Ц.Цогзолмаа: Турк сургуулиудыг Засгийн газарт шилжүүлж авах санал тавьсан

Монголд үйл ажиллагаа явуулж буй Турк сургуулиудтай холбоотой болон цаг үеийн асуудлаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн байр суурийг сонслоо.

- Хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Багш нар өнгөрсөн жилийнхээ ажил хаялтыг давтах уу гэсэн болгоомжлол нийгэмд үүсээд байна. Цалин нэмэх асуудлаар багш нар болон ҮЭ-ийн холбоотой зөвшилцсөн үү?

-Засгийн газар багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээр бодитой тооцоо судалгааг гаргасан. Сангийн яаманд хүргүүлсэн. Азийн хөгжлийн банкныхан Сангийн яам болон Хөдөлмөр нийгмийн хамгаалал, БСШУС-ыняамныхантай уулзаад цалин нэмэх талаар бидний тооцоо судалгаатай танилцсан. Тиймээс Засгийн газар Олон улсын валютын сангийн зөвлөмжийн дагуу тодорхой шийдвэр гаргана. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос бидэнд албан ёсны хүсэлтээ ирүүлсэн. Бидний хувьд ч хийж байгаа ажлынхаа талаарх мэдээллийг хүргүүлсэн байгаа.

Тиймээс өмнөх жишгийн дагуу аль аль талаасаа нөхцөл байдлаа ярилцаж ойлголцоод явах нь зүйтэй.

-Туркийн Элчин сайдын яамнаас Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Турк сургуулиудын асуудлаар удаа дараа мэдэгдэл хийсэн. Харин Монгол Улсын Засгийн газраас албан ёсны байр сууриа илэрхийлээгүй байгаа. Өнгөрсөн хавар БСШУСЯ-наас Турк руу ажлын хэсэг явж ажилласан гэх мэдээлэл бий. Салбарын яам ямар байр суурьтай байгаа вэ?

-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хувьд нэг зүйл дээр хатуу байр суурьтай байгаа. Турк сургуулийг өнөөдрийг хүртэл олон мянган монгол хүүхэд төгссөн. Одоо ч гэсэн маш олон хүүхэд суралцаж байна. Эдгээр хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах нь нэн тэргүүний асуудал. Түүнээс дипломат аргаар юм уу Турк иргэнтэй холбоотой асуудал бол хууль журмын дагуу шийдэгдээд явах ёстой.

Турк сургуульд суралцаж байгаа монгол хүүхдүүдийн сургалтыг тасалдуулах ёсгүй. Мөн бусад улс орнуудад ижил төстэй сургуулиудыг Турк улс тухайн улсын Засгийн газарт нь хүлээлгэж өгч байна. Тиймээс миний хувьд ч гэсэн ижил байр суурьтай байгаа. Турк сургууль төгссөн маш олон монгол хүүхэд сурч, ажиллаж байна. Тэгэхээр ямар нэг байдлаар эцэг эчхүүд болон суралцагчид айдас болгоомжлолд автах цаашлаад хэн ч хохирох ёсгүй. Турк улсын Засгийн газар шийдвэрээ гаргаад Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Турк сургуулиудыг Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэж өгвөл сургалтыг тасалдуулахгүйгээр авч явах бүрэн боломжтой. Мэдээж тэдгээр сургуулиуд Турк улсын хөрөнгө учраас бусдын хөрөнгөд Монгол Улс шууд халдаж болохгүй. Хуулийн гаргалгаагаа гаргаад бидэнд хуулийн дагуу асуудлаа тавибал шийдвэрлэж өгөхөд бэлэн байна.

-Сургуулиудыг шилжүүлж авах талаар саналаа тавьсан уу?

-Монгол Улсын Засгийн газарт сургуулиудаа нэртэй төртэйгээр хүлээлгэж өгөх нь зөв биш үү. Хуулийн гаргалгаагаа судлаач ээ гэсэн саналыг тавьсан байгаа.

-Их дээд сургуулиудын төлбөр нэмэгдсэнийг оюутнууд эсэргүүцэж байна. Сургалтын төлбөр хэдэн төгрөгөөр хэрхэн нэмэгдсэн талаарх судалгаа бий юу?

-Яамнаас судалж байна. Их, дээд сургуулиудын төлбөр нэмэх эсэхийг сайд шийддэггүй. Хуулиараа сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөл шийддэг. Гэхдээ суралцагчдын төлөөллийг оролцуулж, оюутнууд нь зөвшөөрч байгаа эсэхийг судалж байж шийдэх зохицуулалттай. Тиймээс яамны Дээд боловсролын бодлогын газраас аль сургуулийн ТУЗ хэзээ хуралдаж ямар байдлаар төлбөр нэмсэн эсэхийг судалж дүнг нэгтгэж байна.

