УИХ-ын сонгууль ирэх зургадугаар сарын 24-нд болно. Харин одоогоор коронавирусийн улмаас хойшлох эсэхийг Засгийн газар шийдээгүй байна. Харин намууд мөрийн хөтөлбөрөө зах цухаас нь олон нийтэд танилцуулав.

Тэдний мөрийн хөтөлбөрийн амлалтыг чөдөрлөх хуулийн заалт бий гэдэгийг тэд умартсан бололтой. Өөрөөр хэлбэл, биелэгдэшгүй амлалтаас сэргийлэх хуулийн заалт бий гэсэн үг юм. 

Тухайлбал Сонгуулийн тухай хуулийн 38.5-т Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх талаар төрийн аудитын байгууллагаар хянуулж дүгнэлт гаргуулсан байна” хэмээн заажээ.

Энэ нь эдийн засгийн үндэслэлгүй, огт хэрэгжих боломжгүй, санхүүгийн эх үүсвэргүй буюу сонгогчдыг хуурах зорилготой хоосон амлалтуудаас сэргийлсэн хуулийн хамгаалалт юм. Тиймээс сонгогчдын хувьд гол анхаарах зүйл нь аудитын байгууллагын гаргасан дүгнэлтэд анхаарах хэрэгтэй.

Ингээд 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх намуудын мөрийн хөтөлбөрийг танилцуулъя.

 АРДЧИЛСАН НАМ-ын мөрийн хөтөлбөр:

Тус намын мөрийн хөтөлбөр нь  “Монгол өрх хөгжлийн бодлого” нэртэй. Мөрийн хөтөлбөрийн гол чиглэл нь монгол айл өрх бүрийн амьдралын чанарт эрс өөрчлөлт гаргаж, эдийн засгийн  өсөлтийг авч ирэх хөгжлийн хөтөлбөр гэж тодорхойлжээ. АН бүтээдэг, сэтгэдэг, хийдэг хэсгээ дэмжихээр шийдсэн аж. Монголын төр байгалийн баялгаа түүхийгээр нь экспортолдог биш үйлдвэрлэдэг орон болохын төлөө хөгжлийн загвараа тодорхойлсон байна. Эдийн засгийн өсөлт, тэлэлтэд  хамгийн том хувь нэмэр  оруулдаг баялаг бүтээгчид буюу жижиг дунд үйлдвэрлэлээ түлхүү дэмжих. Монгол өрх болгоныг дэлхийн дундаж орлоготой болгоно.  Ингэснээр иргэдийн цалингийн доод түвшнийг  3 сая төгрөгт хүргэнэ. Иргэдийг үнэгүй орон сууцаар хангахыг урьтал болгохгүйгээр  хөдөлмөрийн үр шимээр хамгийн тохилог орон сууцыг худалдан авах орлогыг бий болгохыг зорьж мөрийн хөтөлбөрөө боловсруулжээ.

МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМын мөрийн хөтөлбөр: 

МАХН, ИЗНН, МУНН хамтран “Та бидний эвсэл” нэртэйгээр нэгдэж, мөрийн хөтөлбөрөө боловсруулсан хэмээн танилцуулав. Монгол хүний цалингийн дундаж хэмжээг 5 сая төгрөгт хүргэхээр мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Эдийн засгийн хүндрэл тооцоог маш сайн хийсэн гэв. Тэд мөрийн хөтөлбөрөө бүтэн гурван жилийн турш боловсруулж, эрдэмтэн, судлаач нараар хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Монголын гурван баялаг гэж байх ёстой гэж хөгжлийн бодлогоо тодорхойлжээ.

-Нэгдүгээрт, өргүй монгол хүн эх орныхоо баялаг нь байх ёстой.

-Хоёрдугаарт, өрх бүр орон сууцтай байх ёстой.

-Гуравдугаарт, шударга төр Монголын баялаг байх ёстой. Ингэснээр монгол хүн өрөнд орохооргүй цалин орлоготой иргэдийг бий болгож, өрхийн хувьд орон сууцаар хангагдсан аюулгүй орчинд амьдарна гэнэ. Харин төрийн хувьд авлигаас ангид байж, шударгаар ард түмэндээ үйлчилж чаддаг байх ёстой. Энэ бүгд дөрвөн жилийн дотор биелэх бүрэн боломжтой аж. 

ШИНЭ ЭВСЭЛ намын хөтөлбөр:

-Авлигад идэгдсэн, нөлөөнд автсан хууль, хяналтын салбарт их цэвэрлэгээ хийнэ.
-Авлига, албан тушаалын гэмт хэргийг хөөн хэлэцэх хугацаагүй болгож, түүний хамаарал бүхий этгээдүүдийг төрд ажиллахыг хориглоход чиглэж байгаа ажээ. Мөн банк, санхүүгийн монофоль тогтолцоог задалж, ард иргэдээ санхүү, зээлийн хүүгийн боолчлолоос чөлөөлөхийг тусгажээ. Түүнчлэн өнгөрсөн 30 жилийн хугацаанд хуримтлагдсан 30 тэрбум долларын өрийг 3 сая ард иргэдээр биш 30 гэр бүл, тэдний хамаарал бүхий этгээдүүдээр төлүүлэх "Өргүй монгол" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Улмаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг үргэлжлүүлэн хийж улс төрийн намыг хатуу гишүүнчлэлгүй болгож, намчирхал, талцлыг зогсоохоо амлажээ.

-Стратегийн орд газруудыг ард иргэдэд өмчлүүлж баялагийн хувьсгал хийнэ.
-Экспортыг дэмжсэн " Хөгжлийн хүрд" хөтөлбөрийг боловсруулан нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэн 200 мянга ажлын байр бий болгохоо мөрийн хөтөлбөртөө тусгажээ.