахгүй болсон. Аль ч нам засагласан ах нар нь дандаа дарга даамал хийж, АТГ-т шалгагдаж байсан хэргүүд нь алга болж орхидог нь Зандан хүүгийн заль мэхтэй холбоотой гэлцдэг.

Шударга үнэний баг зүүж баатрын дүр эсгэдэг тэрбээр 2012 оноос хойш УИХ-д суухдаа төдөлгүй тэрбумтаны эгнээнд шилжсэнийг хөрөнгө орлогын мэдүүлгээс нь тодхон харж болно. Угтаа бол цагаан хоолойноос өөр өмчгүй нүцгэн жагсаж явсан тэмцэгч гуай яаж яваад тэрбумтан болсон түүх нь маш их хачирхалтай. Одоо тэгвэл У.Хүрэлсүхийн Засаг огцрох сургаар “Зуд болбол нохой зоолдог” гэгчээр ашиг унацад амташсан Ж.Батзандан барьцаа ахиулж, кнопоо худалдахаар гүйж явна. Тухайлбал, өнгөрсөн наймдугаар сард Зам тээврийн хөгжлийн яаманд хүн амины хэрэг гарч, галт тэрэг онхолдсон асуудалд тухайн үед сайд хийж байсан түүний төрсөн ах тус яамны ТНБД, Ж.Бат-Эрдэнэ хариуцлага хүлээж сайн дураараа ажлаа хүлээлгэн өгсөн.

Гэтэл энэ сарын эхээр мөнөөх Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнэ гэгч дээрээ дэгээтэй хүний шид үзүүлж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөхөөр томилогдож “сохорсон биш завшив” гэдэг болсон. Харин одоо кнопоо худалдаж сурсан дүүгийнхээ буянаар бүр дэвшиж ЗГХЭГ-ын дэд дарга болох сураг дуулдаж эхлэв. ЖДҮ-ийн сангаас 400 сая төгрөг цохьсон хэргээр ажлаасаа сэмхэн халагдсан Б.Бат-Эрдэнэ гэгчийн оронд Ж.Батзанданийн ах Ж.Бат-Эрдэнийг томилох тохироо хийгдэж, оронд нь мөнөөх шударга дүр эсгэхдээ сурамгай “шударга гар” засгийг огцруулахгүй кноп дарахаар болсон юм байх. Уг нь АН-ын Улс төрийн зөвлөл ч тэр, УИХ дах АН-ын бүлэг ч тэр Засгийн газрыг огцруулах асуудлыг санал нэгтэй дэмжихээр улс төрийн шийдвэрээ нэгэнт гаргасан. Харин энэ нь хаа л ашиг хонжоо байна түүнд харх шиг шунаж явдаг Ж.Батзандангийн хувьд огтхон ч падлийгүй бололтой.

Амин хувийнхаа эрх ашгийн төлөө чөтгөртэй ч нэгдэж, ард түмний эсрэг бурхнаас ч урвадаг Ж.Батзандан улс төрийн зомби болж улайран зүтгэж байгаагийн цаад шалтгаан ердөө л энэ. Энэ жүжгээ найруулахын тулд У.Хүрэлсүх Ж.Батзандан нар хүзүү сээрээрээ хэлхэлдэж ЖДҮ-гийн “ хулгайч” Хэрэг эрхлэхийн дэд дарга асан Б.Бат-Эрдэнийг өөрийн ах Ж.Бат-Эрдэнээр сэмээрхэн солих башир аргыг нь ард түмэн мэдэхгүй өнгөрнө гэж андуурсан бололтой. Ёстой нөгөө жинхэнэ Дамбийжаагийн оронд хуурамч Дамбийжааг тоглуулдаг шиг л юм сэдэж. “Ялсан тал манайх” гэдэг угийн урвагч уриатай Ж.Батзандантангууд улс төр дэх ургийн модоо услаж торддог ганц арга нь энэ.

Амаараа шударга ёсны талаар шүлсээ хаттал бахирчихаад хуруугаа худалдаж хулгай хийдэг, өндгөө худалдаж өөрөө баяждаг Хэврэг Зандангийн хараал идсэн хэтийн төлөвлөгөө хаа хүрэхийг бултаараа харцгаая даа.

Х.МАРГАД

niigmiintoli.mn