Цэцэрлэгийн үндсэн сургалтын хэлбэрээр сургуулийн өмнөх боловсрол олгохоос гадна үндсэ сургалтад хамрагдаж чадахгүй байгаа хүүхдэд “ээлжийн бүлгийн”, “явуулын багшийн”, “нүүдлийн бүлгийн” гэсэн хэлбэрийн хувилбарт сургалтаар сургуулийн өмнөх боловсрол олгож байна.

2017 оноос хүүхэд харах үйлчилгээг хоёр наснаас сургуульд элсэх хүртэлх насны бүх хүүхдийг хамруулах, хүүхдийн амь нас, эрүүл мэнд эрсдэлгүй байх, хүүхдийн бие бялдар, оюун ухаан, сэтгэхүй, харилцаа, зан суртахууны хөгжил, төлөвшил, хүмүүжилд сөрөг нөлөөлөл, үр дагаваргүй байх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нас харгалзахгүйгээр хүүхэд харах үйлчилгээнд хамруулж эхэлжээ.

Монгол улсын хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд нийт  хотын 682, орон нутгийн 753 нийт 1435 хүүхдийн цэцэрлэг байгаагаас төрийн өмчийн 889, хувийн 546 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна.

Монгол улсад 2018 оны байдлаар оршин суугаа бага насны 468 844 хүүхдээ сургуулийн өмнөх боловсрол эзэмших 2-5 настай  319075 хүүхэд /68 хувь/ байгаагаа 2018-2019 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд 261354 хүүхэд буюу 82 хувь нь хамрагдсан байна. Үүнээс 2 нас хүртэл 50257, 3-5 настай 202858  хүүхэд байна.

Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа  261354 хүүхдийг бүс нутгаар нь авч үзвэл баруун бүсэд 31650 хүүхэд буюу 12.1 хувь, хангайн бүсэд 48623 хүүхэд буюу 18.6 хувь, төвийн бүсэд 42343 хүүхэд буюу 16.2 хувь, зүүн бүсэд 18918 хүүхэд буюу 7.2 хувь, Улаанбаатар хотод 119820 хүүхэд буюу 45.8 хувь нь хамрагдаж байна.

Мөн сургуулийн өмнөх боловсролд хамрагдагсдаас малчдын хүүхэд 30960, халамжид байгаа хүүхэд 2961, хөгжлийн бэрхшээлтэй 1087 хүүхэд байна.

Сургуулийн өмнөх боловсролд хамрагдагч 222150 хүүхэд төрийн өмчийн цэцэрлэгт, 39204 хүүхэд хувийн цэцэрлэгт хүмүүжиж байгаагаас 239764 буюу 91.7 хувь нь үндсэн, 21590 буюу 8.3 хувь нь хувилбарт /ээлжийн, нүүдлийн, явуулын/ сургалтад тус тус хамрагдаж байна.

Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолоор баталсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Боловсролын чиглэлээр сургуулийн өмнөх боловсролын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 2017-2020 оны хооронд нийт 117 191.0 сая төгрөгийг улсын төсөв, орон нутгийн төсөв, гадаад тусламж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр санхүүжүүлэх, хүрэх түвшин, үр дүнгийн үзүүлэлтийг тусгаж өгсөн байна.

Төрөөс сургуулийн өмнөх боловсрод олгож байгаа өнөөгий байдал, үр дүнд аудитын байгууллагаас аудитын эрсдэлийн үнэлгээ хийжээ.