УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тогтоолын төслийг өнөөдөр Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар гишүүн өргөн барилаа.

Энэхүү төсөлд 39 гишүүн гарын үсэг зурсан бөгөөд нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өргөн барьсан юм. Энэ талаар Л.Оюун-Эрдэнэ гишүүн, “Тогтоолын төслийг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг УИХ-ын даргаас хүссэн ч ирэх долоо хоногийн мягмар гарагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх ёстой гэсэн тайлбар хэлсэн. Энэ асуудлыг өнөөдөр байнгын хороо, чуулганаар хэлэлцэх боломжтой гэж бид үзэж байгаа. Тиймээс бид одоо чуулганы нэгдсэн хуралдааны үеэр уг тогтоолыг өнөөдөр хэлэлцэх горимын санал гаргахаар төлөвлөж байна. Хэрэв бидний саналыг хүлээж авахгүй бол өнөөдрийн чуулганыг “бойкотлох” нөхцөл үүснэ” хэмээв.