Манай улсад хийж бүтээх олон ажил бий. Улс төрчдөөс хараатаар бүтэх бүтээн байгуулалтын ажил, улсаа хөгжүүлэх бодлого, улсын төсвийн сан хөмрөгөө арвижуулах гээд толгой өндийх завгүй ажиллаж байх ёстой улстөрчид "дуулиан"-д нэр холбогдоод явж байх болсон бололтой.

Хууль санаачлаад тэрийгээ өөрсддөө ашигтайгаар батлуулчих гээд зүтгэдэг нь болсон гэхэд буруудахгүй.  Энэ долоо хоногийн эхний өдөр Уул уурхайг хаах попролтын үндсийг тавьсан улстөрчдөөр Б.Бат-Эрдэнэ, Г.Занданшатар хоёрыг тодруулжээ. Уул уурхайн эсрэг үг дуугарахаар УИХ-ын гишүүн болчихдог учраас попчид хүрээгээ тэлээд байгаа талаар өдрийн сонинд ийн онцолсон. 

Улстөрд хийгээд нийгэмд хамгийн их дуулиан, хүлээлтийг үүсгээд байсан нэг асуудал бол Оюу-Толгойн гэрээ. "Рио Тинто"-гийн Зэс, очир эрдэнийн группийн тэргүүн Арнауд Суарат Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж мэдэгдэл гаргажээ. "Рио Тинто"-гийн удирдлагууд энэ асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзах хүсэлт тавьсан байна. Харин УИХ-ын даргын өмнөөс Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир тэдэнтэй уулзжээ.

Энэ үеэр "Рио Тинто" группийн удирдлагууд "Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь эзэмшигчдийн гэрээ, Дубайн гэрээнд нэг ч цэг таслал, үг өгүүлбэрийн өөрчлөлт оруулахгүй гэдгээ мэдэгдсэн байна. АТГ-аас Оюутолгойд хийсэн шалгалт, Аудитын байгууллагаас Дубайн гэрээнд хийсэн шалгалтын дүгнэлтээ мөн УИХ-д хүргүүлээд буй.

Мөн улстөрчид нэгнийхээ хээл хахуулийн талаар сүүлийн жилүүдэд ил цагаандаа ярих болсон. Нэг ажил хийх гээд нэг ам нээхээрээ тэдэндээ ороогдоод уначих гээд тэвдэх болсон. Тухайлбал, АТГ-ын халаа сэлгээний асуудал яригдахад энэ нь ил болох гээд хэдэн улстөрчдийг ихэд тэвдүүлж эхлэв. Энхжаргал авлигын томоохон хэргүүдийг эцэслэн шийдэж чадаагүй буруугаа З.Энхболдод хаягласан бөгөөд түүнийг УИХ-ын даргаар ажиллаж байхдаа эдийн засгийн өршөөлийн хуулийг батласнаар АТГ-ын ажилд томоохон саад учруулсан. Энэ нь Монголын нэр хүндийг шавартай хутгасан гэж мэдэгдэж, гишүүд өршөөлийн хуульд хамрагдсан 33 их наядын хөрөнгийг шалгах ёстойг сануулж орхилоо. Монголын баялагийг эзэмшсэн 30 гэр бүлийн асуудал, оффшорт нуугдсан 17 тэрбум ам.долларын маргаан дээр нэмэгдээд ийнхүү 33 их наяд төгрөгийн хөрөнгийн эздэд хариуцлага тооцох асуудал цааш хэрхэн өрнөхийг харж байя даа. 

76 гишүүн ангидаа буюу танхимдаа ширүүхэн үзэлцэхээс гадна нам дотроо сандал, ширээ, нэр алдрын төлөө нүдээ ухаж өгөхөөс буцахгүй болсон уу гэлтэй дүр зураг харагдах болов.  АН даргаасаа болж дотроо хэдэн хэсэг бутарч рейтингээрээ ч өндийхөөргүй болтлоо нэр хүнд нь навс унаад байгаа гэх. Тодрууулбал, Баянгол дүүргийн “ван” буюу эзэн нь болтлоо тус дүүргийг өмчилж,өөрийн хүрээллээ насан туршид нь ажиллах ажлын байраар хангасан С.Эрдэнэ одоо АН-ыг өөрийн хүрээллээрээ дүүргэж, үг сөрсөн хэнийг ч намаасаа хөөдөг зарчмаар ажиллаж байна хэмээн өдрийн сонинд хэмээжээ.

Долоо хоногийн ажлын сүүлийн өдөр "Авилгад холбогдсон улс төрч" хэмээн хэвлэлийн хуудаснаа залрах нь тэр. Энэхүү үйл явдалд хэн холбогдов.