Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Европын Зөвлөлийн Венецийн комиссоос хамтран зохион байгуулж буй “Эрх мэдлийн хуваарилалт ба Үндсэн хуулийн шүүх” сэдэвт олон улсын бага хурал өнөөдөр эхэллээ. Тус хуралд Европын Зөвлөлийн Венецийн комисс болон Болгар, Итали, Латви, ОХУ, Польш, БНСУ, Тайланд зэрэг нийт арав гаруй улсын Үндсэн хуулийн шүүхийн төлөөлөгчид оролцож байна.

Хоёр өдөр үргэлжлэх хурлаар “Хууль тогтоох байгууллага ба Үндсэн хуулийн шүүх”, “Гүйцэтгэх засаглал ба Үндсэн хуулийн шүүх”, “Шүүх засаглал ба Үндсэн хуулийн шүүх”  сэдвийн хүрээнд тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийхээр товлосон байгаа билээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр олон улсын хурлыг нээж хэлсэн үгэндээ, “ “Эрх мэдлийн хуваарилалт ба Үндсэн хуулийн шүүх” сэдэв  бол нийтэд ойлгомжтой хэдий ч чухал ач холбогдолтой сэдэв” гэдгийг онцлон тэмдэглээд “Төрийн эрх мэдэл хуваарилах зарчмын гол зорилго нь төрийн эрх мэдлийг засаглалын гурван салаанд хуваарилж, тэдгээр нь бие биедээ хяналт тавих, эрх мэдлийг тогтоон барих замаар төрийн тогтолцооны тэнцвэрт байдлыг хангахад үйлчлэх явдал юм. Төрийн эрх мэдлийг дан ганц нэг гарт төвлөрүүлэхгүйгээр холбогдох институтэд хуваарилж, тэдгээрийн хоорондын харилцан тэнцвэрийг хангаснаар төрийн эрх мэдлийг хангах, хүний эрхийг хамгаалах чухал механизм бүрддэг” гэдгийг цохон хэллээ.

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр цааш нь “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц ардчилсан төрийн тогтолцоонд өөрийн байр суурийг баттай эзэлж, төрийн эрх мэдлийг тэнцвэржүүлэхэд чухал чиг үүргийг гүйцэтгэж ирсэн”-ийг дурдлаа. Мөн “Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг судалж үзвэл,Үндсэн хуулиар тогтоосон төрийн эрх мэдэл хуваарилалтын хүрээнээс хальж, өөртөө эрх мэдэл бий болгосон аливаа институтын цөөнгүй шийдвэр, эрх зүйн актыг хүчингүй болгож Үндсэн хуульт ёсыг хамгаалж, ардчиллын гол зарчим болох эрх мэдлийг хуваарилах зарчмыг хамгаалж ирснийг харж болно” гээд  “Өнөөгийн энэ олон төрлийн ашиг сонирхол зэрэгцэн оршсон,  нийгмийн сүлжээ, мэдээллийн технологи асар хурдацтай хөгжиж буй нээлттэй нийгэмд ч бидний энэхүү тэнцвэржүүлэх үүрэг өсөн нэмэгдэж шинэ шинэ сорилтуудтай тулгарч байна. Иймд Үндсэн хуулийг хамгаалах Та бидний ажил, үүрэг бол төрийн эрх мэдлийн тэнцвэрийг хангах, улмаар хүний эрхийг баталгаажуулах, Үндсэн хуулийн зөрчлийг таслан зогсоох, зөрчигдсөн эрхийг сэргээх хэцүү бөгөөд хариуцлагатай үйлс болохыг  онцлон тэмдэглэмээр байна” гэлээ.

Ноён Джанни Букиккио Европын Зөвлөлийн Венецийн комиссын үйл ажиллагааны талаар ярихдаа, “Венецийн комисс нь 1990 онд байгуулагдсан бөгөөд Төв болон Зүүн Европын орнуудад шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулах, хууль тогтоомжийг Үндсэн хуульд нийцүүлэн хэрэгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж ирсэн, гүйцэтгэсээр байна. Европ тивд ардчилал рүү шилжих шилжилтийн талаарх бидний мэдлэгийг мэргэшсэн хэмээн хүлээн зөвшөөрдөг. Манай Комисс нь Үндсэн хуулийн шүүхийн салбарт хамтран ажиллахад чухал үүргийг байнга гүйцэтгэж ирсэн бөгөөд энэ чиглэлээр шилдэг туршлага, олон улсын стандартыг солилцоход голлох үүргийг гүйцэтгэдэг. Үндсэн хуулийн шүүх нь Үндсэн хуулийн хараат бус байдлын баталгаа болохын хувьд, ялангуяа өнөөдрийн ийм цаг үед чухал үүргийг гүйцэтгэдэг талаар бид байнга цохон тэмдэглэдэг” гэдгийг онцоллоо.

Тэрээр мөн “ ШИлжилтийн үед олон улс орнууд төрийн эрх мэдлийн нэг салбар Үндсэн хуулийн зохицуулалтыг дур мэдэн тайлбарлах, эсхүл яаран “Үндсэн хуулийн шинэчлэл” хийх замаар эрх мэдлийн тэнцлийг өөрчлөхийг оролдох улмаар Үндсэн хуулиа зөрчсөн маргааныг шийдвэрлэх бэрхшээлтэй тулгарч байсан” талаар яриад “Ийм нөхцөлд тухайн улсын Үндсэн хуульд тусгасан Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн гол үүрэг болох ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчмыг хангах явдал бодитоор хэрэгжиж байгаа эсэх нь Үндсэн хуулийн шүүхээс улс төрийн дарамт шахалт зэргийг эсэргүйцэн тэмцэх чадавх, хүчин чармайлтаас хамаарч байна” гэдэгт хуралд оролцогсдын анхаарлыг хандуулав.

Олон улсын өнөөдрийн хурлын үеэр “Үндсэн хуулийн шүүх ба парламент хоорондын харилцаа”, “Үндсэн хуулийн шүүх болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага хоорондын харилцааны эрх зүйн үндэс”  сэдэвт үндсэн илтгэлийн хүрээнд олон улсад  эдгээр асуудал  хэрхэн зохицуулагдсан байдаг, тэдгээрийг хэрэгжүүлэхэд учирч буй хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга зам  зэрэг асуудлыг хэлэлцэж санал солилцов. Түүнээс гадна Үндсэн хуулийн шүүхээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хяналт тавих эрх зүйн ямар боломж байдаг, Үндсэн хуулийн шүүх хяналтын үүргээ хэрэгжүүлэхдээ өөрийн бие даасан, хараат бус байдлаа хэрхэн хамгаалах зэрэг асуудлаар олон улсын Үндсэн хуулийн шүүгчид илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлж байна гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.