Улс төрийн намын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн иргэн О.Лхагвадорж, Ц.Мөнхбаяр, П.Шинжээ-Равдан, Б.Батсайхан нар МАН болон АН-ын үйл ажиллагааг хориглон тараалгахаар УДШ-д ханджээ.

Тэд МАН, АН хоёр Монгол Улсын эдийн засгийг сүйтгэн бусинуулж, Үндсэн хуулийг завхруулж, төрийн эрх мэдлийг хууль бусаар булаан , Улс орны тусгаар тогтнолд аюул занал учруулж байна гэж үзэж, олон баримт нотолгоог гаргасан аж.    

Нэхэмжлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.    

 

 

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭД

ӨРГӨДӨЛ /НЭХЭМЖЛЭЛ, ГОМДОЛ/ ГАРГАХ НЬ

 

2018.12.06.                                                              Улаанбаатар хот

 

Өргөдлийн товч агуулга: 

 

“Монгол Улсын нийгэм, эдийн засгийг сүйтгэн бусинуулж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан “... шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, хүнлэг нийгэм байгуулах” зорилт, “... эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх...” төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимыг үгүй хийж, Улс үндэстнийг мөхөөхөд чиглэсэн хорт бодлого, үйл ажиллагаа явуулж байгаа гэмт хэргийн бүлэглэлүүд болох Монгол Ардын нам /МАН/ болон Ардчилсан нам /АН/-ын үйл ажиллагааг хориглон тараалгах тухай.

 

Хариуцагч: 

Монгол ардын нам /МАН/ 

Хаяг: 

Улаанбаатар хот, 14200, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Алтангэрэлийн гудамж-3, Тусгаар тогтнолын ордон

Хариуцагч: 

Ардчилсан нам /АН/ 

Хаяг: 

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын талбай-8, Ардчилсан намын байр

 

Хууль эрх зүйн үндэслэл: 

Улс төрийн намын тухай хуулийн “23 дугаар зүйл. Намын үйл ажиллагааг зогсоох, намыг тараах” тухай заалтуудын 23.2.-т 

“- Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, яс, үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан буюу шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист намын хэлбэрт шилжсэн бол Улсын дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргаж, уг намыг энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ”./Энэ хэсгийг 2005 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ гэж заасан билээ.  

 

Намуудын үйл ажиллагааг хянаж, улс нийгмийн эсрэг бодлого, үйл ажиллагаа явагдсан үед намыг тараах эрх үүргийг хоёрдмол утга санаагүйгээр зөвхөн Улсын Дээд Шүүхэд харъяалуулсан энэхүү заалтыг үндэслэн сүүлийн 28 жилийн турш ээлжилж болон хамтарч төрийн эрхийг барихдаа,  үйл ажиллагааг нь хориглох тухай заасан Улс төрийн намын тухай хуулийн  23.2. дугаар зүйлийн “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, ... үйл ажиллагаа ...“ явуулж, нэн даруй таслан зогсоохоос аргагүй нөхцөл байдлыг нийгэмд нэгэнт бий болгоод байгаа Монгол ардын нам /МАН/, Ардчилсан нам /АН/-ын үйл ажиллагааг хориглон тараалгахаар өргөдөл /нэхэмжлэл, гомдол/ гаргаж байна.   

 

Монгол Улсын үндэсний эрх ашгийн эсрэг явуулж ирсэн МАН, АН-ын үйл ажиллагааны зарим баримтыг тоймлон бүлэглэж дурьдвал: 

 

Нэг. Тус хоёр нам Төрийг гэмт хэргийн зохион байгуулалттай бүлэглэлүүдийн бүтэц болгон хувиргаж, улс орныг тонон дээрэмдэж, Монгол улсын эдийн засгийг санаатайгаар сүйтгэн бусинуулах бодлого, үйл ажиллагааг явуулж ирлээ. 

Өмч хувьчлал нэрээр монголын ард түмний хэдэн үеийн бүтээн байгуулсан их хөрөнгийг цөөн хэдэн эрх мэдэлтэн хуваан завшиж, улс орны эдийн засгийн суурь үндсийг устган, иргэдийг үй олноор нь ажлын байргүй болгож, гудамжинд хөөн гаргаснаар эхлэсэн Монгол Улсын эрх ашгийн эсрэг, эдийн засаг, оршин тогтнохуйг нь хорлон сүйтгэх үйл ажиллагаа цаашид банкуудыг дампууруулан хувьд шилжүүлэх, хадгаламж зээлийн хоршоодыг байгуулан иргэдийг цөлмөж, улсын төсвөөс иргэдийн хохирлыг нөхөн төлөх зэргээр үргэлжилснийг Монголын ард түмэн мартаагүй байна. 

Тэр бүхэн МАН, АН хоёрыг, эдгээр намын удирдах бүрэлдэхүүнийг Монголын түүхэнд хараар үлдээх, хараан зүхэгдэх гэмт хэргүүд билээ.    

Гэтэл Монгол Улсыг үгүй хийх МАН, АН-ын дайсагнал үүгээр зогссонгүй улам нарийн зохион байгуулалттай, улангасан дайсагнасан шинжтэйгээр гадны заавар, дэмжлэгтэйгээр цааш өрнөснийг дараа дараагийн хэргүүд, тоо баримтууд тодорхой илчлэнэ.  

Тухайлбал 2000 оны үед Монгол Улсын төсөв 500 тэрбум төгрөг байсан бол өнөөдөр 12 их наяд төгрөг болоод байна. 

2000 оны үед 400 орчим төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш өнөөдөр 6 дахин өсөж, харин улсын төсөв 24 дахин өссөнийг дээрхи тоо баримтаас харж байгаа байх. 

Гэтэл Монголын нийгмийн амьдрал улам бүр сульдан доройтож, гадаад өр байнга өсөн нэмэгдэж 27 тэрбум ам.доллар болчихоод байна. Үүнтэй хамт татвар төлөхөөс зайлсхийж мөнгөө нуусан, хулгай, луйварт гаршсан, улсаасаа баян офшорчид бий болов.  

Улсын төсвийн орлого асар их нэмэгдчихээд байхад л зориуд алдагдалтай төсөв батлаж, заавал гаднаас зээл авч, өрийг цааш улам өсгөх бодлого барьж ирсэн. Бүр хуульчилан тогтоосон өрийн таазаа хүртэл цөмлөн зээл авч, бонд гаргаж, концессийн гэрээ байгуулан гадныханд хөрөнгө баялгаа барьцаалдаг болсон. 

Энэ өр зээлтэй зэрэгцээд Монголын эрдэс баялаг, жилээс жилд улам ихээр гадагшаа урсаж, төдий хэмжээгээр амьдрал тэтгэгч эко орчин эвдрэн доройтож байна. 

2017 оны байдлаар 5,6 тэрбум ам.доллар буюу 14 их наяд төгрөгийн байгалийн баялгийг, харин 2018 оны эхний 9 сарын байдлаар албан ёсны статистик мэдээгээр 12.2 их наяд төгрөгийн үнэ бүхий байгалийн баялгийг олзворлож гадагш зөөжээ. 

Энэ бол зөвхөн ил тодорхой мэдэгдэж байгаа, тооцогдож байгаа цөөн хэдэн нэр төрлийн олзворлолтын үнэлгээ юм. Харин ямарч хяналтгүйгээр, далд хулгайн замаар гарч байгааг тооцож үзвэл хэд дахин нэмэгдэнэ. 

Монголын байгаль, экологи яаж сүйтгэгдэж, хөрөнгө баялаг хэрхэн цөлмүүлж, байгаа тойм төдий тоон илэрхийлэл нь энэ юм. 

