Өнөөдөр Тужийн нарсны тусгай хамгаалалтын ойд хүний гараар бүтсэн нарсан ойг харж байгаль экологитой танилцахад зориулагдсан шинэхэн цамхаг ашиглалтанд орж нээлтээ хийлээ.

Нээлтэнд аймаг орон нутгийн удирдлагууд, БОЯ-ны төлөөлөл, БНСУ-ын хөрөнгө оруулагчид, Сүхбаатар сумын ерөнхий боловсролын сургуулийн захиралууд, сурагчдын төлөөлөл оролцлоо. Манай аймгийн Алтанбулаг, Сүхбаатар, Шаамар сумдын нутаг дамнан оршдог экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах ач холбогдолтой байгалийн өвөрмөц тогтоц бүхий түүхэн дурсгалт газар бол Тужийн нарс.

1986-2002 онуудад Тужийн нарсанд 7 удаагийн их хэмжээний түймэр гарахын зэрэгцээ иргэдийн эмх замбараагүй ашиглалтын нөлөөгөөр 70 орчим хувь нь устсан гашуун түүхтэй. 2001 оноос эхлэн Улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтыг Тужийн нарсыг нөхөн сэргээх үйл ажиллагаанд төвлөрүүлж ажилласнаар 10088,65 га ой нөхөн сэргээд байна.

2003 оноос БНСУ-ын “Юүхан Кимберли” компани, Зүүн Хойд Азийн Ойн форум хамтран ойг нөхөн сэргээх ажлыг эхлүүлж 3250 га талбайг нөхөн сэргээсэн нь нийт талбайн 32,3 хувийг эзэлж байгаа юм. “Юүхан Кимберли” компани 10 м өндөр, 6 м урт, 5 м өргөн, нийт 144м2 талбайтай цамхагийг байгууллаа.

Энэхүү цамхаг нь хүүхэд багачуудад таримал ой, түүний арчилгааг таниулах, экологийн боловсрол олгох, цаашлаад жуулчдын очих дуртай газар болгоход ач холбогдолоо өгөх учиртай. Мөн тус компаниас  Сэлэнгэ аймгийн харъяат Дархан-Уул аймгийн ХААИС-ийн байгаль экологийн чиглэлээр суралцаж байгаа 2 оюутанд батламж, сургалтын тэтгэлгийг олгосноо гардуулан өглөө.