Орчны бохирдлын үндэсний хорооны ажлын албаны дарга бөгөөд нарийн бичгийн дарга Б.Төмөрчулуунаас утааны талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тодрууллаа.

-Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо утаа, агаарын бохирдлын чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

-Миний бие энэхүү ажлыг аваад дөрвөн сар гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд бид юу хийсэн бэ гэхээр, эхний ээлжинд “2019 оныг утаатай сүүлчийн өвөл, 2020 оныг утаагүй анхны өвөл болгоно” гэсэн зорилттойгоор төсвөө батлуулсан. Хамгийн гол шийдэж чадсан ажил бол Засгийн газрын 62-р тогтоолоор ирэх жил түүхий нүүрс түлэхгүй гэсэн захиргааны шийдвэрийг гаргасан. Бараг жил зургаан сарын өмнө гаргасан шийдвэр. Ийм эрхзүйн акт их чухал байсан. Яагаад гэхээр, жил зургаан сарын өмнө зарлачихаж байгаа юм чинь иргэд, утаагүй түлш үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүд, төр ч гэсэн үүнд анхаарлаа хандуулж, бэлтгэлээ хангаж байх ёстой. Одоо хэрэгжих шатандаа ороод явж байна.

 

-Нүүрсний оронд хэрэглэх түлшнийхээ шийдлийг хэрхэн хийх вэ?

 

-Эхний ээлжинд Тавантолгойд 100 хувь төрийн өмчит улсын үйлдвэрийн газар байгуулаад ажиллаж байна. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдаж тогтоол гаргаад энэ үйлдвэрийг байгуулсан. 2019 онд утаагүй түлшний татаас олгоно. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлнө. Маш богино хугацаанд орд газраа олох ёстой. “Ирэх жил бол маргааш гэсэн үг шүү. Яаралтай энэ үйлдвэрүүдээ ашиглалтад оруулаарай” гэсэн чиг өгч ажиллаж байгаа.

-Утаагүй түлшний үйлдвэрүүдэд олгох татаасын талаар тодруулахгүй юу?

-600 мянган тонн утаагүй түлшинд зориулж татаас, мөн 55000 зорилтот айлд татаасаар утаагүй түлш олгохоор 2019 оны төсөвт шийдүүлсэн байгаа. Тэгэхээр хувийн хэвшлийн газар ч бай, улсын үйлдвэрийн газар ч бай утаагүй түлшээ яаралтай хийх хэрэгтэй. Тэгвэл бид ирэх жилд утаагүй түлш түлснээр нүдэнд харагдахуйц өөрчлөлт орно.

-Тэгэхээр нийслэлчүүд энэ жил мөн л утаатайгаа өвөлжинө гэсэн үг үү?

-Зүгээр сууж болохгүй байна шүү дээ. Тиймээс Баянхошуунд буюу салхины ноёлох чиглэлд 80 мянган айлд утаагүй түлшийг түлж байна. Ингээд тэнд явуулын хэмжилт хийгээд үр дүнг нь харна. Бидний итгэж найдаж байгаа үр дүн 2019 оны намраас харагдана. Утаагүй түлш үйлдвэрлэгч 3-4 үйлдвэрийг ашиглалтад оруулна. Ингээд мэдэгдэхүйц өөрчлөлт гарна. 

-Өөр юу хийх юм? 

-Үүний хажуугаар, нүдэнд харагдахуйц, олчихсон шийдлүүд байна. Нэгдүгээрт, бага, дунд, том оврын 3000 уурын зуухны утааг химийн, уусмалын аргаар утаагүйжүүлэх туршилтыг амжилттай хийлээ. Үнэхээр утааг 98 хувь хоргүйжүүлж байна. Тэгэхээр бага, дунд, их оврын уурын зууханд химийн аргаар утааг хоргүйжүүлэх технологи нэвтрэх нь гэж ойлгож болно. Энэ дээр тендер зарлана.

-Химийн аргаар туршилт хийсэн гэлээ. Химийн бодис өөрөө амьсгалын замд, эсвэл өөр ямар нэгэн байдлаар хортой нөлөө үзүүлэхгүй гэж үү?

-Ахуй амьдралд хоргүй химийн бодисоор утааг гүн боловсруулалт хийгээд аваад үлдчихэж байна гэсэн үг. Тэр нь саармагжаад хоргүй болоод үлдэнэ. Улаанбаатарын агаар мандалд хаягдаж байгаа утаа хоргүй болно гэсэн үг. 

-Ирэх оны агаарын бохирдолд зарцуулахаар төлөвлөж байсан төсвөөс тодорхой хэмжээгээр хассан. Эцсийн байдлаараа хэдэн төгрөг болж баталсан бэ. Үүнээс танай хороо хэчнээнийг нь зарцуулдаг юм бол?

-Утааг шатаах төхөөрөмжийн мөнгө гэх мэтээр нийтдээ 90-ээд тэрбум төгрөгиййг хассан. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын алба 539 сая төгрөгийг үйл ажиллагаандаа зарцуулдаг. Бусдыг бүгдийг нь худалдан авалтад зарцуулна гэсэн үг. Тэгээхээр хүмүүс утаагүй түлшний хэрэглээнд шамдах хэрэгтэй, дахиж хугацаа алдаж болохгүй. Эрхзүйн болон санхүүгийн хувьд дэмжих актууд нь гарчихсан байгаа.

-Утаагүй түлш үйлдвэрлэх төрийн өмчит үйлдвэрийн газрын үйл ажиллагаа хэр явж байна вэ?

-Түлшээ үйлдвэрлээд эхэлчихсэн шүү дээ. Хуучнаар хоёрдугаар цахилгаан станцын үйлдвэр байсныг ашиглаад хийж байна. Шинэ үйлдвэр ч гэсэн ашиглалтад орсон байх.

-Солонгосоос утааг бууруулах чиглэлээр хөнгөлөлттэй зээл авах гэж байгаа гэсэн. Тэр нь ямар учиртай юм бол?

-Байгаль орчны чиглэлээр жилийн 0.2 хувийн хүүтэй, 30 жилийн хугацаатай 500 сая төгрөгийн зээлийг Ерөнхий сайд олж ирсэн шүү дээ. Түүнийг орон сууц барих, түрээслэх чиглэлээр ашиглах юм билээ.

 

Х.НОМИН

Эх сурвалж: Ардчилал таймс сонин