Энэ мэтээр улс орныг МАН, АН хоёр хэрхэн цөлмөж, гэмт хэргээ хэрхэн дарж, дарагдуулж ирсэн тодорхой зарим баримтыг дурьдвал:   

1./ 2015 оны 8 дугаар сарын 07-нд “Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль” батлан гаргаж, хулгай луйвраар олсон хөрөнгөтэй нь холбогдох ямар ч гэмт хэрэгт  

1. Эрүүгийн хэрэг үүсгэхгүй

2. Захиргааны хариуцлага хүлээлгэхгүй

3. Гүйцэтгэх ажил явуулахгүй

4. тэдгээрийн эх үүсвэр, хэмжээ, үнэ, өртгийг нууцлах бөгөөд нотлох баримт болгон ашиглахыг хориглоно 

5. Тэдгээрийн мэдүүлсэн мэдээлэл нь НУУЦ байна. 

  

гэж хуульчилан тогтоосон нь цагаандаа гарсан улс орноо тонон дээрэмдэх ажиллагаа болсныг дэлхийн бусад улс орны төрийн албан тушаалтнууд гадаад харилцааны хүрээнд уулзалт хийх үед шүүмжлэн мэдэгдэж байсныг манай УИХ-ын гишүүд ч өөрсдөө ярьцгааж байна.  

“Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль” хэрэгжсэнээр “2016 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар гаргасан урьдчилсан мэдээллийн хүрээнд 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болж, 8.3 их наяд төгрөгийн татвар болон 2.5 их наяд төгрөгийн торгууль, алдангиас  тус тус чөлөөлсөн.” нь улс орноо ямар муухай цөлмөж, ямар муухай гэмт хэргүүдийг хэрхэн яаж нуун дарагдуулж, хаацайлан хамгаалсны тодорхой жишээ юм.    

 

2/ Түүнчилэн Монгол улсын төсвийн 40 хувийг бүрдүүлдэг байсан “Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгөнд эрх мэдлээ тогтоохын төлөө өрсөлдөж, олон жилийн турш ээлжлэн хулгайлж хумсалж ирсэн МАН, АН-ын эрх мэдэлтнүүд эцэстээ 51 хувийг нь барьцаалж, 49 хувийг нь луйвардан хувьчилж авсан хэргүүд нь илэрч том хэрүүл маргаан дэгдээж, Монгол улсыг төлбөрт унагачихаад сууцгааж байна.    

Хамгийн хорлонтой нь Эрдэнэтийн 49 хувийг хувьчилж авахын тулд 51 хувийн маргааныг зориуд Монголын талд хохиролтойгоор шийдвэрлүүлэх хувилбарыг сонгосон болох нь маргалдагч талуудын мэдээллүүдээс ойлгогдож байгаа. Гэтэл Монгол улсыг хохироогоод байгаа энэ бүлэглэлүүдийг, 49 хувийн хувьчлалын луйврын гэмт хэргийг шалгаж, ял шийтгэлийг нь хүртээх, хариуцлага тооцох хууль, хяналтын байгууллага манайд байхгүй байна. 

Тэр ч байтугай Эрдэнэтэд томилогдсон захирлууд өөрсдийн цалингаас гадна өөр нэмэгдэл буюу Еврогоор цалинждаг тусгай дансыг нь илрүүлэн шалгах, тогтоох эрх мэдэлтэй хуулийн байгууллага ч алга.   

Өөрөөр хэлбэл манай хуулийн байгууллагуудын эрх мэдэл гэдэг нь зөвхөн эрх баригч хоёр намын бүлэглэлийн хамгаалалтын албаны үүрэгтэй төдий байна.    

Үүнийг ЖДҮХС-ийн хөрөнгийг хууль бусаар зарцуулж ХХААХҮ-ийн сайдын албан тушаалаасаа огцорсон УИХ-ын гишүүн Б.Батзоригийн мөнгө угаасан байж болзошгүй хэргийг шалгахаар Улсын прокуророос гишүүний эрхээс нь түдгэлзүүлэх саналыг оруулсан ч УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд хэрхэн хамгаалж, Улсын прокурор хэнд дуулгавартай захирагдах ёстойг нь сануулж байгааг ард иргэд харцгаалаа.

Бүр тодруулж хэлбэл эрх баригч МАН, АН-ын бүлэглэлүүдэд ямар ч хууль, улс үндэстний эрх ашиг хамаагүй гэдгийг нотоллоо.     

 

3/ Үүний хамгийн сүүлийн баримт нь ЖДҮХС-ийн зээлийг МАН-ын байгуулсан ЗГ-ын сайд гардан удирдаж, намын удирдлагын оролцоотойгоор УИХ, НИТХ-ын гишүүд, Төрд томилогдсон албан тушаалтны бүлэглэлийн хүрээнд /хамаарал бүхий компаниудынх нь нэр дээр/ хуваан авч завшсан хэрэг болоод байна.  

Орон нутагт ч Засаг дарга нар нь зохион байгуулан намын бүлэг, хамаарлаараа аймаг сумдад олгогдох ЖДҮХС-ийн зээлийг хувааж завшсан тухай мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр түрүүчээсээ цацагдаж эхлэлээ.  

Энэ бол Улс оронд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого, сонирхол МАН-д огт байхгүй, зөвхөн өөрийн бүлэглэлийн хүрээнд улс орны хөрөнгө санг цөлмөн хоослох зорилго бүхий, зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл болохыг батлаж буй хэрэг, олон нийтэд ил болсон нэг л жишээ нь юм. /Нийтэд ил болсон баримтуудыг хавсаргав/

 

4/ Яг үүнтэй адил хэргийг АН Засгийн эрхийг барьж байх үед Чингис, Самурай бондын мөнгийг, үнэ тогтворжуулах хөтөлбөр, АСЕМ-ийг зохион байгуулах бэлтгэл ажил нэрээр хувааж идсэн гэмт хэргийн баримтууд өнөөдөр бас л хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдан олон нийтэд ил болж байна.  

Үүний нэг жишээ нь “2012-2016 онд Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал нь үйл ажиллагааны чиглэлд заагдаагүй  ажиллагаа явуулж, Н.Алтанхуягийн Засгийн газрын “санаачилсан” Үнэ тогтворжуулах хөтөлбөр гэх мэтийг хэрэгжүүлэх нэрээр цаасан мөнгө хэвлэн өөрсдийн үзэмжээр хэдэн том аж ахуйн нэгжүүдэд тараан өгөх зэргээр мөнгө хөрөнгө хуваан завшиж Монголбанкинд 3 их наяд 19 тэрбум 300 сая төгрөгийн алдагдал учруулсан байна. ...Мөн тэрбээр холбогдох журмыг зөрчиж Монголбанкны эрдэнэсийн сангийн эд зүйлсийг бусдад тараах, хуваарилах, тус санд зах зээлийн үнэлгээнээс олон дахин өндөр үнээр эд зүйлс авсан үйлдлүүд тогтоогджээ. 

Гэвч Монголбанкны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1-т “Монголбанкны пассив нь актив хөрөнгөнөөс хэтэрсэн тохиолдолд Засгийн газрын үнэт цаас гаргах замаар зөрүүг нөхөх асуудлыг УИХ шийдвэрлэнэ” хэмээн заажээ. Энэ дагуу Монголбанкны алдагдлыг Засгийн газар нөхөн хариуцаж байх зохицуулалттай тул учруулсан хохирлыг нь улсын төсвөөс хаах нөхцөл байдал үүссэн байна. Гэхдээ Монгол Улсын нэгдсэн төсвийн ачааллаас үүдэж уг алдагдлыг улсын төсвөөс хаах боломжгүй учир Монголбанкны хуримтлагдсан алдагдлыг хэрхэн барагдуулан талаар” өнөөгийн УИХ одоо маргалдаад сууцгааж байна. 

/Нийтэд ил болсон баримтуудыг хавсаргав/

 

5/ Энэ мэтээр Дубайн гэрээ, Чингис Самуурай бондын зээлийн хөрөнгийг бүлгээрээ хуваан завшсан талаархи шалгалтын комиссын тайланг олон нийтэд мэдээлэх, УИХ-аар хэлэлцэхээс татгалзан, нуун дарагдуулж, өдий хүртэл хэнд ч хариуцлага тооцохоос зайлсхийж ирсэн. 

