Нэгэн үе АН-ын ирээдүй гэгдэж, тэр жишгээрээ МАН хүртэл С.Баярцогтын үгийг сонсдог байлаа. Гэсэн ч өдгөө төрөлх АН-даа хүртэл нүд үзүүрлэгдэх болсон түүнийг намынх нь нөхөд хэрхэн намаасаа зайлуулж, "туг тахих” төлөвлөгөөгөө боловсруулж эхэлжээ. Үүнийг нь ч С.Баярцогт гадарлаж, гадаад уруу зугтахаар шийджээ.

Мэдээж удахгүй болох УИХ-ын сонгуулийн дараа энэ бүхэн шийгдэх бөгөөд С.Баярцогт АНУ-д суралцах нэрээр гадаад уруу зугтах аж. 50 хүрч буй С.Баярцогтыг ийм шийдвэр гаргасанд эргэлзэж тээнэгэлзэх хүмүүс олон байгаа ч арга ч үгүй юм даа хэмээн бодоцгоож байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн талын хүн гэдэгтээ л "асуудал”-гүй яваа ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт АН-ыг аргагүй доош нь чангааж, өдгөөгийн энэ шавар балчигт унагасан том гавьяатнуудын нэг. Мөн энэ сацуу сонгууль дөхөхөөр борооны дараах мөөг шиг олширдог улстөрчдийн чансааг тодорхойлсон янз бүрийн "хар жагсаалт”-уудын хамгийн ихэнд тогтмол бичигдэж, АН-ын ирээдүй, ард түмний дундах нэр хүндийг нь баастаж буй Сангажавын хүү Баярцогтоос салахаар шийджээ. Гэхдээ С.Баярцогт Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарын арын хаалгуудаа "тэтгэвэртээ гартал” /2017 онд Ерөнхийлөгчийн сонгууль болно, 2016 онд УИХ-ын сонгууль болно/ нь улстөрөөс хөндийрөхгүй аж.

Сангийн сайд байхдаа хамгийн их мөнгө төгрөг идсэн хэмээн чичлүүлдэг С.Баярцогтыг "Оюутолгойн гэрээнээс хамгийн их хувь хүртсэн хүн” хэмээн улстөрийн хүрээнд саяхныг хүртэл ярьдаг байсан. Нөгөө талаас С.Баярцогт Сангийн сайд байхдаа "Оюутолгойн ордын ашгийн 59 хувийг монголчууд хүртэхгүй бол би хариуцлага хүлээнэ” хэмээн их л сүржин мэдэгдэл хийж байсан. Харамсалтай нь, С.Баярцогтын боловсруулсан энэ муу гэрээг түүний дотнын анд Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болонгуутаа дур мэдэн өөрчилж, улам дордуулсан ба үүний улмаас Монгол Улс, Монголын ард түмэн Оюутолгойгоос 2037 он хүртэл ашиг хүртэхгүй болов. Аргагүй шүү дээ, тэр хүртэл ашгийг нь төсвийн алдагдлыг нөхөх энэ тэр нэрийн дор хуваагаад авчихаж байгаа юм чинь. Оюутолгой дээр нэмэгдээд оффшор дансны асуудал сонгуулийн дараа сөхөгдөх нь гарцаагүй ба АН ялагдаж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг явцгүй болбол С.Баярцогт хаяагаа манаж гадагшаа зугтаах аж. Яг ийм жишээг МАН-ын залуу боловсон хүчин, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт гаргаж байсан юм. С.Баярцогттой нийлж Оюутолгойн гэрээнээс овоохон ашиг хүртсэн тэрбээр МАН ялагдангуут гадаад уруу зугтаж, олон зуун сая ам.доллараа Европын орнуудаар аялсан шигээ үрж, дугуй унан маадгар явж байгаад монголчуудтайгаа таараад ихэд эвгүйцсэн гэнэ билээ.

