Лу.Гантөмөр: Бүх түвшинд нэн яаралтай авлигыг зогсоож, үнийн өсөлтийг тогтворжуулах хэрэгтэй байна
10 минутын өмнө

АН-ын дарга асан, УИХ-ын гишүүн Лу.Гантөмөртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ерөнхийлөгч үүрэгт ажлаа өгөхдөө төрийн тогтолцооны асуудлыг хөндөж, Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, эсвэл парламент хоёр танхимтай болж, Ерөнхийлөгчөө сонгодог байх уу гэдгээ ард түмнээсээ асуу гэж хэлсэн. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Монгол Улс бол ардчилсан тогтолцоотой, парламент засаглалтай орон. Энэ утгаараа төрийн тэргүүн буюу Ерөнхийлөгчийн сонгуулиа явуулах ёстой. Түүнээс биш асуудал тогтолцоонд байхгүй. Харин шударга бус зүйлд л оршиж байгаа юм. Энэ утгаараа Ерөнхийлөгчийн сонгуулийг шударга явуулах хэрэгтэй. Хулгай, дээрэм, мөнгө тараалтгүйгээр сонгуулийг шударгаар зохион байгуулах ёстой болохоос биш, үүнийгээ шийдэж чадаагүй байж шууд ард түмэн гэж санал асуулга руу халтирч ерөөсөө болохгүй. Нөгөөтэйгүүр санал асуулга гэдэг бол тайван цагт хийдэг ажил. Гэтэл өнөөдөр Монгол Улс хулгай, дээрэм, үнийн өсөлтөд тулчихсан байна. Засгийн газар хулгай, дээрэм, авлигыг хэрхэн зогсоож, үнийг бууруулах вэ гэдэг бодлогоо яаралтай гаргах хэрэгтэй. Үнийг бууруулна гэдэг асуудлыг мөнгөний бодлогоор шийдэх боломжгүй болсон. Дааж давшгүй төсөв баталчихсан. Одоо нэг л арга байна. Тэр нь бүх түвшинд авлигыг зогсоож, үнийн өсөлтийг тогтворжуулах хэрэгтэй. Улстөрчид ирж, буцаж байдаг. Харин ард түмний амьдрал тогтвортой байх ёстой. Монгол хүн өөртөө эзэн байх хэрэгтэй.
-Монгол хүнийг өөрийнхөө амьдралд эзэн байхад юу саад болж байна вэ?
-Хүнд суртал, авлига хээл хахууль, арын хаалга байна. Энэ гурван асуудлыг бид өнөөдөр ямар ч тогтолцоон дээр шийдэж болно. Авлига тогтолцооны шинжтэй болсон гэдэг нь үнэн. Гэхдээ тогтолцооны шинжтэй болсон авлигаа засахгүйгээр Үндсэн хуулийнхаа тухай нийтээрээ маргаан руу халтирч орж болохгүй. Энэ бол гол асуудлаас анхаарал сарниулж байгаа хэрэг.
Тийм учраас бид яг ямар асуудал тулгарав, юу болов, юу болоод өнгөрөв, цаашдаа юу болох вэ гэдгээ харах ёстой. Хамгийн чухал зүйл бол монгол хүний ахуй, монгол хүний амьдрал, монгол хүний мөрөөдөл. Өнөөдөр монголчууд мөрөөдөлгүй болчихоороо гадагшаа яваад байна. Тэгэхээр бид сэдвээ хазайлгаж ерөөсөө болохгүй. Үнийн өсөлт бол өнөөдрийн Монголын зовлон. Авлига ч мөн адил зовлон болсон. Энэ хоёр асуудлыг шийдэх чадвар өнөөдрийн парламентад бий. Тиймээс парламентаа ажиллуулах хэрэгтэй.
-Парламентаа ажиллуулах хэрэгтэй гэж та хэлж байна. Гэтэл олон нийтийн хувьд парламентад итгэх итгэл нь өдрөөс өдөрт суларч байна. Суларч байгаагийн гол шалтгааныг та юу гэж харж байна?
