УИХ-ын гишүүн, яруу найрагч Ж.Мөнхбат, “Хүмүүн” фильмтэй хамтран Монгол Улсын маршал, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар Ю.Цэдэнбалын туулж өнгөрүүлсэн амьдралыг харуулсан “Түүх мартахгүй” уран сайхны киног бүтээхээр болсон билээ. Тэгвэл уг киноны зураг авалтын мотор өчигдөр дуугарлаа. 

“Түүх мартахгүй” киноны онцлог нь Ю.Цэдэнбалыг ХХ зуунд амьдарч байсан дэлхийн хүн гэдгийг онцолж харуулах гэнэ. Түүний идэр насыг УДЭТ-ийн жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Г.Амгаланбаатар бүтээхээр сонгон шалгаруулалтад тэнцжээ. 

Харин их удирдагч Ю.Цэдэнбалын бага залуугийн дүрийг залуу жүжигчин Э.Саруул,  ахимаг үеийн дүрийг төрийн шагналт, гавьяат жүжигчинЦ.Төмөрбаатар нар амилуулна. Мөн гэргий Анастасия Ивановна Филатовагийн идэр насны дүрд ОХУ-ын залуу жүжигчин Екатерина Кобба (Оросын телевизийн “Мөр” олон ангит кинонд гол дүр бүтээсэн) тоглохоор сонгогдсон байна. Харин А.И.Филатовагийн ахимаг насны дүрийг ОХУ-ын гавьяат жүжигчин Галина Анатольевна Бокашевская бүтээх юм. Үүнээс гадна ЗХУ-ын алдарт удирдагч Н.С.Хрущевийн дүрд ОХУ-ын гавьяат жүжигчин Виктор Балабанов, Л.И.Брежневийн дүрийг ОХУ-ын гавьяат жүжигчин Евгений Шмелев бүтээнэ.