УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дөнгөж сая Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 94.6 хувийн саналаар Б.Жаргалсайханыг Улсын Ерөнхий прокуророор томилохыг дэмжлээ. Б.Жаргалсайхан нь 30 гаруй жил прокурорын байгууллагад ажиллаж байгаа нэгэн юм.

Банзрагчийн Жаргалсайхан нь 1964 онд Өвөрхангай аймагт төрсөн, 55 настай, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1973-1983 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын хоёрдугаар 10 жилийн сургууль, 1983-1988 онд Монгол Улсын Их сургууль төгссөн, эрх зүйч мэргэжилтэй.

Тэрбээр 1988 онд Өвөрхангай аймгийн прокурорын газарт хяналтын прокуророор ажлын гаргаагаа эхэлж, 1991-1996 онд тус аймгийн прокурорын газарт ахлах прокурор, орлогч прокурор, 1996-2000 онд аймгийн прокурор, 2000-2001 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, 2001-2009 онд Тээврийн прокурорын газарт тээврийн прокурор, 2009-2010 онд Улсын ерөнхий прокурорын газарт Хэрэг эрхлэх газрын дарга, 2011-2014 онд Тээврийн прокурорын газарт тээврийн прокуророор тус тус ажиллаж байжээ. Улмаар 2014-2016 онд Улсын ерөнхий прокурорын газарт Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга, 2016-2017 онд Улсын ерөнхий прокурорын газарт Тамгын орлогч прокуророор ажиллаж байсан бөгөөд 2017 оноос Улсын ерөнхий прокурорын газарт Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар ажиллаж байжээ.