-Сүүлийн үед өрнөж байгаа улс төрийн үйл явцаас нэг л зүйл харагдаж байгаа юм. Тэр нь бид хуулийн байгууллагыг хэрхэн бие даалгах вэ, хуулийн байгууллага хараат бусаар ажиллах нөхцөлийг яаж бүрдүүлэх вэ гэдэг асуудал хамгийн чухал байна. Хуулийнхан ямар нэгэн гадны нөлөөгүйгээр, тэр дундаа дарга нарын дарамт шахалтгүйгээр ажиллах боломжийг бид өгч чадах уу. Энэ л хамгийн том асуулт. Үүнийг шийдэж чадвал дараагийн асуудлууд ч шийдэгдэнэ. Үүнийг шийдэж чадвал төрд итгэх ард түмний итгэл сэргэнэ. Үүнийг шийдэж чадвал шударга ёс тогтоно. Үүнийг шийдэж чадвал хуулийн хэрэгжилт сайжирна. Хамгийн чухал нь Ерөнхийлөгч нь хэн байх, Ерөнхий сайд нь хэн байх юм гэдгээс үл хамаараад Монгол орон амгалан тайван, урагшаа алхах боломжтой болно. Миний зүгээс харж байгаа гол зүйл бол сонгууль, улс төрийн үйл явцын өрнөл дунд ард түмэн нь ядуурч болохгүй гэдэг асуудал. Тийм учраас Монголын парламент авлигыг хэрхэн зогсоох вэ гэдэг асуудлаар маш яаралтай комисс гаргаж, эхлээд үүнийгээ шийдэх хэрэгтэй. Мэдээж хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагааг бид зөв зохион байгуулж, мөрдөгчдөд өөрийн гэсэн эрх чөлөөтэй ажиллах боломжийг нь олгочихвол тэр залуучууд энэ авлига, хулгайн бүх хэргийг илрүүлээд гаргаад ирнэ. Түүнээс биш энэ ордон дотор хэрэг илрэхгүй.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил эхэлж байна. Та Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү. АН-ын дотоод сонгуулийн явц ямар байгаа вэ?
-Ерөнхийлөгчийн сонгуулийг бид арванхоёрдугаар сарын 20-ноос өмнө зарлаж, гуравдугаар сард багтаагаад шинэ Ерөнхийлөгчөө сонгоно гэж байна. АН дотоод сонгуулиа зарласан. Өнөөдрийн байдлаар гурван хүн нэрээ бүртгүүлж, байр сууриа илэрхийлсэн. Миний бие болон Н.Алтанхуяг, Д.Ганбат. Энэ гурван хүн нэрээ зарласан. Одоо дотоод сонгуулиа хэрхэн явуулах талаар нэлээд нарийн ажилдаа орох байх. МАН хэдийнэ сонгуулийнхаа ажилд орчихсон байгаа. Тэр бол тодорхой. Тэгээд саяны үйл явдал бол дараагийн Ерөнхийлөгчийг МАН-аас сонгуулахын төлөө хийж байгаа улс төрийн алхмууд л гэж харагдаж байгаа гэдгийг хэлье. Зарим хүмүүс нь асуудлаа өөр дээрээ үүрээд гарч, “За, залуучууд минь, та нар ялаарай” гэсэн дүр зураг харагдаж байна. Тийм учраас АН ч гэсэн өнөөдрөөс үйл ажиллагаагаа чамбайруулж, амралтын өдрүүдээр сонгуулийн комиссуудаа хуралдуулан ажилдаа орох хэрэгтэй. Хамгийн гол нь сонгууль шударга болох ёстой. Сонгуулиас болоод ард түмний амьдрал улам дордох ёсгүй.
-Тогтолцооны өөрчлөлт хийх шаардлагагүй гэж ойлголоо. Нөгөөтэйгүүр Төрийн өндөр албан тушаалтныг хуулийн байгууллага хэрхэн шалгах ёстой бол. Угтаа хууль бүх хүнд тэгш үйлчилнэ гэдэг зарчим бий ч хэрэгжихгүй байна л даа...?
