Сонгуулийн жил сайхан болдог гээд л хөгшчүүл ярьдаг. Харин энэ жил залууст хүндхэн байх шинжтэй. Учир нь цалингаас цалингийн хооронд туугдаж яваа залуу гэр бүлүүд байртай болох гээд зээлийн хүү, барьцаа хоёрт дөнгөлүүлээд явж байхад өргөн хэрэглээний буюу өдөр тутмын хоол хүнснийх нь материалын үнэ өсөж байх жишээтэй.

Гэтэл нөгөө талдаа тэтгэврийн зээлийг тэглэж, тэтгэврийг нэмсэн хэмээн баярлаж сууна. Арга ч үгүй биз дээ, сонгуулийг идэвхитэй өгдөг насныхан хожихоос өөр яалтай. 

Уг нь утаагүй болох зорилт дэвшүүлсэн ч орон сууцжуулах хөтөлбөр нь таг гацав. Монгол залуучууд байртай болохын төлөө гадагшаа гарч хар ажилд дарлуулж явна. Нутагтаа ажлаа хийгээд байрны зээлээ төлөөд байх боломжоор нь төр засаг ч хангах үүрэгтэй. Тэд ч тэгж амлаж гарч ирсэн. Өнгөрсөн жил "өдрийн од" шиг 8 хувийн хүүтэй зээл нь хэдхэн хүмүүст олдсоныг хүн болгон ярьж байна. Учир нь байр зарна гэсэн зар нь сонины хуудсаар дүүрэн. Тэрхүү зар руу утас цохиход зарим хэсэг нь 8 хувьд оруулах боломжтой хэмээдэг. Тэгээд өөрсдөө шууд таалагдсан байраа 8 хувийн хүүтэй зээлээр авах гээд арилжааны банкуудаар хөөцөлдөхөөр эдийн засагч нар нь  "Зээл хаагдсан. Олгогдохгүй байгаа" гээд ам руу алагддаг. 

Энэ оны төсөвт залууст чиглэсэн бодлого, төсөв ганц ч төгрөг хялайлгаагүй. Харин улс төрчид сонгуулийг идэвхитэй өгдөг насныханыг онилж баталчихсан төсвөө эхнээс нь цацаж эхэллээ.

Тухайлбал, ХНХ-ын С.Чинзориг "Ирэх хоёрдугаар сарын нэгнээс тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн хэмжээгээр олгоно. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлсэнтэй холбоотой 150 тэрбум төгрөгийг энэ жил улсын төсөвт тусгасан. НДС-гаас 422 мянган ахмадуууд тэтгэвэр авч байгаа. Ирэх сараас бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350 мянган төгрөг, 500 мянган төгрөг хүртэлх тэтгэвэртэй иргэдийн тэтгэврийг 35 мянган төгрөгөөр, 500 мянган төгрөгөөс дээш тэтгэвэр авч байгаа иргэдийнх 25 мянган төгрөгөөр нэмэгдэж байна. Ингэснээр тэтгэврийн дундаж хэмжээ 413 мянган төгрөг болж байна. Ирэх сарын нэгнээс тэтгэврийн нэмэгдлээ авна. Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд улсын төсөвт 18 тэрбум төгрөг тусгасан. Энэ хэмжээндээ багтааж халамжийн тэтгэврийн хэмжээг 188 мянга төгрөг болголоо" гэлээ.

Халамжийн тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хагас болон бүтэн өнчин хүүхэд зэрэг 60 гаруй мянган иргэн авдаг. 16 хүртэлх насны, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 11 мянган хүүхэд сар бүр нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээгээр тусламж авч байгаа аж.

Байнгын асаргаа шаардлагатай иргэн /ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд/ асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие, харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 63 мянга гаруй иргэн сар бүр 76 мянган төгрөгийн тэтгэмж авдаг юм. Эдгээрээс байнгын асаргаа шаардлагатай, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа эхчүүдийн тэтгэмжийг 2019 оны 07 дугаар сарын 01-нээс 114 мянган төгрөг болгон нэмээд байсан билээ. Тогтоолыг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлнэ.

Халамж, тэтгэмжээ нэмж байгаа нь сайшаалтай ч нөгөө талдаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх гол хүчин зүйлс нь болж байгаа нь харамсалтай. Үнийн бодлого, Гадаад валюын ханшийг барих бодлого, Залуучуудыг тууштай дэмжих ажил хөдөлмөр эрхлэхэд нь бодитоор хөрөнгө оруулалт цаг хэдийнээ ирснийг тэд мартчихжээ. Өнөө жилийн сонгуулийг залуус идэвхитэй өгч "мөнгө" далайлагчдыг төрд гаргахгүй хэмээж буй. Халамжаар шоуддаг улс төрчдийн шоу удахгүй амь тасрах биз ээ.