УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаан 12.00 цагт эхлэх байсан ч ирц хүрээгүй тул 15.00 цаг хүртэл хойшлуулсан. Чуулганы нэгдсэн хуралдааны танхимд 16.00 цагийн байдлаар 54 гишүүн ирсэн байна. Харин хуралдаандаа УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Х.Болорчулуун, А.Ундраа, Ж.Ганбаатар, Д.Хаянхярваа, Ц.Даваасүрэн, Б.Наранхүү, Л.Болд, Н.Номтойбаяр, С.Жавхлан, Ч.Улаан, Б.Жавхлан нар ирээгүйгээс гадна УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд чуулганд оролцоогүй тул ийнхүү ирц бүрдсэнгүй.

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх байсан юм. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн  11.3.1-т “Үндсэн хуулийн Жаран есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар УИХ-ын гишүүний дөрөвний гурав буюу 57-гоос доошгүйн ирцтэй бол түүнийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг авч хэлэлцэхэд хүчин төгөлдөр гэж үзнэ” хэмээн заасан байдаг.