Ардчилсан намынхан өнгөрсөн долоо хоногт оффшор данстануудыг сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байлаа. Тодруулбал АН-ын дарга З.Энхболд өөрийн цахим хуудсаараа "5-р сарын 23-наас УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх ажил эхлэнэ. Оффшор бүсэд данстай хүнийг Ардчилсан Нам нэр дэвшүүлэхгүй. Бусад намууд ч гэсэн нэр дэвшүүлэхгүй байхыг уриалж байна." хэмээн мэдэгдэл хийж байв. Үүнд нь олон хүн баярласан. Гэвч олон нийтийг баярлуулан гомдоож, сэтгэл зүйгээр тоглоод өнгөрсөн бололтой юм. Өөрөөр хэлбэл оффшор данстай гэгдээд байгаа С.Баярцогт Сэлэнгэ аймагт нэр дэвшихээр болсон байна.

Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын хорооны 33-р хуралдаанаар УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны тэргүүн Л.Цандэлэг нарыг дэвшүүлэхийг дэмжсэн. Ингэснээр тэд УИХ-ын сонгуулийн 25, 26,27-р тойрогт нэр дэвших албан ёсны эрхтэй боллоо.

УИХ, Засгийн газрын гишүүн С.Баярцогт 2013 онд нэг сая ам.доллараа Швейцарын дансанд хадгалуулаад түүнийгээ мартсан хэмээн мэдэгдэж тухайн үедээ нэлээд шуугиан дэгдээж байсан. Мөн тухайн байршуулсан дансаа нээлгэхдээ өөрийгөө Хятадын Монгол хэмээн бичсэн байсанд олон нийт ихээхэн эгдүүцэж байсан юм. Үүний дараа С.Баярцогт тодорхой тайлбар хэлээгүй бөгөөд санаандгүй бөглөчихсөн гэх зүйлийг хэлсэн байдаг. Харин манай сурвалжлагч С.Баярцогтоос оффшор дансныхаа талаар тодруулахад:

- Та оффшор дансныхаа талаар тайлбар өгөхгүй юу?

- Албан ёсоор мэдээлэл өгнө. Яг одоо бол өгөхгүй.

- Таны Хятад нэрийг Mr.Leo Shiu гэдэг юм уу?

- Тийм юм байхгүй. Гүтгэлэг юм чинь би яах юм бэ?

- Таныг Хятад гэх юм билээ?

- Худлаа. Гэж мэдэгдэж байсан.

Харин С.Баярцогт 2008 онд Монгол Улсын Сангийн сайд байхдаа Их Британийн Виржинийн арлууд дээр “Legend Plus Capital Limited” хэмээх нууц компанийг байгуулсан, Швейцарийн банкинд данс нээж 1 сая ам.доллар хийсэн, 2.5 сая ам.долларын нууц хөрөнгийн нотлох баримт нь олдсон гэх мэдээллүүдийг дэлхийн нэр бүхий хоёр байгууллагын хамтарч гаргасан мэдээллээс харж болно.

