Хүүхдийн мөнгө олголтын явц, шинэчилсэн бүртгэлийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн хэлтсийн дарга М.Цогтбаатараас тодрууллаа.

-Хүүхдийн мөнгө олголт одоогоор ямар түвшинд явж байна. Улсын хэмжээнд нийт хэдэн хүүхдэд энэ тэтгэмжийг олгож байгаа вэ. Мөн ирэх оны хүүхдийн мөнгөний санхүүжилт шийдэгдсэн үү?

- Монгол Улсын хэмжээнд одоогоор нэг сая хүүхдэд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгож байна. Энэ нь сар болгон 20 тэрбум төгрөгийн санхүүжилттэй ажил юм. Амжиргааны түвшин тогтоох судалгаагаар 670-аас доош оноотой өрхөд энэ мөнгөн тэтгэмжийг олгож байгаа. Ирэх оны хувьд, Сангийн яамнаас төсөв хэлэлцэж байгаа ураас тодорхой мэдээлэл хэлэх боломжгүй байна.

-Зарим эцэг, эхчүүдийн хувьд оноос хойш хүүхдийн мөнгөө аваагүй гэсэн мэдээлэл ирж байна. Энэ тохиолдолд эцэг, эхчүүд хаана хандах шаардлагатай вэ?

- хүүхдийн мөнгөн тэмгэмж олгох журам гэж бий. Тиймээс эцэг, эхчүүд өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлээд, оноогоо тогтоосон байх ёстой юм. Оноо нь 670-аас доош байх нөхцлийг хангасан бол эцэг, эхчүүд банкинд дансаа нээлгээд хүүхдийн мөнгөө авах боломжтой.

-Хэд хоногийн өмнө Засгийн газрын шийдвэрээр  хүүхдийн мөнгийг төрийн сангаар шууд дамжуулж олгоно гэсэн. Энэ тохиолдолд банк хоорондын ямар нэгэн өөрчлөлт орох уу?

-Өмнө нь Сангийн яамны Төрийн сангаас Монголбанкинд мөнгө нь шилжээд, тэндээсээ арилжааны банкинд шилжих замаар олгогддог байсан. Энэ удаа Монголбанк гэсэн шилжилтийг л өөрчилсөн. Бусдаар бол хуучин журмын дагуу олгоно.Төрийн сангаас арилжааны 10 гаруй банкинд олголт хийнэ. Эцэг эхчүүдийн хувьд, ямар нэгэн бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй. Өмнө нь хүүхдийн мөнгө авч байсан бол хүүхдийнхээ дансыг холбосон бол тэр дансанд нь шууд орно.


Эх сурвалж: Зууны мэдээ сонин
П.Амгаланбаяр