Хэрвээ та намхан нуруутай, махлаг биетэй бол, хэрвээ та солгой гартан биш бол, хэрвээ та нохой тэжээдэг бол Шведийн “Illustrerad Vetenskap” сонин танд “таагүй” зүйл дуулгах нь. Оюуны өндөр чадавхи нь хүмүүсийн санаанд оромгүй зан төлөв, дадал зуршилтай ямар уялдаа холбоотой байдаг вэ гэдгийн учрыг олохын тулд эрдэмтэд олон жилийн турш судалгаа хийсээр иржээ. Одоо тэдгээрээс нэгэн судалгааны дүнг сонирхуулъя.

Уг судалгааны явцад хүний бие бялдар, дадал зуршил, хувь хүний мөн чанартай холбоотой дор дурдсан 8 шинж тэмдэг нь оюуны өндөр чадавхитай холбоотой байж магадгүй гэдгийг эрдэмтэд тогтоожээ.

Гэхдээ үүнд ямар нэгэн шалтгаан-үр дагаврын холбоо байхгүй гэдгийг дурдах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, нийтлэлийн эхэнд дурдсаны эсрэгээр та гэнэт муур тэжээдэг болж, гэнэт турж эсвэл баруун гараараа бичихээ больчихвол ухаантай болно гэсэн үг биш ээ.

 

Ингээд таныг бусдаас илүү ухаантай гэдгийг илтгэх 8 зан төлөв, дадал зуршлыг нэг бүрчлэн дурдая.

 

1. Хэрвээ та тамхи татдаггүй бол

2010 онд Израильд явуулсан судалгаанд 18-21 насны 20 мянган залуу эрэгтэйчүүд хамрагдсан бөгөөд тамхидалт ба оюуны чадавхийн хооронд ямар харилцан хамаарал байдгийг тодорхойлох зорилготой байсан аж. 

Судалгааны дүнг үзвэл, өдөрт дор хаяж нэг ширхэг тамхи татдаг хүн IQ-гийн сорил өгөхдөө тамхи татдаггүй хүнээс 7-гоор цөөн оноо авчээ. Тамхичдын дундаж IQ нь 94 байсан бол тамхи татдаггүй хүмүүс 101 оноо авсан аж. 

 

2. Хэрвээ та муур тэжээдэг бол

Хэрвээ та нохойноос илүүтэй муур тэжээхийг хүсдэг бол таны IQ нэлээд өндөр байх нь. 2014 онд АНУ-ын Жон Кэрролын их сургуульд явуулсан судалгааны явцад 600 оюутан IQ-гийн сорилд оролцсон бөгөөд үүний дараа тэднийг мууранд хайртай, нохой тэжээх дуртай хүмүүс гэсэн хоёр хэсэгт хуваасан байна.

Судалгааг удирдсан Дениз Гастелло ярихдаа “өөр өөр зан төлөвтэй хүмүүс өөр өөр амьтан тэжээх сонирхолтой байдаг гэсэн таамаг бий.  Оюуны өндөр чадавхи ба мууранд хайртай байх гэсэн хоёр зүйлийн хоорондын хамаарал нь дээрх таамгийн шууд тусгал нь болж байна” гэлээ. “Нохой тэжээдэг хүмүүс голдуу нийтэч, экстроверт хүмүүс байдаг бол интроверт буюу зан авир нь гаднаа илэрдэггүй хүмүүсийн хувьд тэд гэртээ ном уншихыг илүүд үздэг. Учир нь, муурнууд гадагшаа гарахыг шаардаад байдаггүй шүү дээ” хэмээн судлаач ярьж байна.

 

3. Хэрвээ та өндөр нуруутай бол

Статистикийн ерөнхий дундаж үзүүлэлтүүдийг харвал, өндөр нуруутай хүмүүс илүү өндөр боловсрол эзэмшиж, илүү нэр хүндтэй, цалин өндөртэй ажил хийх нь түгээмэл байдаг.

Англи болон АНУ-аас ирүүлсэн их хэмжээний мэдээлэлд тулгуурлан Принстоны их сургуулийн эрдэмтдийн 2006 онд хийсэн судалгаагаар нурууны өндөр ба IQ-гийн хоорондын хамаарлыг тогтоож байжээ.

3 наснаас эхлээд, өөрөөр хэлбэл боловсролын систем хүүхдэд нөлөөлж эхлэхээс өмнө болон хүүхэд ахуй насны амьдралын туршид нуруугаар өндөр хүүхдүүд танин мэдэхүйн сорилд илүү амжилттай дүн үзүүлж байсан гэх дүгнэлтийг эрдэмтэд хийжээ. 

 

4. Хэрвээ та айлын ууган хүүхэд бол

Айлын хамгийн том хүүхэд ихэнхдээ хамгийн ухаалаг нь байдаг. Энэ бол Лейпцигийн их сургууль болон Майнцын их сургуульд явуулсан өргөн хэмжээний судалгааны дүгнэлт бөгөөд уг судалгааг АНУ, Англи, Германаас ирүүлсэн мэдээллүүдэд тулгуурлан хийжээ. 