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн эрхэм С.Баярцогтын асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ “...С.Баярцогтын асуудал гэхээр нэг хувь хүн, нэг иргэн, нэг гишүүн орлогоо мартсан юм уу, нуусан тухай асуудал биш. Монгол төрийн Сангийн сайд нь гадаадад нууц компанитай, нууц данстай байсан тухай асуудал. Тэгэхээр Монгол төрийн ёсзүй, ёс суртахууны асуудал энд босч ирнэ. УИХ дээр энэ талаас нь үнэлж, дүгнэж ярьсангүй. С.Баярцогт гэж хүнийг хэлэлцэх тухайгаа шийдэх л гэж жаахан жонхуу хутгаад өнгөрлөө. Ер нь төрийн сайд хүн өөрийнхөө улс орны нэрийг бичихдээ бусад орны харьяат улсын байдлаар биччихээд тэрэн дээрээ гарын үсэг зурна гэдэг чинь бие даасан хариуцлагын асуудал яригдах ёстой. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаа тэдгээр баримтуудыг харахад бүх баримтан дээр хөх чернилиэр гарын үсэг зурсан байсан. Гэтэл өөрөө тэр талаар юу ч мэдэхгүй, цаад банк нь буруутай юм шиг яриад байдаг. Уг нь бултахын аргагүй л баримтууд байна лээ. Энэ нь анхнаасаа л бохир гэдэг нь харагдаад байгаа юм. Миний бодоход С.Баярцогтын асуудлаас монгол төрийн хийх гол дүгнэлт бол ер нь төрийн албанд байгаа улсууд даяаршсан ертөнцийн ололтуудыг буруу тийш нь ашиглаад өөрсдөө гадагшаа хөрөнгөө зөөж компаниуд байгуулж, гадны компаниудад үйлчлээд явах юм бол Монгол улсад хохиролтой гэдгийг ойлгох цаг болж. Энэ бол зүгээр яриад өнгөрөх асуудал биш.УИХ үүнд хариуцлагатай хандсан бол нэгдүгээрт, төрийн өндөр албаны хүмүүс, Ерөнхийлөгчөөсөө эхлээд агентлагийн дарга нар хүртэл бүх хүмүүсийн гадаадад байршуулсан мөнгө, данс, эзэмшиж байгаа хувьцаа, үл хөдлөх хөрөнгийн тухай мэдээллийг тусад нь гаргуулж авах тухай асуудал байх ёстой. Гадаад орнуудад юу байна вэ гэдгийг маш нарийн шалгах ёстой. Жишээ нь, ОХУ-д Засгийн газрын гишүүдийг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан тушаалтнуудыг гадаадад данстай байхыг, гадны хувьцаа эзэмшихийг хориглолоо. Ер нь төрийн өндөр албан тушаалтнууд гадаадад хөрөнгө мөнгө байршуулахыг зөвшөөрөх үү гэдгийг шийдэх ёстой. Гэтэл ийм зарчмын асуудлуудаа хэлэлцсэнгүй. Тэгэхээр С.Баярцогтын асуудал зэрэмдэг шийдэгдсэн. Цаашдаа яригдах байх. С.Баярцогт гэдэг хувь хүний улс үндэснийхээ эрх ашигт хандсан хандлагын асуудал бол ганцхан энэ данстай холбоотойгоор биш, ганц Оюутолгойтой холбоотойгоор биш өөр бусад асуудлуудтай холбоотойгоор ч яригдах үндэслэлүүд байгаа... С.Баярцогтынх шиг ийм асуудал дээр нийгмийн талаасаа маш хурц шаардлага тавьж, төрийнхнийг хаших хэрэгтэй. Нөгөө талаас Ерөнхийлөгч, шударга ёсны төлөө тэмцэх үүрэгтэй бүтцүүд болох АТГ, шүүх, хяналтынхан, эдийн засгийн цагдаагийнхан ажиллах ёстой... Ер нь бол эрх мэдэл бүхий байгууллагууд нь тайлбар өгөөгүй цагт С.Баярцогтын амаар монгол түмэн итгэл үнэмшил олохгүй гэдгийг хэлэх нь зөв юм. Энгийнээр бодоход С.Баярцогт гэдэг хүний дансанд хаанаас мөнгө орсон юм. Юунд зарцуулагдсан юм. Нөгөө талаас хамтарсан нөхдүүд гээд байгаа нь хэн юм бэ. Тэр хүн яагаад тэр бланкан дээр Mongolia, China гэж бичсэн юм. Энэ мэт асуудлууд дээр эрх мэдэл бүхий байгууллагууд тайлбар өгөх ёстой.” хэмээн ярьж байв.

Ардчилсан намын дарга З.Энхболд та нэр дэвшүүлэхгүй гэсэн чинь хаана байна? Ийм хүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх нь зөв үү? С.Баярцогтыг сонгох нь зөв үү? Бодох л асуудал...