МАН-ын шуурганд төөрсөн АН-ынхан Улс төр ширүүхэн үргэлжилсээр эрх баригч нам доторх зодоон нилээд ширүүсч Засгийн газар унахад хүрсэн ч эцэстээ санал нэгдэж чадсан. Энэхүү зодоон сөрөг хүчнийг ч мөн тойролгүй дайраад гарчихлаа.

Тодруулбал, 9-хөн гишүүнтэй сөрөг хүчний дотоод тэмцэл УИХ-д бүлэггүй болох дээрээ тулав. Хар хүний өмнөөс шар хүн гэгчээр эрх баригч намын Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаас болж АН хагараад байгаа нь ёстой л нэг айлын хэрүүлээс болж эхнэр,нөхөр хоёр салав гэдэг шиг л хөгийн юм болж байна.

Хөөрхий дөө, тэдний хөлд чирэгдэж ингэж чи, би-дээ тулж, даргаасаа эхлээд даамал нь хүртэл хэвлэлийн хурал хийж байгааг харахаар энэ намд өдий хүртэл буурь сууж, зангараг тогтсонгүй юу даа гэж хармаар. Одоо сөрөг хүчнийхэн бүлгийн хэмжээнд оршин тогтнож чадахгүй болж байна. Гэхдээ АН-ын уруудаж яваа түүх МАН-ын талцал хуваагдлаас үүдэлтэй юу, Уг нь тэд У.Хүрэлсүхийн Засгийн газарт муу дүн тавьсан учраас огцруулах кнопыг улстөрийн шийдвэр гаргаж хэрэгжүүлсэн хэрэг. Гэтэл намаа мурьж шившгийн хөндийнхөнтэй ах дүү болцгоосон Ж.Бат-Зандан, Л.Болд нар өөрсдийгөө гавьяа байгуулсан мэтээр өдөр шөнөгүй ярьж өөрсдөөс нь илүү өөгүй хүн энэ намд байхгүй хэмээн ичихгүй бурчихав.

Тухайлбал, Ж.Батзандан өчигдөр намаас нь хөөх шийдвэр танилцуулсны дараа “МАНАН-гийн халаасанд орсон С.Эрдэнэ, Д.Эрдэнэбатыг АН-аас зайлуулна. АН шинэчлэгдээгүй байна. АН-ыг шинэчилсэн гэж С.Эрдэнэ хуурмаг баг зүүсэн байна. АН-ын шинэчлэлд би оролцож, АН-ын эв нэгдлийн төлөө зүтгэсэн. Би ардчиллын төлөө зүтгэж байсан. Намын хууль бус шийдвэрт захирагдах эрх бидэнд байхгүй. Бид МАН-гийн талд зогсохгүй. Би АН-ынхаа мянга мянган гишүүдтэй хамт байх болно.

С.Эрдэнэ наагуур цаагуур гүүж байгаад Н.Алтанхуягийн засгийн газрыг огцруулж байсан.” хэмээн мэдэгдсэн. Мөн сонгуульд өрсөлдөх эрхээ дөрвөн жилээр хасуулсан Л.Болд “Засгийн газрыг огцруулах асуудал МАНАН-гийн тогтолцооны дотоод хагарал, бүлэглэлийн дотоод тэмцэл. Үүнд АН ямар ч хамаагүй. Би өнөөдрийн шийдвэрийг хараад гутарч байна. АН ардчилсан биш коммунист нам болжээ. МАН-ын халаасны нам болжээ” хэмээн мэдэгдсэн. Үүнийхээ дараа тэр УИХ дахь АН-ын бүлгээс гарах бичгээ бүлгийн даргадаа хүргүүллээ. Хэдийгээр энэ хоёр товариш өнөөдөр шударга ёс хэмээн ярьж шүлсээ хаа сайгүй үсчүүлж байгаа ч тун удахгүй тэд Засгийг үлдээх кнопоо ямархуу байдлаар үнэлсэн бэ гэдэг нь ил болно хэмээн С.Эрдэнэ дарга хэлж байсан. Эцэст нь хэлэхэд АН аврагдах уу, анигдах уу гэдгийг харах л үлдлээ.

эх сурвалж: erennews