Н.Энхбаяр ирэх сонгуульд хүч үзэхээр зүтгэж яваа. Тэгвэл тэрбээр сүүлийн үед өөрийн намаас УИХ-д суугаа О.Баасанхүүтэй муудалцаж, шуугиан тариад байгаа билээ. Түүнийг намынхаа эсрэг үйл ажиллагаа явуулж байна гэж Н.Энхбаяр шүүмжлэх болсон гэдэг.

Харин УИХ-ын О.Баасанхүү түүний талаар ийнхүү ярилаа. Тэрбээр "Би Н.Энхбаярын захиалгаар ажиллаж байсан. Одоо хүний захиалгаар ажиллахаа больё гээд өөрийн өргөсөн тангараг, УИХ-ынхаа үйл ажиллагаандаа, зарчимдаа үнэнч байя гээд ажиллаж байгаа. Намайг ингэж ажилла, тэгж хий, ингэж ханд гэдэг байсан юм. Үүнийг нь би зөвлөгөө өгч байна гэж ойлгодог байлаа. Гэтэл манай хүн захиалагч байж л дээ. Тэр хүн өөрөө мэдээж байгаа байх. Өөрийнх нь яриагаар би чинь Эрдэнэтийн 49 хувь, Оюутолгойн хувийг худалдаад авчихсан хүн. Би чинь Х.Баттулга, Ц.Элбэгдоржийн хүүхэд шүү дээ. Намайг ингэж доромжлоод байгаа хүн. Энэ 76-д суугаа хүмүүсээс эрх мэдэлгүй хоёр хүн бий. Тэрний нэг нь би, нөгөө нь С.Жавхлан. Гэтэл ганцхан над руу дайрах гэж нам байгуулсан юм уу? Намын даргаа шоронд ороход хөөцөлдөж гүйгээд шоронгоос гаргасан. Босоо Ганбаа гэдэг хүнийг нь Ерөнхийлөгч болгох гээд явлаа. Бүтэн дөрвөн жил нам юм бол надад чиглэл өгөх ёстой байсан. Тэгтэл ямар ч чиглэл өгөөгүй. Тийм байж өөрөө өөр хүмүүс рүү гүйж очоод өөр намуудтай уулзаад байгаа нь үнэхээр өрөвдмөөр. Надаас ганц ч  удаа үүнийг УИХ-д өргөн бариад өг, яриад өг гэж гуйж болно ш дээ. Гэтэл тэгээгүй бүтэн 8 жил би бие даагч шиг явлаа. Би зарчим л ярьдаг.

Би Ц.Элбэгдорж, С.Баярыг сайн хүн гэж боддоггүй. Эрх мэдэлтэй хүмүүс нь тэднийг шоронд хийх ёстой байгууллага нь оруулах хэрэгтэй. Гэтэл эд нар нь буцаад улс төрд орж ирэх гээд байгааг нь гайхаад байна. МАХН бүх иргэдийг орон сууцтай болгоно гээд байх юм. Энэ ажил амархан байсан бол одоогийн 76 чинь үүнийг хийчихнэ. Гэтэл цонхны наанаас мөхөөлдөс долоолгоод байх юм. Амархан байсан юм бол өмнө нь хийж байхгүй яасан юм бэ. Ямар ч боломжгүй хөтөлбөрүүд яриад иргэдийг хуурах хэрэггүй. Шал худлаа, 2012-2016 онуудад үүнийгээ хийхгүй яасан юм. Эрдэнэтийн хэн зарлаа. Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нар чинь нийлж зараа биз дээ. Тухайн үед нь би зарах гээд байна гээд яриад л байсан. Ипотекийн зээлийн хүүг тодорхой болгож, буулгая гээд би ярилаа. Харин тэд эсрэгээр нь хүүгүй болгоё гээд байгаа. Ингээд надтай тэмцээд байх юм. Би 8 жил парламентад суухдаа 7-хон сард нь эрх мэдэлтэй суудал дээр суусан. Энэ нь өргөдлийн байнгын хорооны даргаар ажилласан. Гэтэл энэ хүмүүс олон жил эрх мэдэлтэй суудал дээр сууж, ажилласан. МАХН-ын "Өргүй Монгол", "Орон сууц" хөтөлбөрүүд хэрэгжих ямар ч боломжгүй. Н.Энхбаяр ингэж худлаа ярихаа боль" хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.