Энэ тухай 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Б.Батзоригийн гишүүний эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: “-Монгол Улс, хууль хяналтын байгууллагад шударга ёс байна уу. Ард түмэн өлссөндөө биш шударга ёс нэхэж бухимдаж байна. Дуулиантай томоохон хэргүүдийг шийдэхгүй арваад жил болж байна. Монголчуудын нэг хэсэг нь хуулийн дээр, нөгөө хэсэг нь хуульд захирагдаж амьдардаг болсон. Чингис, Самурай бонд, Хөгжлийн банкийг шалгасан хэргийг байнгын хороогоор хэлэлцүүлэх гээд чадаагүй. Аргаа бараад хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Хариу нь хаана байна.” хэмээн арга нь барагдан нэхэж суусан.  

 

6/ Ер нь Монгол улсын төсвийн хөрөнгийг яаж үргүй зарцуулах вэ?! гэдэг уралдааныг эрх баригч хоёр нам өрнүүлж ирсэн гэхэд хэлсдэхгүй. 

Улсын хөрөнгө, төсвийн мөнгөөр дэндүү туйлж, намын гишүүд, өөрсдийн дэмжигчдээ, хамаатан саднуудаа дагуулан гадаадаар аялаж зугаалах зэргээр улсын хөрөнгийг барж ядан хяналтгүйгээр шамшигдуулах гэх мэт хэргүүд бол тоолж баршгүй. 

Тэр ч байтугай 8 жил Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллахдаа бүтэн 4 жилийнх нь хугацаатай тэнцэх хоногийг зөвхөн гадаадад аялж, тэнүүчилсэн Ц.Элбэгдоржийн зардалд хичнээн хөрөнгө зарцуулсныг өнөөг хүртэл хэн ч шалгаж, тооцож, тайлагнаж байсангүй.   

 

Өөрөөр хэлбэл Монгол улсыг цөлмөн хоослох хэргүүд нь намуудын “нөмөрт” хаацайлагдан хийгдэж ирсэн үйл ажиллагаанууд байлаа. 

Төрийг удирдах нь байтугай ЖДҮХСангийн мөнгийг хууль бусаар хувааж цөлөмсөн гэмт үйлдэл нь ЖДҮ хөгжүүлэх Төрийн бодлогыг үгүйсгэсэн, Улс орны эдийн засгийн эсрэг санаатай, зохион байгуулалттайгаар үйлдсэн гэмт хэрэг болж байна гэдгээ ч ухамсарлахгүй байгаа МАН, АН-ын удирдах бүлгүүд, тэдгээрийн гишүүд өнөөдөр УИХ тарах шалтгааныг олж харахгүй байна гэсэн тайлбарыг хээв нэг хэлцгээж байна.

 

Хоёр. Тус хоёр нам хамгийн харгис аллага, хүчирхийллийн зохион байгуулалттай гэмт хэргүүдийг өдүүлж, нуун дарагдуулж, хаацайлан хамгаалж ирлээ. 

 

Үүний эхний жишээ нь 

1/ 1998 оны 10-р сарын 2-ны өдөр, Монгол Улсын Их Хурлын гишvvн, ЗГ-ын гишvvн, Дэд бvтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Санжаасүрэнгийн Зориг өөрийн гэртээ онц хэрцгийгээгээр алагдсан хэрэг байлаа. 

Хэргийг илрүүлэхийг шаардсан олон нийтийн хүлээлт, олон улсын парламентын байгууллагын анхаарал чиглэсэн энэ хэрийг илрүүлэхэд эрх баригч хоёр нам эхнээс нь саад хийж, хууль, хүчний байгууллагуудаас тус хэрэг дээр томилогдон ажиллаж байсан баг, бүрэлдэхүүнийг удаа дараа сольж, өөрчилж байсан төдийгүй анхны байцаалт авсан цагдаагийн хошуучаас эхлэн гэрч, сэжигтэн гэгдэх нийт арваад хүн учир битүүлгээр амиа алдсан тухай яригдаж, бичигдэж ирсэн. 

Холбогдогчдын тийнхүү сэжигтэйгээр амиа алдсан хэрэг явдлууд гэмт хэргийг илрүүлэхэд мөрдөх сэжүүрийг улам тодорхой болгомоор байтал харин ч ул мөр нь улам замхарсан.  

Ингэж уг хэргийг шалгах ажиллагааг удаан хугацаанд саатуулан сунжруулсны эцэст гэнэт тухайн хэрэг гарах үед 16-17 настай байсан 3 хүнийг тус хэрэгт хилсээр хэлмэгдүүлж, хамгийн гол гэрч болох, талийгчийн гэргий Булган ч тэдгээрийг биш гэж батлаад байхад гэмгүй хүмүүсийг шийтгэчихээд, харин захиалагчийг зарлахаас татгалзаж, тэр ч байтугай, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул дахин энэ хэргийг авч хэлэлцэхгүй хаасан гэсэн мэдэгдлийг прокуророос хийсэн нь МАН, АН хоёр уг хэргийг дахин сөхөхгүй болгох гэж яарсны баримт юм. 

Ийм дуулиантай улс төрийн аллага байтугай, жижиг хэргийг 40-50 жилийн дараа ч хэрэгтнийг илрүүлэн ял шийтгэлийг нь оноодог олон улсын жишиг бий. Гэтэл МАНАН бүлэг хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хорьхон жилээр тогтоон бушуухан хаахаар яаран хуульчилсан ажээ. 

 

Удаах баримт нь: 

2/ 2007 оны 10 дугаар сарын 25-нд АТГ-ын анхны дарга Б.Дангаасүрэн Австралийн Сидней хотод амь насаа алдсан хэргийг хууль хяналтын байгууллагууд огт шалгалгүй өдий хүрсэн нь, тэр ч байтугай төрсөн дүү Б.Дансал нь 2007 оны 11 сарын 03-ны өдөр ахынхаа цогцосыг эх орондоо авч ирсэн байхад манай шүүх эмнэлгийн задлан шинжилгээний хариу 2007 оны 11 сарын 01-ны өдөр гарсан байсан зэрэг нь эрх барьж буй улс төрийн хүчний даалгавраар үйлдэгдсэн зохион байгуулалттай аллагын хэрэг гэсэн ганц дүгнэлтэд хүргэдэг билээ. 

Энэчилэн эрх баригч намуудын бүлэглэлүүдийн хулгай, луйвар, аллага хүчирхийллийн гэмт хэргийг эсэргүүцсэн, илчлэхийг завдсан, гэрч нь байсан гэх улс төрч, хариуцлагатай алба хашиж байсан олон хүн учир битүүлгээр амь насаа алдаж, тэдгээрийг мөрдөн шалгах ямар ч ажиллагаа явуулахгүйгээр хааж, хайхрахгүй орхиж, нуун дарагдуулж, тэр бүхэн мэдээллийн хэрэгслүүдээр янз бүрээр бичигдэж, олны дунд элдвээр яригдсаар ирсэн нь олон бий.   

 

Гурав дахь баримт: 

3/ 2008 онд Сонгогчдын саналыг луйвардан сонгуулийн дүнг өөрчилж, төр засгийн эрхийг хууль бусаар авсан МАН-ын /тэр үед МАХН гэсэн нэртэй байсан/ үйлдлийг эсэргүүцсэн олон нийтийн дургүйцлийг үймээн болгож, улмаар гэмгүй 5 иргэнийг буудан хөнөөж, олон арван хүнийг эрэмдэг зэрэмдэг болгож, олон зуун хүнийг хоморголон баривчилж зодож, нүдэж, ялласан 07 сарын 01-ний  гэгдэх харгис балмад хэрэг явдлын үеэр Соёлын төв өргөөний урд хэсэг рүү бүлэг этгээд дайран орж, эд хөрөнгө тонон дээрэмдээд галдан шатаасан хэрэг гарсан ч тэр хэргийг мөрдөн шалгах, хэрэгтнүүдийг хайж олж илрүүлэх ажил огт хийгдээгүй орхигдож, тухайн үед тоногдсон эд зүйлс ч өнөөг хүртэл олдоогүй нь үймээн дэгдээх ажиллагааг МАН-ын удирдлага урьдчилан төлөвлөж зохион байгуулжээ гэсэн хардлагыг эрхгүй төрүүлдэг юм. 