Мөн багш нарынхаа цалинг нэмэх нэрийдлээр сургалтын төлбөрөө нэмж байгаа сургуулиуд байна гэсэн мэдээллийг авсан учраас иргэдийн орлого нэмэгдээгүй, эдийн засгийн хямрал үргэлжилж байгаа энэ үед төлбөр нэмэх асуудалд хуулийн хүрээнд болгоомжтой хандах, хууль бусаар огцом нэмсэн бол эргээд асуудлыг ярина гэсэн чиглэлийг хавар хичээлийн шинэ жил дуусахад өгсөн.

-Энэ жил сурах бичигтэй холбоотой маргаан гарах уу?

-Сурах бичигтэй холбоотой маргаан шүүмжлэл жилийн жилд гардаг. Тиймээс миний хувьд өндөр үнэтэй, монополь болсон компаниудаар биш чанартай сурах бичиг хэвлүүлэхэд олон компани оролцуулж нийтэд нээлттэй зохион байгуулах чиглэл өгсөн. Зөвхөн сурах бичгийн хэвлэлтээр амьдардаг компани бий. Харин энэ жил олон компани оролцох боломжийг олгох бодлого баримталж байна.

-Ээлжит бус чуулган зарлахыг Ерөнхийлөгч, сөрөг хүчний зүгээс хүчтэй шахаж байна. Та ямар байр суурьтай байна вэ?

-Ээлжит бус чуулган зарлах эсэх нь УИХ-ын даргын эрхлэх асуудал. Миний хувьд ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагагүй гэж үзэж байна. Гишүүд дүрэм журам хуваарийнхаа дагуу ажиллах ёстой.

-Тантай босч мэндэлсэнгүй гээд Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн дөрвөн багшийг халсан гэх гомдол мэдээлэл байсан. Үүнд хариулт өгнө үү?

-Өнгөрсөн жил амласан томоохон ажлынхаа ард гарлаа. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Эрүүл мэндийн сайдтай хамтраад энэ хичээлийн жйл эхлэхэд долоон найман жил тасраад байсан Эрүүл мэндийн хичээлийг оруулахаар болж хоёр талаас ажлын хэсэг байгуулсан. Энэ дагуу сургалтын хөтөлбөрт, сурах бичгээс эхлээд бүх бэлтгэлийг хангаж энэ намар IV-XII ангийн хүүхдүүдэд Эрүүл мэндийн хичээл орохоор боллоо. Амны хөндийн эрүүл мэндийг сахихаас эхлээд шилжилтийн насны эрүүл ахуй, сэтгэцийн эрүүл мэнд зэрэг цөөнгүй асуудлыг эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрт оруулах гэж Ажлын хэсэг таван сар маш шахуу ажиллалаа. Үүний үр дүнд сурах бичиг, хичээлийн хөтөлбөр бэлэн боллоо. Энэ ажлын хүрээнд өчигдөр /уржигдар/ өглөө Багшийн мэргэжил дээшлүүлэх институт дээр 21 аймаг, есөн дүүрэг зарим сумаас ирсэн эрүүл мэндийн хичээл заах үндэсний сургагч багш нарын сургалтын нээлтэд оролцсон. Энэ үеэр Багшийн мэргэжил дээшлүүлэх институдын үйл ажиллагаа, сургалтын өрөөнүүдтэй танилцсан.

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн аргазүйч нар бусад багш нараас илүү мэдлэг, ёсзүй, зөв харилцаатай байж үлгэрлэх ёстой. Ингэж байж багш нарын хандлагыг өөрчилж зөв мэдээлэл өгнө. Мэргэжлийн ёсзүйгээс гадна хүнтэй харилцах наад захын соёлтой байх ёстой. Гэтэл Хүрээлэн болон Мэргэжил дээшлүүлэх институтын захиралтай аргазүйч нарын өрөөгөөр яваад ортол хүмүүс цаана нь хүлээгээд сууж байхад манай хэдэн аргазүйч нар хоорондоо хов жив ярьж байгаа нь ч мэдэгдэхгүй сууцгааж байсан. Уг нь аргазүйч нар тэр хүмүүсийг ямар мэдээлэл хүсч байгааг нь лавлаад хариу өгөөд гаргах ёстой.

Тэгэхээр нь та нарыг тэр хүмүүс хүлээгээд байгаа юм бишүү. Ажлаа хийж болохгүй юу гэж хэлсэн. Ер нь ажлын байрны сахилга хариуцлагыг сайжруулах ёстой. Тэд нарт итгээд зөвлөгөө авах гэж орж ирсэн хүмүүсийг үл тоомсорлож болохгүй. Асуудлыг нь шийдэж өгч чадахгүй байлаа гэхэд зөв харилцаад гаргах ёсзүйтэй байх хэрэгтэй. Хүмүүстэй мэндэлж, үйлчилж чадахгүй ажлын цагаар ийм дүр зурагтай байж болохгүй гэж шүүмжлээд гарсан. Түүнээс надтай мэндлэх эсэх нь хамаагүй. Тэгээд ч би тэр байгууллагын хүмүүсийг халахгүй. Өнөөдөр хэн ч халагдахгүй.

Зууны мэдээ
С.Уянга