АНУ-ын сенат дахь ардчилсан намынхны тэргүүн Чак Шумер Холбооны мөрдөх товчоо болон Холбооны худалдааны комиссын удирдлагуудад хандан Оросын FaceApp апликейшн АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлж болзошгүй тул зохих арга хэмжээ авахыг хүсэн захидал илгээсэн байна. 
Тэрбээр энэ захидлаа Твиттер хуудсандаа байршуулжээ. 
Дээрх аппликейшн ашиглах үед хэрэглэгчийн  гэрэл зургууд болон мэдээлэлд нь бүрэн нэвтэрдэг тул хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр гэрэл зургуудыг ашиглах магадлалтай гэж сенатч үзсэн байна. 

FaceApp аппликейшнийг Оросын Яндекс болон  Wireless Lab  компаний СЕО-оор ажиллаж байсан Ярослав Гончаров боловсруулсан. Аппликейшн нь нейро сүлжээний үндсэн дээр ажилладаг бөгөөд энэ сүлжээ нь хүний мэдрэлийн системийн тоон хувилбар юм. Зургаа оруулснаар ирээдүйд нүүр царай нь хэрхэн өөрчлөгдөхийг харуулдаг энэ аппликейшн анх 2017 онд  App Store болон Google Play-д байршиж байв.

Тухайн үед энэ аппликейшн хүний нүүрний хувирал, хүйс, үс засалт болон үсний өнгийг өөрчилдөг байсан бол саяхнаас хүний хөгширсөн царайг харуулдаг нэмэлт функц оруулжээ. 

Энэхүү өөрчлөлт нэмэгдсний дараа хэрэглэгчдийн дунд энэ аппликейшн ихээхэн дэлгэрч, одоо хамгийн эрэлттэй аппликейшнүүдийн шилдэг 10-т багтах болсон байна.