Энэхүү 07 сарын 01-ний аллага нь Монгол улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 1-ийн 1-д заасан “... Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно;” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн хэрэг байлаа. 

 

Дөрөв дэх баримт: 

4/ 2015 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө сэтгүүлч бүсгүй Л.Болормаа гэртээ сэжигтэй байдлаар амь алдсан хэрэг гарсан билээ.  

Тэрээр өнөөгийн АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнийн сэжигтэйгээр хуримтлуулсан хувийн хөрөнгө болон Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн зарцуулалтын талаар эрэн сурвалжиж, цуврал нийтлэлүүдээрээ үнэнийг илчилж “... С.Эрдэнэ сайдын эдлэнгүүдийг, оффисийн зориулалттай өндөр тауэрийг сурвалжилсаан. Энэ удаа Нийгмийн даатгалын сангуудын үлдэгдэл, хүүгийн орлого юунд зарцуулагдаж байгааг мэдэхийг хүсч байна. Ядарсан ба задарсан улсуудын орлогын хооронд сансар галактикийн ялгаа гарчихсныг би сурвалжлагуудаараа хэлж байгаа юм. Халамжийн сан гэж хүмүүс ярьж заншсан. Ядарсан хэсгээ халамжлах мөнгө л гэж хардаг. Монгол улс нийгмийн хамгааллын таван том Сантай. Зүгээр том биш шүү, маш том Сантай. Яагаад маш том гэж тодотгосноо тоогоор илэрхийлье. 

1.    Тэтгэврийн даатгалын сан

2.    Тэтгэмжийн даатгалын сан

3.    Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан

4.    Ажилгүйдлийн даатгалын

5.    Эрүүл мэндийн даатгалын сан

 

Одоо энэ Сангуудын жилийн орлого ба зарлага, санд үлддэг их хэмжээний  мөнгийг сонирхоно уу. ... Банкуудын үлдэгдэл ба нийгмийн даатгалын тайлан дээрх үлдэгдэл 140 тэрбум төгрөгийн зөрүүтэй байна. ...” гэж бичиж байсан. 

Гэвч сэтгүүлч бүсгүй амиа алдсан хэргийг ч хууль хяналтынхан илрүүлэх гэж хичээгээгүй төдийгүй нийтлэлээрээ дэлгэсэн хэргийг нь ч үл хайхран дарагдуулж орхисон билээ.   

 

Энэчилэн 2015 оны 9 дүгээр сарын 24-нд Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч О.Ханбаатар нь өөрийн удирдлага дор байсан ажилтан 25 настай бүсгүйг зэрлэгээр зодож, багажны төмөр ишээр эрхтнийг нь бүлж, урж бэлгийн дур хүслээ хангах зэргээр хүчирхийлж, зэрэмдэглэн үхлүүт шахам байхад нь хөдөө хээр аваачин хаясан ноцтой хэрэг, 

2018 оны 08 дугаар сарын 09-нд ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал гэгч этгээд бусад газрын дарга нартайгаа хамтран яамныхаа Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан Т.Гомбосүрэнг ажлаа өг гэж шахаж шаардан амь насыг нь хэрцгийгээр хөнөөсөн хэрэг, 

УИХ-ын гишүүдийн хүчингийн хэрэг зэрэг өдий төдий хэргүүд МАН, АН хоёр ямар балмад этгээдүүдийг хаацайлан хамгаалж, Төр Засгийн албанд байршуулж, ямар аймшигт хэрэг өдүүлж ирсний баталгаа, нотолгоо юм.     

 

Энэ бүхэн нь эрх барьж буй МАН, АН хоёрыг тараахгүйгээр аливаа гэмт хэргийг таслан зогсоох, хууль дээдлэх ёс суртахууны ухамсрыг нийгэмд төлөвшүүлэх боломжгүй гэдгийг батлан харуулсаар байгаа. 

 

Гурав. Тус хоёр нам Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчин, Төрийн эрхийг хууль бусаар авч ирлээ. 

 

а/ Үндсэн хуулийг зөрчин, эрх мэдлийг үндэсний ашиг сонирхолд харшаар ашиглаж ирсэн. Тухайлбал: 

1999 онд 2 нам үгсэн хуйвалдаж Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан нь засаглалын хяналтын тогтолцоог үгүй хийж, цөөн бүлэг этгээд хөрөнгө мөнгөний хүчээр ноёрхлоо тогтоох ашиг сонирхлоос нь үүдэлтэй байлаа. 

Тухайлбал, УИХ 76-аас доошгүй гишүүнтэйгээр хуралддаг байсныг ирц хүрэхгүй болсон шалтгаанаар 50-иас доошгүй болгож, өнөөдөр 20 хүн ч  хууль баталдаг болоод байна. 

Мөн УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болдог болгосноор гүйцэтгэх эрх мэдлийг, хууль тогтоох эрх мэдэлтэй хольж, ард түмний төлөөллийн олонхийн хяналтыг алдагдуулсан.  

Үүний цаад санаа зорилго нь ерөөсөө улсын төсөв, нийгмийн баялгийг хамтраад хувааж иддэг болъё, бие биенээ хянадаггүй байя гэсэн зөвшилцөл байлаа.

Үүнийгээ ч харуулж УИХ-ын гишүүдэд улсын төсвийн хөрөнгийг тэрбум тэрбумаар нь хуваарилаад эхлэсэн. Ингэснээр УИХ, Засгийн газар хоёрын аль нь гүйцэтгэх засаглалын үүргийг гүйцэтгэж байгаагаа ч мэдэхээ больсон.

Төрийн дээр нам, намын дээр намын дарга-олигархи гарч, УИХ, ЗГ-ын эрх мэдлийг нэгтгэсэн бүлэглэл үүсгэж, төсвийн мөнгө, улсын өмч, нийт ард түмний хөрөнгө баялгийг өөрийн хувийн өмч мэт үзэмжээрээ бие биедээ бэлэглэдэг, хуваан авдаг, хуваарилдаг, эрх мэдэл, албан тушаалыг дамлан худалддаг болсон.     

Уг нь ийм зам руу орохыг хориглохын тулд Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц 2000 оны 11 дүгээр сарын 29-нд хуралдсан их суудлын хуралдаанаараа Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн хэлэлцээд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хүчингүй болгосугай” гэсэн 02 дугаар тогтоол гаргаж, уг тогтоолдоо 

“1. ...Улсын Их Хурлын 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүчингүй болгосугай.

2. 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн бүх заалт хүчинтэй болохыг дурдсугай.

3. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн энэхүү шийдвэр нь эцсийн бөгөөд гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай.” гэж заасан билээ. 

Гэвч Цэцийн энэ тогтоолыг өнөөдрийг хүртэл биелүүлсэнгүй. 

Өөрөөр хэлбэл өнөөдөр төрийн эрх барьж буй МАН, АН-ын бүрдүүлж буй УИХ, түүний байгуулсан Засгийн газрууд, засаглалын бүх үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн, хууль бус, гэмт хэргүүд билээ. 

Ингэж Монгол Улсын Үндсэн хуулийг уландаа гишгэлсэн МАН, АН-ын Эрх баригчид Төрийн эрх мэдлийг хууль бусаар хэрхэн авах, албан тушаалыг хэдээр худалдахаа ярьж суудаг болсныг өнөөгийн УИХ-ын дарга М.Энхболдын “60 тэрбумын хэрэг” гэх хуйвалдааны бичлэг ч давхар нотлоно.  

 

б/ Сонгуулийг хууль бус аргаар луйвардаж, худалдан авч ирлээ. 

Тухайлбал: 

2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр АН 1,0 сая төгрөг, МАН /тэр үед МАХН/ 1,5 сая төгрөгийг монгол улсын иргэн бүрт өгөхөөр амласан нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.11.18-д заасан “сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулах.”-ыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн үйл ажиллагаа байлаа. 