Тухайн айлд хэддэх хүүхэд болж төрөх ба оюуны чадавхийн үзүүлэлтийн хооронд шууд хамаарал байдаг болохыг эрдэмтэд 2015 онд тогтоосон байна. Тодруулбал, шинээр хүүхэд төрөх бүрт түүний IQ нь өмнөх хүүхдүүдийнхээс буурсаар байжээ. Гэсэн хэдий ч айлын хэддэх хүүхэд вэ гэдэг нь түүний хувь хүний хөгжилд огт нөлөөлдөггүй /өмнө нь нөлөөлдөг гэж үзэж байсан/ болой.  

 

5. Хэрвээ та солгой бол

Энэ нь зөвхөн эрчүүдэд хамаатай бөгөөд оюуны чадавхтай холбоотой байдал нь илүү тод харагдаж байжээ!

Стандарт бусаар, бүтээлчээр сэтгэх нь IQ өндөртэй гэдгийн шууд илэрхийлэл биш л дээ, гэхдээ ийм сэтгэлгээ нь оюуны чадавхитай олон талаар холбоотой байдаг ажээ. Ялангуяа солгой эрчүүдийн дунд ийм чадвар сэтгэлгээтэй хүмүүс илүү олон байдаг гэнэ. Үүнийг Канад дахь Британийн Колумбын их сургуульд хийсэн судалгааны дүн харуулж байна.  

Солгой эрчүүдийн бүтээлч, хийсвэр сэтгэлгээ нь илүү хөгжсөн байдаг гэдэг нь бүр 1995 онд батлагдсан аж. Судалгаанд оролцсон солгой эрчүүдийн тоо олон байхын хэрээр энэхүү уялдаа хамаарал илүү тодорхой болж байжээ.  Харин эмэгтэйчүүдийн хувьд ийм хамаарал огт ажиглагдсангүй.

 

6. Хэрвээ та хөгжим тоглодог бол

Хүүхдүүдийн хөгжмийн боловсрол ба хэл ярианы  чадавхийн хооронд ямар хамаарал байдаг вэ гэдгийг 2010 онд Канадын Торонто хот дахь Ротманы хүрээлэнгийн эрдэмтэд судалсан байна. 

Үүний тулд 4-6 настай нэг хэсэг хүүхдэд нэг сарын хугацаанд хөгжмийн хичээл заагаад нөгөө бүлгийнхэнд нь дүрслэх урлагийн хичээлийг голчлон заажээ. Судалгааны дүн үнэхээр гайхалтай байлаа. Хөгжмийн зохих боловсролтой болсон хүүхдүүдийн 90 хувийнх нь хэл ярианы чадавхи “дүрслэх урлаг”-ийн бүлгийн хүүхдүүдийнхтэй харьцуулахад ердөө 20 хоногийн дараа эрс сайжирсан байна.  

 

7. Хэрвээ та илүүдэл жингүй бол

Дунд эргэм насны эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн биеийн жингийн индекс /БЖИ/ ба тэдний ой тогтоолт, хэл ярианы чадавхийн хооронд уялдаа хамаарал байдаг болохыг Францын Тулузын их сургуулийн эрдэмтэд 2006 онд тогтоожээ.

Судалгааны явцад 32-62 насны 2223 эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дунд цээжилж тогтоох, таних, харсан үгээ сэргээн хэлэх сорил явуулсан байна.

БЖИ ихтэй хүмүүсийн хувьд БЖИ багатай хүмүүстэй харьцуулахад сорилын үзүүлэлт нь дунджаар 27 хувиар доогуур байсан ба БЖИ их байх тусам уг ялгаа улам их болж байжээ. 

Харин 1996 ба 2001 онуудад туршилт хийсэн эрдэмтдийн баталж байгаагаар, та хэсэг хугацаанд турж эсвэл таргаллаа ч гэсэн таны оюуны чадавхи өөрчлөгдөхгүй болой!

 

8. Хэрвээ та хар тамхи татаж үзсэн бол

IQ өндөртэй хүүхдүүдийн хувьд тэдэнд IQ доогуур хүүхдүүдтэй харьцуулахад хар тамхи татаж үзэх гэсэн сонирхол илүү байдаг гэнэ. Гэхдээ оюуны чадавхи өндөртэй хүүхдүүд харьцангуй хожуу насандаа хар тамхи татаж үзсэн байдаг ажээ. Үүнийг Кардиффын их сургуулийн эрдэмтэд итгэлтэйгээр баталсан бөгөөд тэдний явуулсан судалгаа нэлээд маргаан дагуулсан аж. 

2012 онд хийсэн уг судалгаанд нийт 6713 хүн хамрагдаж,  тэдний IQ-г эхлээд 11 насанд нь, дараа нь 42 насанд нь дахин тодорхойлж үзжээ. Судалгааны дүнг хар тамхины тал дээрх тэдний “туршлага”-тай харьцуулахад хоорондоо илэрхий хамааралтай байгаа нь тогтоогдсон байна. Тухайлбал, хэд хэдэн төрлийн хар тамхи татаж үзэж байсан хүмүүсийн IQ нь дунджаар 15 нэгж хувиар илүү байсан гэнэ. 

Эл хамаарал эмэгтэйчүүдэд илүүтэй ажиглагджээ. Энэ нь оюуны өндөр чадавхи ба эрсдэлтэй зан үйлд автагдах /ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд/ байдлын хооронд шууд хамаарал бий гэдгийг харуулж байна.

 

Б.Адъяахүү

montsame.mn

https://inosmi.ru/science/20200331/247163732.html