Домогт сагсанбөмбөгч Коби Брайантыг АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийг холбооны /NBA/ шинэ логонд оруулахыг уриалсан цахим өргөх бичгийг нэг сая гаруй хүн дэмжжээ.

Сагсан бөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу тамирчдын нэгд зүй ёсоор тооцогддог К.Брайант өнгөрсөн ням гарагт Калифорни муж улсад нисдэг тэрэгний ослын улмаас амиа алдсан юм. Мөн түүний 13 настай охин Жианна уг ослоор амь насаа алджээ.

“NBA”-н одоогийн логонд Лос-Анжелес Лейкерс багийн тоглогч асан, өдгөө 81 настай Жерри Уэстийн сүүдэр зураг байдаг бөгөөд Алан Сигелийн бүтээсэн уг логог 1971 оноос хойш ашиглаж байгаа юм. 

“Агуу Коби Брайант зуурдаар амиа алдсантай холбогдуулан түүнийг “NBA”-н шинэ логонд үүрд мөнхлөхийг дэмжиж байвал энэхүү өргөх бичигт гарын үсгээ зурна уу? хэмээн “Change.org” цахим хуудсанд нийтэлсэн өргөх бичигт тэмдэглэжээ. Түүнчлэн уг саналыг дэмжигчид К.Брайантын сүүдэр зураг бүхий өөрсдийн бүтээсэн логоны хувилбаруудаа “Twitter” хуудсандаа нийтэлжээ. 

Э.Хулан

Эх сурвалж: Монцамэ агентлаг