Ялангуяа МАХН 1500000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийн зураг бүхий “Батламж бичиг”-ийг айл бүрт ам бүлийнх нь тоогоор тараасан нь сонгогчдын саналыг шууд худалдан авах луйврын ажиллагааг улам гааруулж, сонгуулийн сурталчилгааны үеэр мөнгө тараах, сонгогчдын тоог худлаа бүртгэх, санал тоолохдоо луйвардах зэрэг бусад хууль бус аргуудыг эрээ цээргүй хэрэглэсэн. 

2008 оны УИХ-ын сонгуулиар 60 гаруй төрлийн булхай илэрсэн хэмээн ‘’Иргэдийн сонголт’’ ТББ-аас мэдээллэж байлаа. 

Тэдний танилцуулснаар үндсэндээ 3 янзын луйварын шинжтэй үйл ажиллагаа голлож явагдсан. Эхнийх нь шилжин нүүдэллэх хөдөлгөөнтэй холбоотойгоор хэдэн мянган иргэдийг тухайн тойрог дээр нэмж санал өгүүлсэн БЗД 1400, ЧД 11900, СБД 11926 хүнийг тус тус нэмж бүртгэсэн, мөн хоёр дахь нь санал тоолох үеэр саналын хуудас нэмж тоолсон. Үүнд БЗД-т 2600, Увс аймгийн Давст суманд 51 санал илүү гарсан, гурав дахь нь шинээр хэсгийн хороо байгуулан санал авсан тохиолдол гарсан. Увс аймагт саналын хуудас хийх хайрцгийг өөрсдөө дур мэдэн хийж малчдын гэрээр явж санал авсан хууль бус үйлдэл гарсан. Уг нь СЕХ-ны зөвшөөрөлтэй сонгуулийн тойрог, хэсгийн хороодыг байгуулдаг журамтай, гэтэл урьд өмнө нь гарч байгаагүй луйварын шинжтэй ийм үйлдэл илэрсэн. Сонгуулийн тухай хуулиндаа тухайн тойрог, хэсгийн хороод дээр будлиантай асуудал гарвал уг тойргийн хорооны санал хураалтыг хүчингүйд тооцож, сонгуулийг ахин явуулна гэсэн заалт байдаг. Гэтэл СЕХ нүдэн балай чихэн дүлий байсаар байгаад сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн барьсан явдал нь бидний анхаарлыг зүй ёсоор татаж байна хэмээн ТББ-ынхан тухайн үед мэдэгдэж байсан билээ. 

Эрх баригч хоёр намынхан ч сонгуулийн булхайтай үйлдлүүдийн талаар хэвлэл мэдээллээр бишгүй л бичиж, ярьж, хууль хяналтын байгууллагуудад өдий төдий гомдол гаргаж байсан. 

Түүгээр ч зогсохгүй төр засгийн эрхийг булаан авсан энэ хууль бус ажиллагааг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал цуглааныг гудамжны эмх замбараагүй үймээн болгон өдөөн турхирч, эцэст нь ард нийтийн зүг буу шагайн таван хүний амь насыг хороож, олон хүнийг эрэмдэг зэрэмдэг болгосон 7 дугаар сарын 1-ний эмгэнэлт явдалд хүргэсэн ялт хэргийг үйлдсэн. 

Улмаар олон иргэдийг, түүний дотор насанд хүрээгүй хүүхдүүдийг ч хоморголон баривчилж, зодож, айлган сүрдүүлж, хэрэг тулган хавтгайруулан ижил ял оноосон нь Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 2-рт заасан “Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. Тийнхүү хязгаарласан хууль нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон хуулийн заалтыг үл хөндөнө.”  гэсэн заалтыг уландаа гишгэсэн хэрэг байлаа. 

Түүнчилэн Ардчилсан нам сонгуульд оролцохдоо АНУ-аас санхүүжилт авсан болохыг илчилсэн АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын албаа өгөхөөсөө хэдхэн хоногийн өмнө АНУ-ын сенатч Ричард Лугарт хаягласан /2008.08.28-нд бичсэн/ Д.Дорлигжавын захидал хэвлэлд нийтлэгдэж, вэб хуудсанд тавигдаж байлаа. /Уг захидлыг тайлбартайгаа вэб хуудсанд тавигдсан байдлаар нь хавсаргав/  

Энэ нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.7.1-д заасан “гадаад улс буюу гадаадын байгууллага /хамтарсан байгууллагын гадаадын оролцогч/”-оос, 41.7.4-т заасан “гадаад улсын иргэн”-ээс хандив авахыг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн төдийгүй Монгол Улсын Их Хурлын сонгууль гээч нь гадаад гүрнүүдийн бодлого, оролцоо заавраар тавигдсан “жүжиг” болохыг илэрхийлж байгаа ноцтой баримт билээ.   

Энэ бүхэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 2-т заасан “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно.“ гэсэн заалтыг зөрчсөн. 

Зөвхөн эдгээр хэргүүдийнхээ төлөө гэмт хэрэгтнүүд нь ял шийтгэлээ хүлээж, намууд нь улс төрийн тавцангаас үүрд арчигдан зайлах ёстой байлаа.  

Гэтэл тэгсэнгүйгээр барахгүй хууль ёсыг уландаа дэвслэх явдал улам гаарч, дараа дараагийн сонгуулийн завхрал санал тоолох машинаар луйвардах хүртлээ “төгөлдөржив”.  

 

Тухайлбал 2016 оны сонгуулийн дараа УИХ-ын дарга З.Энхболд: “Саналын хуудас авсан хар машины тоо зөрсөн асуудал гарсан. Жишээ нь Хан-Уул дүүргийн 55 дугаар тойрогт  хайрцагаар өгсөн тоог нэмж тоолоход саналын хуудас авсан хүний тооноос саналын хайрцагнаас гарсан хуудас нь 234-өөр нэмэгдсэн байгаа юм. Сонгогчид өгөөгүй 234 саналын хуудас хар машин руу орсон байна... Энэ бол зөвхөн нэг тойргийн асуудал бөгөөд бүх тойрогт уг асуудлыг нягталж шалгахгүйгээр анхдугаар чуулганыг хийх нь хууль зөрчсөн гэж үзэж байна. ... Царцааны нүүдэл буюу 18 мянган сонгогч нэг газраас хасагдаж нөгөө газарт нэмэгдсэн байна. ...Бид АСЕМ-аас болж хуулиа зөрчиж төр байгуулж болохгүй. Хууль бусаар төр байгуулагдах аюул байгаа учир бид анхааруулж байгаа юм.” гэж мэдэгдэж байлаа. 

Сонгуулийн тойргуудад энэ мэтээр яригдаж байсан булхай луйврын нэг жишээ нь: “ ... Улиастай сумын Жинст багийн Сонгуулийн хэсгийн хорооны ажилчид бүх нам эвслийн ажиглагчдыг гаргаж байгаад техникийн тооллогыг эхлүүлсэн бөгөөд зөвхөн нэг машинаас 230 орчим тамга тэмдэггүй саналын хуудас илэрсэн. Чигэстэй, Жаргалант, Товцог багууд болон Алдархаан, Шилүүстэй сумдаас үүнтэй адил зөрчилтэй 172, нийт 402 ширхэг саналын хуудас гарсан...”-ыг ажиглагчид нь хэвлэлийн бага хурлаар мэдэгдэж байлаа. 

Төрийн эрх мэдлийг хууль бусаар булаан авсныг УИХ-ын дарга нь арга нь барагдан мэдэгдэж байдаг болтлоо Монгол Улсын Үндсэн хуулийн завхрал, сонгуулийн луйвар “хөгжин цэцэглэлээ”.   

 

Дөрөв. Тус хоёр нам Монгол Улсын эрх ашгаас урваж, гадны эрх ашигт үйлчилж ирлээ. 

 

Үүний баримтууд нь: 

1/ Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн “Ашигт малтмалын өмчлөлийн тухай” заасан 5 дугаар зүйлийн 5.5.-д “Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно.” /Энэ хэсэгт 2009 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ хэмээсэн энэ заалт л уг хуулийг харийн тонуулчид Монголд тулган шаардаж, тэдний “гар хөл” болсон  урвагчид шаардлагыг нь хэрэгжүүлсэн болохыг илэрхийлж байгаа билээ.  

