"Crazy Rich Asians" буюу "Солиотой баян Азиуд" кинонд монгол жүжигчин Төмөрбаатарын Энхтунгалаг тоглосон байна.  

Сингапурын зохиолч Кевин Кваны ижил нэртэй зохиолоос сэдэвлэгдэн бүтээгдсэн энэхүү кино  өнгөрсөн наймдугаар сард нээлтээ хийсэн даруйдаа 238 сая ам.долларын орлого олж, өнгөрсөн арван жилийн хугацаанд гарсан хамгийн амжилттай романтик инээдмийн киногоор шалгараад байна. Бас энэ кинонд ази жүжигчид тоглосон нь Холливуудэд тохиосон ховор үзэгдэл гэгдэж үзэгчдээс өндөр үнэлгээ авчээ. Арьс өнгө, гарал үүсэлтэй холбоотой шүүмжлэлд өртөөд байсан Холливуудад энэ кино төсөл нь эгзэгтэй нөхцөл байдлыг эрс өөрчилж, хувьсгал хийх гэсэн оролдлого  ч гэж яригдаж байгаа аж. Киноны гол баатар Элеонорын найзын дүрд Төмөрбаатарын Энхтунгалаг гэх монгол жүжигчин бүсгүй тоглож дэлхийд монголынхоо нэрийг гаргаж байгаа нь  сайхан мэдээ юм. Киноны багийнхан ойрын үед нэмж хоёр анги бүтээнэ гэдгээ ч мэдэгджээ.