С.Амарсайхан: Ялзарсан хурандаа, генералуудыг хуугаар нь чөлөөлж байж хар тамхины аюулгүй болно
9 минутын өмнө
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд асан С.Амарсайхан хар тамхитай холбоотой асуудлаар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл өглөө.

Энэ үеэр хар тамхитай холбоотой асуудлаар сонсголыг удахгүй зохион байгуулах гэж байгаагаа мэдэгдэв. Тэрбээр "Монгол Улсын ирээдүй хар тамхинд живж байна. Манай улс цөөн хүн амтай, 65 хувь нь 34 наснаас доош насны залуучууд.
Хар тамхины хэрэглээний 86 хувийг 18-34 насны залуучууд эзэлсэн. Насанд хүрээгүй хүүхдүүд энэ асуудалд холбогдож байна. Энэ бол хил хязгааргүй бий болсон донтолт. Нэг хүн хар тамхинд орвол нэг өрх сүйрч байна гэсэн үг. Нэг өрх сүйрвэл Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд хамаатай.
Манай улс өмнө дамжуулагч байсан бол одоо үйлдвэрлэгч орон болох хэмжээний эрсдэлтэй болсон. Нэг хар тамхи хэрэглэдэг хүүхдийн ард 200-300 хүүхэд байна гээд бодоод үзээрэй. Хүүхэд залуучуудаа хамгаалж чадахгүй бол ирээдүй байна уу.
Төрийн мөрдөс зүүсэн, хуулийн байгууллагаар халхавчилсан хулгай дээрмийн бүлэг хүүхдүүдийг хар тамхинд оруулж, хууль бус алт олборлож, хууль бус гэмт хэргийн бүлэглэл байгуулж, хөгжүүлж улс доторх улс байгуулчихсан юм шиг бүх шатанд төрийг барьцаалчихсан байхад өнөөдөр хэн ч тодорхой ярьж шийдвэр гаргаж чадахгүй байна.
Энэ талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ, өөрийн байр сууриасаа огт буцахгүй. Хар тамхины хэрэглээ 100, 100 мянгаар тоологдох хэмжээнд хүрсэн. Энэ дээр тавьж байгаа хяналт, зохион байгуулалт, хүн хүч, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх асуудал дээр онцгой анхаарч хумьж авахгүй бол улсын ирээдүй устаж үгүй болох зам руу орсон.
Хар тамхитай тэмцэх албаныхан мэргэжлийн ур чадвар, итгэл үнэмшлээр хичээж ажиллаж байгаа. Харамсалтай нь орон тоо, цалингийн хэмжээг хасчихсан. Намайг ажил авахад цагдаагийн газар хар тамхины шинжилгээний оношлуургүй байсан. Дээрээс нь хар тамхийг таслан зогсоохтой холбоотой асуудал дээр тодорхой хөрөнгийг шийдвэрлэсэн. Аргаа бараад өөртөө байгаа хоёр нохойг өгсөн.
Хууль сахиулах байгууллагын толгойд суусан ялзарсан хурандаа, генералуудыг хуугаар нь чөлөөлж байж энэ улсын ирээдүй хар тамхины аюулгүй болно. Энэ асуудлыг цэгцлээгүй цагт ямар ч хууль яриад нэмэргүй.
Дээрээ УИХ, Засгийн газар нь бодлого хууль яриад, доороо иргэд нь хүлээлт өндөртэй байдаг. Гэтэл дунд нь аалзны тор шиг хэрчихсэн хууль сахиулах байгууллагын илжирсэн удирдлагуудын сүлжээг таслан зогсоох хэрэгтэй" гэв.






