Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа дахин нэг хэрэгт яллагдагчаар татагджээ. Энэ удаад Д.Жигжиднямаа өөрийнхөө хувийн компани онц их хэмжээний татвараас зайлсхийсэн хэрэгт яллагдагчаар тооцжээ. 

Д.Жигжиднямаа нь олон улсын тээвэр зуучийн “Фрейт коммодити консалтанс” компанийн захирлаар ажилладаг байсан бөгөөд өдгөө 33 хувийг нь эзэмшдэг аж. Тэрбээр 2013-2017 онд татварт 350 гаруй сая, НӨАТ-т хоёр тэрбум гаруй, аж ахуйн нэгжийн орлогын албан татварт нэг тэрбум төгрөг улсад төлөөгүй хэмээн татварын байцаагч акт тогтоосон байна. Баянгол дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч 2018 оны зургадугаар сард гаргасан дүгнэлтдээ хууль зөрчиж, 2013-2017 онд онц их хэмжээний татвар төлөөгүй гээд хүү, торгууль, алдангийг нь тооцсон гэнэ. ШШҮХ-гийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн шинжээчид хоёр ч удаа дүгнэлт гаргасан аж. Улмаар хууль сахиулах байгууллагынхан Д.Жигжиднямааг дөрвөн тэрбумын татвараас зайлсхийх зорилгоор 406 сая гаруй төгрөгийн татвар төлөх орлого, эд хөрөнгө, бараа, үйлчилгээг зориуд худал тодорхойлсон хэмээн буруутган шүүхэд шилжүүлэхээр болсон аж. 
Д.Жигжиднямаагийн хувьд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст оффшор бүсэд бүртгэлтэй компаниар дамжуулан УБТЗ-д ОХУ-д үйлдвэрлэсэн зам засварын машин өндөр үнээр худалдан авсан, хууль зөрчин 1000 ширхэг актлагдсан ачааны вагон оруулж ирсэн гэх хэрэгт шалгагдаж байгаа. Уг хэргийн мөрдөн байцаалтын ажил дуусаагүй байгаа юм. 
Д.Жигжиднямаагийн холбогдсон хэргүүдийн талаар бид эргэж мэдээлэх болно.