Энэ заалт нь Монголын төр ашигт малтмалын ордоосоо хувь хүртэхийг хүсэж байвал мөнгөө төлөөд /”төрөөс оруулах хөрөнгө оруулалт” гэж нэрлээд байгаа юм шүү!/ 34 хүртэлх хувийг л ав, төлбөрөө төлж чадахгүй бол боль гэсэн утгатай байгааг харж байгаа байх. Тухайн үед ч Рио Тинтогийн захиалгаар энэ заалт орсныг учрыг мэдэх хүмүүс ярьж шүүмжилж байсан билээ. 

Өөрийнхөө ордыг өгчихөөд 34 хувийг нь эзэмшигчээс худалдаж авахаар хууль гаргаж байгаа нь эрүүл ухаан мөн үү?!  

Үүнийг эх орноосоо урвах гэдэг юм. 

Гэтэл Монгол Улсын эрх ашгийн эсрэг ийм хуулийг, ийм заалтыг МАН, АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд баталсан байгаа юм. 

Монгол Улсын эрх ашгаас илэрхий урван тэрсэлсэн энэ хуулийн гажуудлыг өнөөдрийг хүртэл засахгүй байгаа нь МАН, АН хоёр Монгол Улсын эрх ашгийн эсрэг байгаагаа батлаж буй хэрэг юм.  

 

2/ 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хоёр тал гарын үсэг зурж баталсан Оюутолгойн гэрээнд “Ашигт малтмалын тухай” хуулийн 5.5 дахь заалтын үндсэн агуулга яг тэр чигээрээ туссан байдаг бөгөөд дээр нь усны нөөцөө Рио Тинтод бэлэглэж, баялгийг ухаж авахдаа алдагдалтай ажиллаж байгаа гэж тайлангаа гаргаад Монголд нэг ч татвар төлөхгүй байж болно гэсэн утга бүхий заалтуудыг оруулж өгсөн байдаг. 

Тухайлбал Хөрөнгө оруулалтын гэрээний 2.11-д “Хөрөнгө оруулагчийн гадаад улсад төлсөн албан татварт хөнгөлөлт үзүүлж болно” /юуны ямар татвар гэдгийг зааж хязгаарлаагүйгээр/ гэж. ./Яахаараа монголд үйл ажиллагаа явуулж байгаа компани, тэр тусмаа монголын баялагаас олж байгаа ашгаас гадаадад татвар төлж болоод байдаг, тэр нь манайд татвараас чөлөөлөгдөх эрхийг эдлэж байх ёстой юм бэ?!/    

2.12-д “Хөрөнгө оруулагчийн татварын алдагдлыг ирээдүйд шилжүүлэн уг алдагдал гарсан татварын жилийн дараахь дараалсан 8 /найм/ жилийн албан татвар ногдуулах орлогоос хасч тооцно.” гэж, тэгэхдээ бүр 100 хувь хүртэл хасч тооцох заалт оруулсан байдаг. Энэ мэт заалт олон бий. 

“Энэ гэрээ /хууль эрх зүйн хувьд/ нэгдvгээрт, Ашигт малтмалын тухай хуулийн 29 дvгээр зvйл, УИХ-ын 40 дvгээр тогтоол, УИХ-ын 57 дугаар тогтоолыг зөрчсөн.”-ийг гэрээ байгуулагдсаны дараа эрдэмтэд, бие даасан шинжээчид, ТББ-ын төлөөллүүд хэлж эсэргүүцэн шүүмжилсээр ирсэн.  

Дэндүү муухай луйврын шинжтэй энэхүү гэрээг гадаадын шинжээчид хүртэл гайхан толгой сэгсэрч, цуцлах ёстой гэдгийг ч зөвлөдөг билээ.    

 

3/ Түүнчилэн 2014 оны 01 дүгээр сарын 24-нд Рио Тинтогийн захиалгаар /УИХ-ын гишүүн Гарьдхүүгийн Баярсайхан “Улс төрийн тойм” сонины 2013 оны 12 дугаар сар 13-ны дугаарт өгсөн “Г.Баярсайхан: Төр хүнд ачаа үүрэхгүйн тулд “Оюутолгой”-н 34 хувиа зарах хэрэгтэй” гарчигтай ярилцлагадаа “...Оюутолгойн алтыг Монголбанкинд тушаадаг болчихвол эдийн засагт томоохон түлхэц болно. Алтны татварыг 5-ыг 2.5 хувь болгож буулгахаар ярьж байлаа... энэ хуулийг баталсан бол “Рио Тинто”-гийн удирдлагууд алтаа Монголбанкинд тушаах шийдвэр гаргана. Тиймээс бид энэ хуулийг батлах ёстой.” гэж ярьж, сурталчилж байгаад/ “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийг баталж алтны татварыг 2,5 хувь болгож байлаа. 

Гэтэл өнөөдөр уг заалтын үйлчлэх хугацааг цааш сунгахаар хуулийн төсөл өргөн баригдаад байна.   

 

4/ 2015 оны 05 сарын 19-ний өдөр АНЭУ-ын нийслэл Дубай хотноо “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө” гэх луйврын гэрээ байгуулагдаж 2 дахь шатны уурхайг ашиглалтанд оруулахын тулд нэмж 4,2 тэрбум ам.долларын өр тавьж, энэ тавьж байгаа өрийн 34 хувийг дахиад Монгол Улс төлөх болсон. Өөрийнхөө ордыг барьцаалж Оюутолгойн хөрөнгө оруулагч гэгчдэд 6 тэрбум ам.долларын зээл авч өгөөд, тэр зээлээс нь бид 34 хувийг нь зээлж хүүтэйгээр төлөх болсон. 

“Энэ төлөвлөгөө гэгч гэрээ батлагдсанаар хөрөнгө оруулалт нэртэй өндөр хүүтэй зээл авч, Оюутолгойгоос авах Монголын талын ногдол ашиг 2048 он хүртэл тэг болж, үндсэндээ 8.1 тэр¬бум ам.долларын барьцаанд Монголын ашигт малтмалын ордыг та¬вих нөхцөл байдал...”  үүсээд байгааг тэр үед эдийн засагчид шүүмжилж байлаа. 

Хамгийн гол нь төлөвлөгөө гэгч энэ гэрээг тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг байгуулсан нь Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т заасан “.Хөрөнгө оруулалтын хэмжээ 50.0 сая америк доллароос 100.0 сая америк доллар бол Засгийн газар, 100.0 сая америк доллароос дээш бол Улсын Их Хурал тус тус хэлэлцэнэ.” гэсэн заалтыг зөрчин, УИХ-ын эрхийг хууль бусаар булаан авч, дураар авирласан гэмт хэрэг байлаа. 

Гэтэл УИХ тухайн үед ямар ч арга хэмжээ аваагүй нь МАН, АН-ын удирдах бүлэглэл гадаадын нэгэн компанийн өмнөөс нь дуугарах чадваргүй болтлоо эрхшээлд нь орсныг харуулсан хэрэг байв.    

Өнөөдрийг хүртэл Монголын ашиг сонирхлын эсрэг энэ гэрээг засаж залруулах нэг ч алхамыг МАН, АН-ын удирдах бүлгүүдийн аль нь ч хийсэнгүй. 

 

5/ Монгол улсын хөрсөн доорхи бүх баялгийг хоёр намын дарга нарын удирдсан удаа дараагийн Засгийн газрууд лиценз эзэмшүүлэх гэсэн нэрээр харийн хүмүүст хуваан өгснөөр, монгол хүн ойртох эрхгүй, нутгийн засаг захиргаа нь ч мэддэггүй, харийн хүний эзэмшлийн бүс нутаг энд тэндгүй бий болж, нутгийн иргэдийн малын бэлчээр, хадлангийн эзэмшил газар нь хомсдон, газар нутаг эвдэгдэх болсон. Улмаар гадны тэдгээр эзэд том гүрнүүдийн хөрөнгийн бирж дээр монголын баялгийг хувьцаа болгон арилжиж, цааш бие биедээ дамлан худалддаг болсоор удаж байна.    

