Улс төр, эрх мэджл хүнийг ёс зүйгүй, увайгүй болгодог бололтой. Үүний тод жишээг АН, МАН-ын өнөөгийн байдлаас харж болно. Хамгийн харамсалтай нь хүний үхлээр хүртэл улс төр хийж, “ясыг нь өндөлзүүлэх” шаардлага АН-ынханд байгааг асуумаар...

Энэ сарын 19-20-нд шилжих шөнө Булган аймгийн Бугат сумын ИТХ-ын төлөөлөгч Б-ийн амь насыг хөнөөсөн хэрэг гарсан. Уг хэргийн талаар АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай, Ц.Туваан нар Булган аймгийн Бугат сумын ИТХ-ын төлөөлөгч, иргэн Б-г гэртээ амарч байхад нь МАН-ын хорооны хоёр гишүүн зодож, амь насыг нь хохироосон гэж өчигдөр мэдээлсэн юм. Улмаар АН-аас мэдэгдэл гаргаж,  мэдэгдэлдээ “Арванхоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Булган аймгийн Бугат сумын Хужирт багийн иргэн, Булган аймгийн Ардчилсан намын хорооны гишүүн, сумын ИТХ-ын төлөөлөгч Б-г гэртээ амарч байхад тус аймгийн МАН-ын хорооны гишүүн О, Д нарын зургаан хүн амь насанд нь ноцтойгоор халдаж хөнөөгөөд зогсохгүй, эхнэрийг нь хүнд гэмтээж, сэтгэл санааны гүн цочролд оруулсан онц ноцтой хэрэг гарлаа. Энэ бүхэн зургаан настай хүүхдийн нүдэн дээр болсон гэх сэтгэл эмзэглүүлэм мэдээлэл байна.” Хэмээн ташаа  мэдээлэл олон нийтэд түгээсэн.

Гэвч энэ хэрэг нь улс төрийн бус ахуйн хүрээнд үйлдэгдсэн хэрэг ажээ. Тодруулбал,  ЦЕГ-ын албан эх сурвалж “Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Баруун бэрх” гэх газарт оршин суух иргэн “Б” нь Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгт бусдад зодуулсан байдалтай 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдөр ирж хэвтэн эмчлүүлж байгаад 12 дугаар сарын 22-ны өдөр нас барсан хэргийг Булган аймгийн цагдаагийн газарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна. Хэргийг тодруулбал 2018 оны 12 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багт оршин иргэн “Б” түүний эхнэр “У” болон тус багт оршин суух 4 гэр бүлийн нийт 10 хүн “Б”-ийн гэрт архидан согтуурч улмаар хохирогчийн эхнэр “У” нь уг хэрэгт шалгагдаж байгаа “Д” гэгчийн эхнэртэй үл ялих шалтгаанаар буюу хүндэлж харьцсангүй гэх зүйлээс болж маргалдсан байна. Улмаар тэднийг өмөөрч нөхрүүд нь хоорондоо зодолдсоны улмаас иргэн “Б” гэмтэл авч эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байгаад нас барсан байна. Хэргийг шалгаж байгаа цагдаагийн газраас “Уг хэрэг улс төрийн шалтгаанаар үйлдэгдсэн” гэсэн мэдээлэл нь худал бөгөөд цаашид хэргийн талаар буруу, ташаа мэдээллийг олон нийтэд хүргэхгүй байхыг анхааруулсан байна.

Өөрөөр хэлбэл нэг уулын аманд зусдаг айлууд нийлж архидаж байгаад зодолдож нэгнийхээ аминд хүрсэн хэргийг АН-ынхан “сэвсэн” хэрэг. Хэрвээ АН-ынхны гаргасан энэ ташаа мэдээллийн дагуу МАН, ар гэрийнхэн нь гомдол гаргах юм бол АН-ын мэдээлэл хийсэн хүмүүс хуулийн хариуцлага хүлээх болно. Одоогоор гэхдээ гомдол гаргаагүй байгаа бололтой.

Улс төржиж болно. Гэхдээ ахуйн хүрээний архидалтыг ингэж дэвэргэж байгаа нь эргээд нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэх эрсдэлтэй. АН-ын тэр тусмаа Ж.Батзандан, О.Магнай нар 2008.07.01-ны гэх хар өдрийн жагсаалыг эхлүүлж байсныг мартаагүй. Өмнөх хар түүх нь мартагдаагүй байхад Ж.Батзандан өнөөдөр жагсаал хийж, О.Магнай худлаа мэдээлэл хийлээ.

Таван хүний амь эрсэдсэн түүхийг Монголын ард түмэн мартаагүй шүү Ж.Батзандан, О.Магнай нараа. Нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэхээсээ өмнө хариуцлагаа үүрч чадах эсэхээ нэг бодоод үзээрэй.