-Одоо тогтолцоо ярьж, эсвэл хэрэг төвөгтэй холбоотой нарийн ширийн асуудлыг хөндөх төдийд энэ ордон дотор талцал үүсч, эрх баригчдыг хамгаалсан том бүлэг бий болох гээд байна. Тэгэхээр бид асуудал юунаас үүссэнийг эхлээд харах хэрэгтэй. Авлига, хээл хахууль, арын хаалганаас энэ асуудал үүссэн. Би нэг зүйлийг өмнө хэлдэг байсан. Тэрийгээ одоо сануулаад хэлье. Төрийн өндөр албан тушаалтнууд өдөрт хэнтэй уулзсанаа бүртгэж, олон нийтэд зарладаг болъё гэж. Энэ маш чухал зүйл. Энгийн атлаа хамгийн чухал зүйл шүү. Жишээлбэл, УИХ-ын дарга С.Бямбацогт Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр сонгогдлоо. С.Бямбацогт хэнтэй уулзаж байгаа тухай мэдээлэл олон нийтэд ил тод байдаг бол Ерөнхийлөгч хүн элдэв хэрэг төвөгтэй холбоотой асуудлаар хэн нэгэнтэй уулзаж, ярилцахад олон нийтийн хардлага төрөхгүй шүү дээ. Тийм биз.
-Та өмнө нь хэвлэлд мэдээлэл өгөхдөө хууль, хүчний байгууллагуудад блокчэйн технологи нэвтрүүлье гэж ярьсан. Энэ ямар учиртай технологи юм бэ?
-Блокчейн технологи гэдэг нь мэдээллийг нэгэнт бүртгэсний дараа хэн нэгэн дур мэдэн өөрчлөх, устгах боломжгүй байдлаар олон цэгт зэрэг хадгалдаг технологи юм. Энгийнээр тайлбарлавал, мэдээллийн цахим бүртгэлийн дэвтэр гэж ойлгож болно. Нэг мэдээлэл бүртгэгдсэн бол түүний дараагийн өөрчлөлт бүр түүх болон үлддэг. Уг технологийг хууль сахиулах, шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд ашиглаж байгаа улс орнууд бий. Хэрэв мөрдөн шалгах ажиллагаанд блокчейн технологи ашигладаг болчихвол мөрдлөгийн явцад ямар нэгэн байдлаар хазайх, өөрчлөгдөх боломжгүй болно. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад бүртгэгдсэн бүх материал Монголын төрд үлдэнэ гэсэн үг. Өнөөдөр ямар нэгэн хэрэг, мөрдлөгийн материал дарагдсан байлаа гэхэд хоёр, гурав, таван жилийн дараа төр засаг солигдоход ч тухайн материал нь хэвээрээ байж байх ёстой. Мөрдлөг хийх, ялангуяа цагаан захтнуудын хэргийг илрүүлэх амаргүй ажил. Цаг хугацаагаар шахаж, дарамталж ажил хийлгэнэ гэдэг маш буруу. Эрх зүйн орчныг нь бүрдүүлээд блокчейн технологи ашиглах боломж өгчихвөл ямар ч мөрдлөг замын дундаас замхарч алга болохгүй. Тийм учраас бид юуны өмнө мөрдөгчдийг гадны нөлөөгүйгээр ажилладаг байлгахын тулд яах ёстой вэ гэдгээ маш сайн бодох хэрэгтэй.
-Өндөр албан тушаалтнуудын хэрэг дарагддаг, харин жирийн иргэнд хууль хатуу үйлчлээд байна гэдэг шүүмжлэл нэмэгдэх болсон...?
-Асуудлыг дахиад хэлэхэд, хэвлэлийнхэн та бүхэн дөрөв дэх засаглалынхаа хувьд нэг зүйлд анхаармаар байна. Мөрдөгчдийг хэрхэн шударга ажиллуулах вэ, тэр залууст гадны нөлөө оруулахгүйгээр хэргийн араас явах боломжийг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Хугацаа орно шүү. Эрх баригчдыг шалгана гэдэг тийм амар зүйл ерөөсөө биш. Би АТГ ажлаа хийхгүй байна гэж хэлэхгүй. Харин гадны нөлөөгүйгээр ажлаа хийгээсэй л гэж хүсэж байна. Гадны нөлөөгүй ажиллаж чадвал асуудал шийдэгдэнэ. Харин тэгж чадахгүй бол хэрэг дарагдана.
Э.МӨНХТҮВШИН
ӨДРИЙН СОНИН






