Хоёр жилийн өмнө. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах санаачлагаа дэмжүүлэхээр С.Жавхлан гишүүнтэй 13-р хороололд байрладаг "Хөх нуруут" зоогийн газар нь уулзлаа.

Дөнгөж гишүүн болоод байсан С.Жавхлан маань сайхан амттай сүүтэй цай, боорцог, хар шөлөөр дайлж маш уриалгахан хүлээн аваад "Дэмжиж байна. Би нэг тэнгэрээс асуусан юм, одоо л Ц.Элбэгдоржийг унагах бололцоотой цаг гэж хэлсэн. Хоюулаа хамтаръя" хэмээн надад урам зориг хайрлан бид хамтрахаар боллоо. Хамтдаа хэвлэлийн хурал хийж, С.Жавхлан гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд асуудал оруулахаар болсноо зарлалаа. Тэр хурал дээр С.Жавхлан гишүүн "Ц.Элбэгдорж өөрөө монгол төрийн утаа юм" гэсэн алдарт үгээ нэгэнтээ хэлсэн билээ. 

Ингээд гишүүн байхдаа асуудал оруулж байсан бичиг баримт нэгэнт бэлэн байсан тул түүнийгээ аваачиж өгөхөөр маргааш нь ордон ортол гишүүн өрөөндөө байсангүй, нөгөөдөр, түүний маргааш ч олдсонгүй. Утсаа авахаа болив. Хоёр долоо хоногийн турш тасралтгүй хөөцөлдөөд туслахаас нь "Гишүүн АНУ руу сарын хугацаагаар явсан" гэсэн хариу сонссон тул ирэхийг нь хүлээхээр шийдлээ. Би тэр залууг хэн нэгэнд "аргалуулчихлаа" гэдэгт өөрөө итгэхийг хүсэхгүй байлаа.

Гишүүнийг АНУ-аас ирэхээр нь арайхийн олж авч өрөөнд нь уулзлаа. 

-Та яав аа, гишүүн ээ? Бүх бичиг баримт бэлэн, зөвхөн таны гарын үсгийг л хүлээж байна?

-Жаахан харзнах хэрэгтэй юм шиг байна аа. Би нэг тэнгэрээс асуусан, цаг нь арай биш гэж хэллээ.

-Үгүй та чинь өмнө нь хоюулаа хамтрах шийдвэр гаргахдаа тэнгэрээсээ асуучихсан байсан биз дээ? Тэр тэнгэр болно гэж хэлсэн тул хоюулаа хэвлэлийн хурал хүртэл хийлгэчихсэн шүү дээ

-Тэр ч өөр тэнгэр байсийм л даа...

-Аан... /Би дотроо бодлоо. Миний сонссоноор муу зүгийн 44, сайн зүгийн 55 тэнгэр байдаг. Хэрэв тэдний олонхийн саналаар шийдвэл ч арай л өөр шийдвэр гишүүн маань гаргах байсан юм биш байгаа даа.../

Тэгээд би:

-За яахав ээ гишүүн ээ, би таныг ойлгож байна, тэнгэрийн тааллаар хөдлөх учиртай юм байж. Харин хоюулаа хамтарч хэвлэлийн хурал хийгээд олон нийтэд "Ц.Элбэгдорж өөрөө монгол төрийн утаа, эхлээд энэ утаанаас салах ёстой!" гээд та өөрөө мэдэгдэл хийчихсэн байдаг. Хүмүүст, олон нийтэд юу гэж хэлэх болж байна аа?Олон хүн та бид хоёрыг "худалдагдчихлаа, Элбэгдоржоос мөнгө авчихаж" гээд л баахан хараана даа..."

С.Жавхлан гишүүн:

-Олон нийт яах вээ, тэд долоо хоноод л мартчихдаг юм чинь, тэрийг ч бас мартчихна!

Ингээд би хэлэх үггүй болж түүний өрөөнөөс гарсан бөгөөд нээрээ л миний ард түмэн долоо хоноод энэ үйл явдлыг мартчихсан юм даа. 

Өчигдөрхөн ЖДҮ-чдийг үзэн ядаж яахаас ч буцахгүй болсон байсан миний ард түмэн өнөөдөр ЖДҮ-ийн засгийн газрын тэргүүнийг хайрлан дээдэлж, бүр шүтэн биширч өмгөөлөөд яахаас ч буцахгүй байгааг та бид харж байна! Шударга ёсоор бол, У.Хүрэлсүхийн засгийн газрын тэргүүний хувьд ч, намын даргын хувьд ч бүгдтэй нь хариуцлага тооц гэж шаардах ёстой биш бил үү?!

Наад зах нь ЖДҮ, бусад сангууд, цаад зах нь концесс, төслийн хөрөнгийг хэн хэрхэн зарсныг шударгаар шалгахад энэ их хуралд үлдэх хүн цөөн болно доо. Ингэхэд "Холбоотой бүх гишүүнийг нь оруулаад ирнэ, бүү санаа зов!" гэж хэлсэн Ерөнхий прокурорынхоо үгийг ч одоо мартчихсан л байгаа. Аргагүй шүү дээ, аль хэдийн 7 илүү хоночихсон байна шүү дээ! Миний ард түмээн гэж...

С.ЖАВХЛАН ГИШҮҮН УХААНТАЙ, ТА НАР ТҮҮНИЙГ БАСЧ БОЛОХГҮЙ!

Гантөмөрийн Уянга