Өнгөрсөн дөрвөн жилийг ингэж үдсэн Д.Зоригт Оюутолгой гэрээний дуулиан намжаад ирэнгүүт энэ жил их хуралд Чингэлтэй дүүргээс нэр дэвшихээр чингэлтэйчүүдийг 285 сая төгрөгөөр Чингис зочид буудалд шинэ жилдүүлсэн юм. 19 хороотой Чингэлтэй дүүргийн хороо тус бүрээс 150 хүнийг, хүний 100 мянган төгрөгний такстайгаар МАН-ын хайрт ах Сү.Батболдынхоо Чингис зочид буудалд хийхэд ийм хэмжээний мөнгө гарсан бөгөөд төрөөс төрсөн тэрбумтан Д.Зоригт ханаж чадахыг мэдэхгүй дахин улстөр рүү өнгийж эхэлсэн юм. Тэгвэл үзэл бодол, үйл хэргийн хувьд түүнтэй адил ч Д.Зоригтыг бодвол харьцангуй ахимаг насны, эх орондоо л амьдрах насан дээрээ яваа С.Баярцогт хэдий болтол гадаадад нуугдаж, басхүү сурч амьдрах нь ойлгомжтой. Хамгийн ноцтой нь, С.Баярцогт "хахуулийн мөнгөө Баруун Европын оффшор гэдэг татварынхны хараа хяналтаас нуудаг тусгай дансан /оффшор дансны тодорхойлолт/-д хийсэн сая долларын асуудал бус оффшор данс нээхийн тулд Их Британийн Виржинийн аралд байгуулсан нууц компанийнх нь албан ёсны баримт бичиг дээр Хятадын Монгол хэмээх асуудал юм. Монгол Улсыг Хятадын нэг улс болгочихов уу, аль эсвэл С.Баярцогт өөрийгөө Хятад хүн гэж энэ "Legend Plus Capital Limited" хэмээх нууц компаниараа тодорхойлов уу бүү мэд, дуугардаг хүн алга. Тэр өөрөө эсвэл түүний Сэлбэ хотхон дахь гэр нь Хятадынх байж болно. Харин Монгол Улс Хятадынх биш юм шүү.

 

 

 

Ямартай ч, википедиа дээр С.Баярцогтын энэ үйлдлийг "Монгол Улсын Улсын Их Хурлын гишүүн, тэр тусмаа Их Хурлын дэд дарга, Барууны боловсрол бүхий Ардчилсан намын хамгийн шилдэг боловсон хүчин, туршлагатай улс төр ч хүн ингэж өөрийнхөө эх орноо юу ч биш гэж боддог нь илэрсэн нь өнөөдрийн Монголын сэхээтний буюу тэргүүний хэсгийн төлөөлөл ямар дүр төрхтэй болохыг илчилсэн юм. Их Хурлын хуралдаанаар С.Баярцогтод хариуцлага тооцох асуудал дээр түүний энэ Хятадын иргэн болсон талаар хэн ч юу ч асуугаагүй нь Монголын хамгийн лидер гэж үзэж сонгосон 76 хүний хэн болохыг бас харуулсан явдал юм. Бодит байдал дээр 76 гишүүн маань эрх мэдэл, эд хөрөнгө олж байвал бусад нь хамаагүй гэж үздэг болохын баталгаа энэ асуудал юм” хэмээн бичжээ. Хэн үүнийг оруулсан нь хамаагүй ч бодит байдал дээр ийм зүйл болсон юм. Мөн С.Баярцогт гээд википедиагаас хайхаар "Хятад мөн” гэж гараад байх юм. Мэдээж МАН-ынхнаас энэ асуудалд эсэргүүцлээ илэрхийлэх байх гэж харсан хүмүүс бий.

Гэхдээ сонгуульд ялагдсан МАН шантаажинд орж, АН-аас айсных хэмээн тайлбарлах хүмүүс ч бас бий. Хятадын Монгол гэсэн нь хуурамч, фотошоп хэмээн бодов уу МАН. "Гуардиан" сонинд гарахаас өмнө, гаднын хэвлэлд гарахаас өмнө Монголд анх энэ асуудлыг орчуулан хүргэхэд С.Баярцогтын балаг болсон 20 орчим хуудас нууц материалыг МАН-аас өгсөн, хуурамч биш гэдгийг нь мэдмээр л юм.

Эцэст нь, оффшор дансанд сая ам.доллар нуугаад баригдсаныхаа дараа "Гэр бүлдээ санаа зовж байна” хэмээн мэдэгдэж сая ам.доллараа гэр бүлийн хүнээсээ хүртэл нууж явсан гэгдэх болсон С.Баярцогтыг гаднын сэтгүүлчид "Монгол Улсын сайд хэмээх энэ нөхөр гадаадын хурал зөвлөгөөн дээр байнга мөнгө гуйж, Монгол Улс ядуу байна. Тусламж өгөөч гэдэг байсан. Тэр мөнгө хэрэгтэй зүйлдээ зарцуулагдсан болов уу” гэсэн нь гаднын тусламжийн мөнгийг оффшорт байрлуулсан гэдгийг хэлээд байх шиг сонсогдсон юм. Энэ мэтчилэн сүүлийн жилүүдэд барууны том, том хэвлэлүүдээр олон улсын татвар, хахуулийн гэмт хэрэгтнүүдийг задалж илчлэх томоохон ажлууд их хийгдэх болсны нэг нь С.Баярцогтын хэрэг байсан юм. Ингэхдээ барууны боловсролтой С.Баярцогт барууны олон ч хэвлээр бусад орны хээл хахууль, луйврын гэмт хэрэгтэн улс төрчидийн хамтаар материал нь хэвлэгдэж тарсан юм. Ингэж л Монголд төдийгүй гадаадад АН-ыг нүүрийг түлсэн С.Баярцогтоос журмын нөхөд нь салахаар шийдсэн нь зүй ёсных гэлтэй.

 

 

 

 

 

Төгс