УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, улс төрд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт мэдэгдэл хүргүүлэх болжээ. Энэ талаар өнөөдөр тус бүлгийн удирдлагууд мэдээлэл хийв.

Уг мэдэгдэлд УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэн өгч, “60 тэрбум”-ын гэх тодотголтой хэргийг хуулийн байгууллагаар шалгуулахыг шаарджээ. Мөн Стратегийн орд ашиглах лицензийг хууль бусаар авсан, хамаарал бүхий компаниуд нь Концессын гэрээ байгуулсан, ЖДҮХС-гаас зээл авсан улс төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг Ерөнхий сайдаас шаардсан байна. Улмаар УИХ-ын болоод төрийн байгууллагуудын тасралтгүй ажиллах боломжийг бүрдүүлэхийг МАН-ын бүлгийн гишүүдээс шаардав. Уг шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд УИХ-ыг тараах тухай Ерөнхийлөгч Х.Баттулга болон бусад нэр бүхий гишүүдийн гаргаж буй саналыг дэмжиж ажиллах болно гэдгээ АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж хэллээ.

-УИХ-ын даргыг огцруулах тухай Л.Оюун-Эрдэнэ гишүүний албан бичигт АН-ын бүлэг гарын үсэг зурах уу?

-АН бол улс төрийн нам. Тиймээс намынхаа дотоод дүрмийн дагуу ажиллана. Өөрөөр хэлбэл, АН-аас тодорхой шийдвэр ирсний дараа асуудлыг шийднэ. Намаас тодорхой шийдвэр ирэхгүй бол гишүүд өөр өөрсдийн үзэл бодлоороо асуудалд хандах болно.

-Хоёр долоо хоногийн өмнө АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат УИХ-ын даргыг огцруулах нь хууль зөрчсөн үйлдэл гэсэн мэдэгдэл хийж байсан?

-Хүчээр огцруулах тухай ярих нь хууль бус. АН-ын бүлэг бол УИХ-ын даргыг ёс зүйн хариуцлага хүлээж, өөрөө албан тушаалаа хүлээлгэн өгөх ёстой гэж үзэж байгаа юм.

-Л.Болд гишүүний АН-аас гарах асуудлыг шийдсэн үү?

-АН энэ асуудлыг одоогоор шийдээгүй байна. Тиймээс Л.Болд АН-ын гишүүн хэвээрээ байгаа.

Ч.Ариунболд

Эх сурвалж: Монцамэ агентлаг