Үүний цаад хамгийн хорлонтой бодлого нь “Гадны хөрөнгө оруулалт”, “Уул уурхайгаа ашиглах тусгай зөвшөөрөл” нэрийн дор үндсэндээ Монголын газар нутгийг харийнханд худалдах, гадаадын иргэдийг монголд суурьшуулах,   монголчуудыг ажлын байргүй болгож гадагш нь гаргах бодлогыг явуулж ирлээ.  

Өнөөгийн байдлаар гадаадын 359 иргэний мэдэлд 664 “лиценз” байгаа нь нийт 2,3 сая га газар нутгийг хамарч байна /2018 оны 11-р сарын 01-ний албан ёсны статистик мэдээгээр/  

 

6/. 2008 оны 8 дугаар сард Кувейтийн Эмир Монгол Улсад айлчлах үеэр С.Баярын Засгийн газар Дархан цаазат Богд хаан уулын Өвөр Зайсанд болон Төв аймгийн Жаргалантын амны ойролцоо хоёр хэсэг томоохон хэмжээний газрыг түүнд бэлэглэсэн гэж яригдаж бичигдэж байсан. Ямартай ч Кувейтийн  Эмир ойр ойрхон манай руу ирдэг болж, янз бүрээр хөрөнгө мөнгөний туслалцаа үзүүлдэг болсон нь ч нууц биш. 

Гэвч ойр дотно байдлыг дэмжиж байна гээд газар нутгаасаа бэлэглэж болохгүй бөгөөд Монголын газар нутгаас таслан бэлэглэх эрхийг хэнд ч ямар ч хуулиар олгоогүй билээ. 

 

Түүнчилэн гадаадын иргэдийг монголын иргэн болгон суурьшиулах ажил нууцаар хийгдэж байна гэж хардахуйц хэрэг ч гарч, тэр нь чимээ шуугиангүй дарагдан өнгөрч байсан баримт бий. Тухайлбал: 2009 оны 3 дугаар сард ИБМУТ-ийн ажилтнуудад холбогдох, гадаад паспорт хуурамчаар гаргаж өгдөг байсан хэрэг илэрч, олон холбогдогчтой уг хэргийн гэмтнүүд ихэнхи нь торгуулийн шийтгэлтэйгээр өнгөрч байсан билээ. Хэрэг илчлэгдэх үед ХЗДХ-ийн сайд байсан Ц.Мөнх-Оргилын хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан, ИБМУТ-ийн дарга асан А.Энхжав уг хэргийн гол буруутнаар нэрлэгдэж, ажилтнууд нь түүний цохолтоор уг хэргийг үйлдсэн гэж өчиг мэдүүлгээ өгцгөөж байсан ч А.Энхжавт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэрийг Сүхбаатар дүүргийн шүүхээс гаргасан нь хэвлэл мэдээллийнхэн үгийн үзүүрээ түүн рүү чиглүүлэхэд хүргэж байлаа. 

Гадаадын иргэн Монгол Улсын гадаад паспорттой явсан нь илэрснээр анх сөхөгдсөн гэх энэ хэргийн эзэд үндсэндээ ямар ч ял шийтгэлгүй өнгөрсөн энэхүү баримт нь Монголын Төрийн үйл ажиллагааны механизмд “эвдрээгүй эд анги” үлдээгүй болохыг идэрхийлдэг билээ.      

 

7/ Тус хоёр намын удирдах бүлэглэлүүд эх орноосоо урваж, Монгол Улсын ашиг сонирхлын эсрэг ажиллах бэлтгэлээ гадныхны заавар зөвлөмжөөр эртнээс төлөвлөн хэрэгжүүлж ирснийг Монгол Улсын эрүүгийн хуульд оруулсан заалтууд батлан харуулдаг юм. 

Тухайлбал:  2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр баталсан Монгол Улсын эрүүгийн хуулинд “Эх орноосоо урвах” гэдэг ойлголтыг ганцхан заалтаар хязгаарлан, эх орноосоо урвасан үйлдлээ ял шийтгэлээс бултуулах бэлтгэлээ хангасан байлаа. 

Энэхүү эрүүгийн хуулийн “Арвандөрөв дүгээр бүлэг, Үндэсний аюулгүй байдлын эсрэг” гэсэн заалтуудын “Эх орноосоо урвах” тухай 79 дүгээр зүйлийн 79.1-д “Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон бол арван зургаагаас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэсэн ганцхан заалт оруулсан байсан.

Энэ заалтын ачаар Монгол Улсын Ерөнхий сайд нь гадны нэг компанийн эзнийд уригдан очиж гал тогооны өрөөнд нь хэд хоног дайлуулж цайлуулж байхдаа Монгол Улсын хуулиудыг зөрчөөд, улс орны эрх ашигт хор хохиролтой гэрээг үзэглээд ирэх нь “эх орноосоо урвасан”-д тооцогдохгүй болж байгаа юм. . 

Монголын тагнуулын байгууллага нь энэ хүн гадаадын тагнуулын байгууллагад элссэн гэдэг нь нотлогдохгүй байгаа тул тухайн албан тушаалтанд хэрэг үүсгэх боломжгүй гэсэн хариу өгөөд л гүйцээ.             

2015 оны 12 дугаар сарын 03-нд Монгол Улсын эрүүгийн хуулийг шинэчлэн найруулж батлахдаа ч Монгол Улсын эрх ашгийн эсрэг ажиллах нөгөөх “хуулийн цоорхой”-гоо онгорхой чигээр нь үлдээж, зөвхөн дайны үед дайсны талд ажиллах, гадаадын тагнуулын байгууллагад элсэх гэсэн хоёр заалт болгож оруулж өгсөн байдаг.  Тухайлбал:  

“19.1 дүгээр зүйл. Эх орноосоо урвах 

1. Монгол Улсын иргэн Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор дайны, дайн бүхий байдал, зэвсэгт халдлага, мөргөлдөөн, түрэмгийллийн үед дайсны талд дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ. 

19.4 дүгээр зүйл. Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах 

1.Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.” гэж л заасан. 

Үр дүнд нь Төрийн нууцад хамаарах мэдээллийг сонирхож буй аль нэг улсын Элчин сайдын яаманд хэн нэг нь ховлох нь “эх орноосоо урвасан” хэрэг биш болж байгаа юм.  

Ийнхүү төрийн эрх мэдлийг ашиглан МАН, АН-ын явуулж буй үйл ажиллагаанууд нь урьдаас төлөвлөж бэлтгэсэн Монголын эсрэг санаа зорилго бүхий гэмт хэргүүд болохыг дотор нь байгаа гишүүд нь ч хүлээн зөвшөөрч үнэнийг хэлэх боллоо. Тухайлбал: 

2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Б.Батзоригийн гишүүний эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: 

 

“-УИХ бол ард түмний төлөөлөл төрийн эрх барих дээд байгууллага. Гэтэл өнөөдөр бидний дунд эх орныхоо эрх ашгаас урвасан хүмүүс бий. Тэднийг УИХ хамгаалсан нь ч үнэн. Төрийн ёс жаяг гэж байх ёстой. Эх орноо худалдсан хүмүүс зүгээр явж байна. Хулгайч нарыг хамгаалсныхаа төлөө УИХ-ын нэр хүнд унаж байна. Томоохон гэмт хэргүүд болох эх орны эрх ашгаас урвана гэдэг бол аюултай зүйл. Дээр үед бараг хадаас хулгайлсан хүн шоронд ордог байсан юм. Гэтэл одоо эх орноо зарж болохоор болчихсон.” гэж мэдэгдсэнийг ард иргэд нийтээрээ л чагнаж сонсон. 

 

Тав. Тус хоёр нам Монголын ард түмний эв нэгдлийг задлаж, ёс суртахууныг алдагдуулан, итгэлийг бөхөөн үгүй хийж, үндэстнийг мөхөөх хорт бодлогыг явуулж ирлээ.

