Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг гурван бүсчлэлд хуваах талаар холбогдох албаныхан өнөөдөр /2019.07.23/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Улаанбаатар хотод 530 гаруй мянган автомашин бүртгэлтэй байдаг. Үүнээс 420 мянган автомашин идэвхтэй хөдөлгөөнд оролцож байна. Сар бүр гадаад улс орноос импортоор 5-8 мянган автомашин орж ирдэг гэх судалгаа бий. Жилд 60-80 мянган автомашин нэмэгдэн орж ирж байгаа энэ үед автомашины тоог цөөлөхөөс гадна автомашины хэрэглээний зам байдлыг өөрчлөх зайлшгүй шаардлага тулгараад байгааг гэдгийг онцлов.

Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр “Өнөөдөр Улаанбаатар хотын замын хөдөлгөөн хэт ачаалалтай нөхцөл байдал үүссэн. Ямар нэгэн арга хэмжээ авахгүй л бол хотын хүн ам ихээр төвлөрсөн газруудад тэг зогсолтод орох нөхцөл байдал үүсээд байгаа. Бид 2005-2010 оны хооронд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал ихэсч байгаа дүр зургийг тооцоолж эхэлсэн. 2010 оноос түгжрэлийн тухай анх ярьж эхэлсэн. Энэ үед бид ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол болохгүй гэсэн дүгнэлтэд хүрээд дугаарын хязгаарлалтаас гадна нийтийн тээвэрт зорчих хэсгийн нэг эгнээг чөлөөлж өгсөн. Мөн авто замд гүүрэн гарц хийх, уулзварын геометр хэлбэр, төрлүүдийг өөрчилж эхэлсэн. Дараа нь аюулгүйн тойргуудыг уулзвар болгож гэрлэн дохиотой зохицуулалт хийж урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байлаа. Гэвч цаг хугацааны хувьд энэ арга зам цаашид үргэлжлэх боломжгүйд хүрээд байна.  Бид хотын төвлөрлийг сааруулах, дагуул хот байгуулах, метротой болох эсвэл худалдаа үйлдвэрлэл, их дээд сургуулийг хотоос гаргахад 10-аас дээш жил шаардлагатай. Тэгэхээр богино буюу дунд хугацааны ажлыг эхлүүлсэн" гэлээ. 

Бүсчлэлийн хувьд, Улаанбаатар хотыг А, B, С гэсэн гурван бүсчлэлд хуваараах төлөвлөсөн аж. А бүс маш бага хэмжээтэй. Учир нь автомашины хөдөлгөөн энд сийрээд иргэд явган алхах боломжийг тооцоолоод Бага тойруугийн доторх замыг А бүс гэж төлөвлөсөн байна. 

Мөн Б бүс Их тойруу: Энэ бол хүмүүсийн идэвхитэй алхах бүс дунджаар 30-40 минут алхах зай байх гэнэ.

Харин С бүс: Улаанбаатар хотын А, B зоон дээр автомашины зогсоолыг хангалттай бүрэн дүүрэн хэмжээнд хүргэнэ. Одоогийн байдлаар 2000 орчим зогсоол байгаа. Автомашин нэг бүрийн зогсоол шүү. Зөвшөөрөлтэй 2382 зогсооол байгаа. Зөвшөөрөлгүй 5330 автомашины зогсоол байна. Зөвшөөрөлгүй гэдэг нь гинж татаж, шон босгоод байгууллагууд өөрсдийн орчноо зогсоол болгосон гэсэн үг. Шинээр судлагдаж байгаа нь 7984 байна. Энэ нь зогсоол биш нэгдүгээр эгнээг хаасан, зорчих хэсэгт төдийлөн нөлөөлдөггүй зай талбай гэсэн үг. Тухайлбал Монителын урд уулзвар. Энэ мэтчилэн бүх зогсоолыг төлбөржүүлж эзэнтэй болгоно. Нийт 15696 зогсоол. Энэ зогсоол бүгд төлбөртэй байна. Байгууллагын ажилчид үйлдвэр үйлчилгээний газрын эзэд машинаа тавьчихаад иргэдэд зогсоол олддоггүй. Тэгвэл автомашины зогсоол дээр зогсох автомашинуудад шинээр журам үйлчилж эхэлнэ.

А, B зоонд татвараа төлсөн, зөрчлийн торгуульгүй жолооч, техникийн улсын үзлэгээр тэнцсэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан, техникийн өнгө үзэмж сайтай автомашинуудыг оруулна. Мөн А зоон руу одоогийн байдлаар тэгш, сондгойгоор оруулах асуудал яригдаж байгаа гэв.

Ийнхүү бүсчлэлд оруулах асуудлаар иргэдээс сарын турш санал асуулга авчээ. Уг санал асуулгад оролцогчдын 70 орчим хувь нь энэхүү бүсчлэлийн саналыг дэмжсэн байна. Замын хөдөлгөөнийг бүсчлэх ажлыг ирэх наймдугаар сараас эхлүүлэх юм байна.