 

Өнөөдөр Монгол Улсад эрх баригч хоёр намын аль нэгний бүлэглэлд, ивээлд багтаагүй хүн, эсвэл авлига өгөх бэл хөрөнгөгүй хүн өөрийн мэргэжил чадвараараа таарч тэнцэх, байнгын орлоготой ажил алба олно гэдэг, тэр тусмаа төрийн албанд орно гэдэг бэрх болсон.  

Харин хоёр намын аль нэг бүлэглэлд багтаж, авилгал, хулгай луйврынх нь ажилд гар хөл нь болж, эзэндээ үнэнч нохой мэт зүтгэдэг бол тэр хүн мэргэжил боловсролгүй байх нь хамаагүй, ямар ч өндөр албан тушаалд томилогдож болдог. Тэгээд нэг байгууллагын, салбарын ажил унагаад, хөрөнгө мөнгийг нь зувчуулан авч шамшигдуулаад, улсад асар их хохирол учруулчихаад, эсвэл албан тушаалаа ашиглан гэмт хэрэг үйлдчихээд ямар ч ял зэмгүй мултарч өөр газар дахин албан тушаалд томилогддог гэх мэт олон жишээг энд дурьдах нь илүүц юм.    

Энэ хорт үйл ажиллагааных нь нөлөөгөөр хүн амын нэлээд хэсэгт энэ хоёр намын аль нэгний хормой дор хоргодон амьдрахаас өөр аргагүй гэсэн гаж сэтгэлгээ төлөвшин тогтож, намын эрх ашгийг Монгол улсын эрх ашгаас дээгүүр тавьж, тахин шүтэх хүртлээ оюун санааны хувьд элийрэн доройтсон нь цөөнгүй болов.  

Ийнхүү амьдрахын эрхэнд эрх баригч хоёр намын аль нэгэнд харъяалагдах болсон хүмүүс өөрийн намаас бусдыг хараан зүхэж, гүжирдэн гүтгэж, доромжлон гутааж, талцан хэрэлддэг болсныг иргэдийн цахим сүлжээнд тавигдсан сэтгэгдлүүдээс хангалттай ихээр харж болно.  

Сүүлийн 28 жил Төрийн эрх мэдлийг ашиглан улс орноо цөлмөн баян хоосны ялгааг газар, тэнгэр шиг зөрүүтэй болгосон МАН, АН хоёрын гайгаар

 

Өнөөдөр монгол улсад 

Ажилгүйдлийн түвшин 13.7 хувьтай болж,

Архины хамааралтай иргэдийн тоо хэдэн зуун мянгаар тоологдох болж /зарим мэдээгээр 750 мянга буюу нийт хүн амын 23 хувь гэх/ архины хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд орж,  

Хар тамхи хэрэглэгчдийн тоо хэдэн арван мянгаар тоологдон, 90 мянгад хүрч, өсвөр залуу үеийнхнээр улам бүр хүрээгээ тэлж, энэ төрлийн гэмт хэрэг өдөр бүр шахам гарах болж.   

Жилдээ 4000 гаруй гэр бүл салдаг болж, өрх толгойлсон ээжүүдийн тоо 80 мянгыг давж,    

Сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай болсон иргэдийн тоо нийгэмд жин дарах нь улам бүр нэмэгдэж, албан ёсны дүн мэдээгээр хүм амын 18  хувийг эзлэж,  

Жилдээ 400 гаруй хүн амиа хорлож, 2017 оны судалгаагаар Монгол улс амиа хорлолтоор дэлхийд гуравт, түүнээс эрэгтэйчүүдийн амиа хорлолтоор 2 дугаар байр эзлэж,   

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо 107,000 хүрчээ. 

Монголын хүн амын 42.2 хувь нь өр зээлтэй, гуравны нэг нь ядууралд орсон гэсэн дүн мэдээтэй, иргэдийн дийлэнхийн тархи оюуныг эзэмдэн шаналгадаг бодол зовнил нь зөвхөн мөнгө болоод байна. 

Энэ нь цаашлаад ажил хэргийн сэдэл рүү чиглэхдээ гэмт хэрэг болж хувирч байна.  

Өөрөөр хэлбэл гэмт хэргийн сэтгэл зүй нийгэмд хавтгайрах шинжтэй, үйлдэл нь улам харгис хэрцгий болж байна.  

Нөхцөл байдлын эрхээр гадаадад дайжин ажиллаж амьдрагсдын тоо 300 мянгыг давж, залуус бүгд гадагшаа тэмүүлэх болов.  

Монголын нийт хүн амын Төрд итгэх итгэл алдарсан үзүүлэлт 70 гаруй хувьд хүрчээ. 

Харамсалтай нь улс орныг мөхөл рүү хандуулсан эдгээр сөрөг үзүүлэлт цаашид улам өсөн нэмэгдэх хандлагатай байгаа төдийгүй, МАН, АН-ын бохир улс төрчдийн хоорондын талцал тэмцлийн улмаас Төрийн ажил ч цааш явахгүй нь нэгэнт тодорхой боллоо.. 

Иймд Улс орноо мөхөл сүйрлээс авран хамгаалж, Төрөө засан цэгцлэх, нийт ард түмнээрээ хүсэн эрмэлзэж буй их өөрчлөлтийг хийхэд гол саад, нийгмийн эмгэгийн голомт болсон МАН, АН-ын үйл ажиллагааг хориглон, тарааж өгнө үү!

 

Жич:

Нэхэмжлэлд хавсаргасан холбогдох мэдээлэл, баримтууд:

 

1. ЭДИЙН ЗАСГИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ДЭМЖИХ ТУХАЙ хууль - 3 хуудас

 

2. ЭЗ-ийн ил тод байдлын хуулиар 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болжээ /Мэдээллийн сүлжээнд тавигдсан мэдээний хуулбар/ - 2 хуудас

 

3. Б.Батзоригийг авч үлдэх үеэр сөхөгдсөн ноцтой хэргүүд /Мэдээллийн сүлжээнд тавигдсан мэдээний хуулбар/ - 3 хуудас

 

4. АСЕМ-ын үеэр улсад 290.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хүмүүсийг шалгахыг шаардав /Мэдээллийн сүлжээнд тавигдсан мэдээний хуулбар/ - 4 хуудас

 

5. 3,1 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ ЮУНД ЗАРЦУУЛСАН БЭ? /Мэдээллийн сүлжээнд тавигдсан мэдээний хуулбар/ - 7 хуудас

 

6. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2000 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 02 дугаар тогтоол - 9 хуудас

 

7. 2008 оны сонгуулиар МАХН-ын амласан 1500000 төгрөг өгөх батламжийн хуулбар-1 хуудас

 

8. sonin.mn вэб хуудсанд тавигдсан АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Дорлигжавын 2008.08.28-наар өдөрлөж АНУ-ын сенатч Ричард Лугарт бичсэн захидлын хуулбар-2 хуудас

 

9. “Монголын эрх баригчид Кувейтын Эмирийн 20 сая долларын хариуд Богд уулаа бэлэглэжээ” гарчигтай, Монголын нэг өдөр сонин, мэдээллийн сүлжээнд тавигдсан мэдээллийн хуулбар - 2 хуудас

 

10.  “А.Энхжавыг цагаатгаж, “цэрэг”-үүдийг нь торгох ялаар шийтгэв” гарчигтай. Ардчилал сонин, мэдээллийн сүлжээнд тавигдсан мэдээллийн хуулбар - 1 хуудас

 

11. З.Энхболд: Бид АСЕМ-аас болж хуулиа зөрчиж төр байгуулж болохгүй - 3 хуудас

 

12. Тэмдэгтийн хураамж

 

Хавсралт нийт  38 хуудас 

 

 

ӨРГӨДӨЛ /НЭХЭМЖЛЭЛ, ГОМДОЛ/ ГАРГАСАН

 

Монгол улсын иргэн                                Ойдовын Лхагвадорж

  ........................................................

 

                                                  Цэцэгээгийн Мөнхбаяр 

......................................................

                        

      Парчаагийн Шинжээ-Равдан

........................................................

 

     Баатаржавын Батсайхан